
Хүүхдүүддээ “Алтан загасны үлгэр”-ийг уншиж өгч байгаад өвгөнийг биш эмгэнийг гэнэт өрөвдөх шиг болов.
Та нар өөрсдөө бодоод үз л дээ. Хөөрхий эмгэн хөгшинтэйгөө 33 жил амьдран суухдаа өмч хөрөнгө гэхээр юм юу хурааж вэ? Хагархай тэвш, навтгар байшин хоёр л байгаа биз дээ!
Ер нь ч тэгээд тэр "эмгэн" биш юм билээ ш дээ. 17-тойдоо хадамд гарсан гэж бодоход дөнгөж 50-тай эмэгтэй юм билээ. Тэрээр тэр олон жил өвгөнийхөө хоол цайг хийж, уранхай цоорхойг нь оёж, угааж арчиж, өөдөөс нь зөрж ч үзээгүй биз.
Өвгөнд бол навтгар байшин, хагархай тэвш, байцаатай шөл, кааш байхад л “хавааск” байж. Загас жараахай баригдах нь ховор тул махтай шөлтэй хоолны бараа бараг хардаггүй байсан биз. 33 жил болоход тэвшээ сольчихож чадаагүй хүн чинь шинэ байшин савны тухай бол яриад ч хэрэггүй!
Ганц удаа түүнд аз дайрч (Бурхан дээрээс хараад өрөвдсөн байх л даа) алтан загастай таарсан чинь өвгөн яасан? Алтан загас “Юу хүссэнийг чинь зүгээр өгье” гээд байхад ядаж ганц юм гуйж болно доо! Гэтэл худлаа нэрэлхээд юу ч гуйгаагүй. Бас болоогүй ээ, алтан загсыг зүгээр тавьж явуулснаа “гавьяа” байгуулсан мэтээр эмгэндээ ярьж л байдаг!
Энэ тохиолдолд 30 гаран жил хэдэн хуруугаа эвэрштэл утас ээрч, алгаа зулгартал юм угаасан эмэгтэй хүн яах вэ? Мэдээж шинэ тэвштэй больё гэж бодно ш дээ! Араас нь шинэ байшин, дараа нь загасанд явсан өвгөнөө эргэж ирэхийг нь хүлээн утас ээрч суухдаа дотроо хүсэж мөрөөддөг байсан бүхнээ гуйж авна.
Дээр нь өвгөнөөсөө амьдралд юм юмнаас дутааж нулимсыг нь барсны хариуг авч, түүнийг албат хамжлагуудаараа хөөлгөнө. Алтан загаснаас хүссэн бүхнээ асар богино хугацаанд авахадаа нэгэнт л "хүссэн бүхнийг чинь өгье... үнэгүй" гэсэн юм чинь яагаад сурвалжит авхай, цаашлаад бүр хатан хаан болж болохгүй гэж? Бас л сэтгэж байгаа юм шүү! Элдвийн дүрд орж тоглоод л...
Тэгсэн өвгөн яасан? Эмгэнийхээ эцэс төгсгөлгүй фантааз, зах хязгааргүй шуналыг зогсоох зүрх, чадал нь хүрэхгүй арчаагүй царайлж байгаад хамжлагуудад нь ташуурдуулаад л, хохь нь ээ!
Гэхдээ шунал ихэдвэл шулам болно гэдгийн үлгэрээр хөөрхий эмгэн даварсаар даварсаар эцэст нь өвгөн, хагархай тэвш, навтгар муу байшинтайгаа л үлдлээ. Гэхдээ л би түүнийг өрөвдөөд байна.
Орчуулсан: Өлзийбатын Уянга
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Зочин
(23.16.173.144) 2021-11-16 08:15Энэ хүн өөрөө алтан загасны эмгэн шиг шуналтай хүн учираас ингэж бодож байна.
Хариулах