TikTok-ийн Гүйцэтгэх захирлын сонсгол 5 цаг үргэлжлэв

Twitter Print
2023 оны 03-р сар 25-нд 12:34 цагт
Мэдээний зураг,

TikTok-ийн Гүйцэтгэх захирлын сонсгол 5 цаг үргэлжлэв

 

Өнгөрсөн пүрэв гарагт Америкийн Конгрессийн сонсголд TikTok компанийн гүйцэтгэх захирал Шоу Зы Чю оролцжээ. Тус сонсголын үеэр америкийн хууль тогтоогчид TikTok платформыг Хятадын засгийн газар тагнуулын зорилгоор ашигладаг, TikTok-ийн богино бичлэгүүд хүүхдүүдийн сэтгэцийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байна хэмээн шүүмжилсэн бол Шоу Зы Чю TikTok нь америкийн хэрэглэгчдийн хувьд аюулгүй гэдгийг батлахыг оролдов.

 

Шоу Зы Чю сонсголын эхэнд Сингапур гаралтай гэдгээ онцолж, "Бид Хятадын засгийн газрын хүсэлтээр ямар ч контентыг тарааж эсвэл устгадаггүй. TikTok-ийг гадны ямар ч улсын нөлөөллөөс ангид байлгана гэдгийг бүх хэрэглэгчдэдээ амлаж байна." хэмээн мэдэгджээ.

 

TikTok платформын үйл ажиллагааг АНУ-д хориглох тухай яригдаж байгаа ба энэ сарын сүүлээр америкийн төрийн албаныханд ажлынхаа төхөөрөмжүүд дээр тус аппликэйшныг суулгахыг хориглох журам хэрэгжиж эхэлж байгаа юм.

 

5 цаг гаруй үргэлжилсэн сонсголын үеэр Шоу Зы Чю TikTok платформ Хятадын Коммунист намд мэдээлэл дамжуулдаг, тус намтай холбоотой гэсэн мэдээллийг үгүйсгэж, АНУ дахь 150 сая хэрэглэгчийнхээ аюулгүй байдлыг хангахын тулд боломжтой бүгдийг хийж байгаа хэмээн мэдэгджээ.

 

Тэрээр компани нь сүүлийн хоёр жил гаруйн хугацаанд америкийн хэрэглэгчдийн мэдээлэлд зөвшөөрөлгүй нэвтрэхээс сэргийлсэн хамгаалалтыг 1.5 тэрбум ам.доллар зарцуулан бүтээсэн гэдгийг онцолж, үндсэндээ Америкчуудын мэдээлэл Америкийн нутаг дэвсгэрт, Америк иргэдийн ажилладаг Америкийн компанид хадгалагдаж байгаа гэжээ.

 

Гэсэн ч сонсголд оролцсон хууль тогтоогчдын нэг нь ч TikTok-ийн захирлыг дэмжээгүйгээр барахгүй түүнийг Бээжингийн нөлөөллийн тухай асуултуудад тодорхой хариулт өгсөнгүй хэмээн буруутгасан байна.

 

Конгрессийн гишүүд TikTok аппликэйшн хүүхдүүдийн дунд идэх эмгэг, хууль бусаар хар тамхи борлуулах явдал, бэлгийн бэлгийн мөлжлөг зэргийг хөхүүлэн дэмжиж байна хэмээн үзэж байгаагаа илэрхийлжээ.
Эх сурвалж: BBC

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.