ОХУ тэтгэлгээр суралцах оюутны тоог 50-аар нэмэгдүүллээ

Twitter Print
2020 оны 10-р сар 08-нд 15:07 цагт
Мэдээний зураг,

Монгол, Оросын Боловсрол, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны дэд комиссын XIV хуралдааныг 2020 оны 10 дугаар сарын 7-ны өдөр цахимаар зохион байгууллаа. Хуралдаанд Оросын талаас Шинжлэх ухаан, дээд боловсролын яам, Гэгээрлийн яам, Москвагийн улсын хэл шинжлэлийн их сургуулийн төлөөлөл оролцсон бол Монголын талаас Боловсрол, шинжлэх ухааны яам болон Монгол Улсын их сургуулийн төлөөлөл оролцлоо.

Хуралдаанаар Талууд хоёр улсын боловсролын яамд хоорондын хамтын ажиллагааны үр дүнд Оросын Холбооны Улсын Засгийн газраас Монгол Улсад олгож буй тэтгэлгийн тоог 50-аар нэмэгдүүлж, Оросын талаас жил бүр Монголын талд олгож буй тэтгэлгийн тоо 550 болсныг тэмдэглэв. Монголын талаас тэтгэлгийн тоог 50-аар нэмэгдүүлсэнд талархал илэрхийлээд нэмэлтээр олгож буй 50 тэтгэлгээр газрын тос, байгалийн хийн салбарт ажиллах боловсон хүчнийг суралцуулах хүсэлтийг өгсөн.

Монголын тал ирэх хичээлийн жилээс Оросын Холбооны Улсын Тува, Халимаг, Буриад Улсын ерөнхий боловсролын сургуулиудад монгол хэл, бичгийн хичээлийг заах 3-6 багшийг илгээх санаачилга дэвшүүлсэн бол Оросын талаас уг санаачилгыг сайшаан, дэмжлэг үзүүлэхээ мэдэгдэв. Түүнчлэн, Оросын Холбооны Улсын Новосибирскийн улсын техникийн их сургуулийн Нийгмийн технологи, нөхөн сэргээх хүрээлэн болон Оросын Гэгээрлийн яамны дэмжлэгтэйгээр тэгш хамруулан суралцуулах боловсролын чиглэлээр 2 удаагийн сургалт болон олон улсын дохионы хэлмэрч бэлтгэх сургалтыг зохион байгуулахаар тогтож, сургалтыг зохион байгуулах хэлбэр, хугацааг ажлын шугамаар тохирохоор болов.

Эх сурвалж: БШУЯ

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.