Орост цэрэг татлага зарласны дараа Турк, Армени руу хийх нислэгүүд дүүрч, онгоцны тасалбар нэг талдаа 9200 евро хүрчээ

Twitter Print
2022 оны 09-р сар 22-нд 10:26 цагт
Мэдээний зураг,

Иргэд цэрэг татлагыг эсэргүүцэж жагсчээ. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин цэрэг татлага зарласныг эсэргүүцсэн иргэдийн жагсаал цуглааны үеэр цагдаа нар олон зуун иргэдийг баривчилжээ.

Оросын хүний эрхийг хамгаалах ОВД-Инфо байгууллагаас мэдээлж байгаагаар цагдаа нар 1000 гаруй хүнийг баривчилжээ. Санкт-Петербург, Москва, Иркутск, Екатеринбург болон Сибирийн хэд хэдэн хотуудад эсэргүүцлийн жагсаал цуглаан өрнөсөн байна. ОХУ-ын Ерөнхийлөгч В. Путин Украинд байлдаж буй хүчээ нэмэгдүүлэхийн тулд нэмж 300 мянган цэрэг татах болсноо зарласан юм.

Энэ удаагийн цэрэг татлагад өмнө нь цэргийн алба хаасан иргэдийг татна гэдгийг Оросын төрийн тэргүүн онцолжээ.

В. Путин ОХУ-ын газар нутгийг хамгаалахын тулд "боломжтой бүх аргаа" ашиглана хэмээн дурдсан байна. Үүгээрээ тэрээр цөмийн зэвсэг ч ашиглаж болзошгүй гэдгээ хэлж байна хэмээн олон улсын ажиглагчид үзэж байна.

Москва хотын Прокурорын алба нийгмийн сүлжээгээр жагсаал цуглаанд уриалах, хууль бус, зөвшөөрөлгүй жагсаал цуглаанд оролцох нь ОХУ-ын зэвсэгт хүчний нэр төрийг гутаасан, ОХУ-ын Украин дахь цэргийн тусгай ажиллагааны тухай худал мэдээлэл түгээсэн, насанд хүрээгүй хүүхдүүдийг жагсаал цуглаанд уриалсан гэх зүйл заалтаар шүүхээс 15 хүртэлх жилийн хорих ял авах шийтгэлтэй гэдгийг анхааруулжээ.

Дайныг эсэргүүцэгч Весна групп оросуудыг цэрэг татлагын эсрэг жагсаал цуглаанд нэгдэхийг уриалж, телеграм дахь сувгаараа жагсаал цуглааны үеэр олон зуун иргэд баривчлагдсан болохыг мэдээлжээ.

Нийгмийн сүлжээнд тархсан бичлэгт Екатеринбург хотод цагдаа нар жагсагчдыг хүчээр автобус руу чихэж байгааг харж болох юм.

Орос дахь хүний эрхийг хамгаалах Агора байгууллагад өнгөрсөн мягмар гарагийн өглөө нийт 6000 дуудлага ирсэний дийлэнх нь цэргийн албан хаагчдын эрхийн тухай асуултууд байжээ.

В. Путин цэрэг татлага зарлаж буй тухай мэдэгдэл хийсний дараагаар ОХУ-аас Турк болон Армени руу нисэх нислэгүүд дүүрч, тасалбарынх нь үнэ огцом нэмэгдсэн байна. Москвагаас Истанбул эсвэл Дубай хүрэх тасалбарын үнэ энгийн зэрэглэлд нэг талдаа 9200 евро хүрчээ.

Эх сурвалж: Reuters

Содномцэрэнгийн Энхзаяа

Mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.