
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун хилийн ойролцоо, солонгосчуудын тахин шүтдэг Пэктусан уулын хажууд баригдсан шинэ хотын бүтээн байгуулалттай танилцсан тухай Хойд Солонгосын Төв Мэдээллийн агентлагаас энэ мягмар гарагт мэдээлжээ.
Ким Жон Уны хувьд хамгийн сүүлд нийслэл Пхеньянд зохион байгуулагдсан батлан хамгаалахын үзэсгэлэнгийн үёэр үг хэлсэн ба уг үйл явдлаас хойш 35 хоногийн дараа тэрээр анх удаа олон нийтийн өмнө гарч байгаа нь энэ юм.
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун удаан хугацааны турш олон нийтийн өмнө ил гараагүйтэй холбоотойгоор хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр түүний эрүүл мэндийн тухай олон таамаг мэдээлэл гардаг билээ.
Өнгөрсөн сард Өмнөд Солонгосын Тагнуулын албанаас Ким Жон Унд эрүүл мэндийн ямар нэг асуудал байхгүй хэмээн мэдэгдсэн юм.
Хойд Солонгосын хойд зүгт байрлах Самжиён хотод шинээр орон сууцнууд, зочид буудлууд болон цанын бааз, худалдаа үйлчилгээ, соёл амралт, эрүүл мэндийн төвүүдийг бариад байгаа ба Солонгосын Төв Мэдээллийн агентлагаа тус хотыг "орчин цагийн соёл иргэншлийн үлгэр жишээ" хэмээн онцолжээ.
Ким Жон Уны айлчлалын зорилго нь тус хотын бүтээн байгуулалтын 3 дахь шатны явцыг шалгах ба хотын бүтээн байгуулалт энэ оны сүүлээр дуусах аж.
Самжиён хотын бүтээн байгуулалттай танилцах үеэрээ Ким Жон Ун бүс нутгийн цаг уур, байгаль орчны хүнд хэцүү нөхцлийг үл харгалзан зогсолтгүй ажилласан ажилчдад талархаж буйгаа илэрхийлжээ. Түүний хэлж байгаагаар уг бүтээн байгуулалтын ачаар хойд солонгосчууд барилга, дизайн болон технологийн салбарт туршлага сууж, уг туршлагаа бусад бүс нутгийн эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэхэд ашиглах аж.
Самжиён хотын бүтээн байгуулалт нь Ким Жон Уны эдийн засгийн хувьд хараат бус байх бодлогын хамгийн том санаачлагуудын нэг юм.
Хойд Солонгосын хувьд цөмийн хөтөлбөрөө зогсоогоогүйн улмаас олон улсын хоригт орж, эдийн засгийн хувьд нөхцөл байдал нь хүнд байгаа билээ.
Коронавирусын цар тахлын улмаас 2 жил шахуу хилээ хаасан Хойд Солонгос улс саяхнаас Хятадтай төмөр замын ачаа тээврийн харилцаагаа сэргээгээд байна.
Эх сурвалж: Reuters
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Зочин
(103.242.47.42) 2021-11-16 14:34манай дарга нар жорлон нээх гэж туузандаа багтахгүй олон дарга нар хайч гозолзуулаад байдаг мань эр ганцаараа л хяргаж байна шүү
Хариулах