
Нэг бизнесмен эр Өмнөд Африкт ажил хэргээр явж байгаад өндөгний шарны дайтай том алмааз худалдан авчээ. Авсан алмааз нь голдоо багахан цууралттай байгаад сэтгэл нь гонсгордуухан байсан тэрээр чулуугаа хэрхэх талаар зөвлөгөө авахаар нэгэн үнэт чулууны дарханд хандав. Дархан, алмаазыг нь шагшин толгой сэгсрээд:
- Энэ чулууг голоор нь хоёр хуваагаад бриллиант болгон зүсч өнгөлөх юм бол энэ алмаазнаас ч илүү үнэ хүрнэ. А харин нэг л эвгүй цохиход олон жижиг хэлтэрхий болон бутрах эрсдэлтэй. Тэр олон жижиг хэлтэрхийг яаж ч сайхан засч өнгөлөөд олигтой үнэ хүрэхгүй. Тийм болохоор би энэ чулуунд гар хүрч зүрхлэхгүй нь... гэв.
Бизнесмен эр аль ч улсад явсан мөнөөх алмаазаа үнэт чулууны дархадад үзүүлсээр... цаадуул нь ч чулууг нь засахаас татгалзсаар байв. Тэгж байтал нэг танил нь түүнд Амстердамд “алтан гарт” хэмээн алдаршсан хөгшин дархан байдаг гэнэ, тэр хүнд хандаад үзээч гэв. Бизнесмен эр ч тэр даруй Амстердам хотод нисч очоод хөгшин дарханг олж уулзав. Хөгшин мастер моноклио зүүгээд (нэг нүдний дуран) алмаазыг нь эргүүлж тойруулан хэсэг харснаа “энэ чулуу бутрах эрсдэлтэй” хэмээн анхааруулах гэтэл бизнесмен эр үгийг нь таслан:
- Би наад үгийг чинь өмнө нь олон удаа сонссон... бараг цээжээрээ мэднэ гэхэд нь хөгшин дархан “За тийм бол яахав...” гээд алмаазыг нь зүсч өгөхөөр болж хөлсөө хэлснийг бизнесмен эр дуртайя зөвшөөрлөө. Ингээд хөгшин дархан чулууг нь авч... урлангийнх нь цаад мухарт буруу харан нэг юм хийж суусан залуухан дарханд өгөв. Залуу, чулууг нь алган дээрээ тавиад алхаараа ганц тонштол алмааз голоороо хоёр хуваагдчихав. Бизнесмен эр, залуу дарханы ур чадварыг ихэд биширсэн байдалтай:
- Энэ залуу танайд удаж байгаа юу? хэмээн асуусанд хөгшин дархан:
- Энэ хүү манайд ажилд ороод гурав л хонож байна... Хүү энэ алмааз ямар өндөр үнэтэйг мэдэхгүй болохоор сэтгэл нь тайван, гар нь чанга байгаа нь энэ гэв.
Эхийн гол санаа: амьдралд ямар ч саад бэрхшээл тохиолдож болно. Гагцхүү тэр бүхнийг шийдвэрлэхдээ эргэлзэж тээнэглэзэлгүй өөртөө итгэлтэй, шийдэмгий байх нь чухал.
Орчуулсан: Өлзийбатын Уянга
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.