
АНУ өвдөлт намдаах эм үйлдвэрлэгч Хятадын 4 компани болон анаболик стеройдын хамгийн том үйлдвэрлэгч гэгддэг Хятад эрд хориг тавьжээ.
АНУ-д өнгөрсөн жил л гэхэд өвдөлт намдаах эм, анаболик стеройд эмийн донтолтоос болж 100 мянган хүн амиа алджээ. Эмэнд донтсон хүмүүс цахимаар өөр улсад үйлдвэрлэсэн эм хямд худалдан авдаг явдал нэмэгдсэнтэй холбоотойгоор АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден хууль бусаар эм наймаалдаг этгээдүүдийг олж илрүүлэхэд чиглэсэн тушаал гаргажээ. Уг тушаал хэрэгжиж эхэлснээр "синтетик аргаар гарган авсан өвдөлт намдаах эмүүдийн хууль бус наймааны сүлжээг үгүй хийж, АНУ-ын хилээр орж ирэх явдлыг нь зогсооно" хэмээн АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен онцолжээ.
АНУ-ын Төрийн департаментаас анаболик стеройд буюу дааврын нэмэлт бүтээгдэхүүний хамгийн том үйлдвэрлэгч гэгдээд буй Ухань хотод амьдардаг 68 настай Чүэн Фат Ипийг барьсан хүнд 5 сая хүртэлх ам.долларын шан харамж өгөхөө мэдэгджээ. Чүэн Фат Ипийн компаний эсрэг 2018 онд АНУ-ын шүүхэд гаргасан нэхэмжлэлд Чүэн Фат Ипийн компани 5 жилийн хугацаанд 280 сая ам. долларын үнэ бүхий дааврын нэмэлт бүтээгдэхүүн үйлдвэрлэж, өвдөлт намдаах үйлчилгээтэй фентанил эмийн найрлагад ордог бодисуудыг жижиг савлагаатайгаар дэлхийн олон улсад борлуулсан тухай бичсэн байна.
Өнгөрсөн сард Америкийн эрх баригчид Чүэн Фат Ипийн эмийн хууль бус наймаатай холбоотой 2.3 сая ам. долларын үнэ бүхий цахим валютыг хураан авчээ. Түүнээс гадна АНУ-ын Сангийн яам Мексик болон Бразилд тус тус үйл ажиллагаа явуулдаг хууль бус эмийн наймаа явуулдаг хоёр бүлэглэлийн эсрэг хориг арга хэмжжэ авахаар болжээ.
Мөн хориг арга хэмжээнд орсон Хятадын эмийн компаниуд болон Чүэн Фат Ипийн АНУ дахь санхүүгийн бүх үйл ажиллагаанд хориг тавиад байгаа аж. Эмийн компаниуд эмийн хэрэглээг идэвхтэй сурталчилж, эмийн хүртээмж нэмэгдсэнээс үүдэн америкчуудын дунд эмэнд донтох явдал нэмэгджээ.
Тэрчлэн өвдөлт намдаах хуурамч эм, дааврын нэмэлт бүтээгдэхүүнийг цахимаар хилийн чанадаас захиалж, худалдан авах нь хялбар учраас эмэнд донтох явдал улам бүр нэмэгджээ.
2020 оны АНУ-ын Эмийн хяналтын агентлагийн судалгаагаар АНУ-д хууль бусаар орж ирж буй эмнүүдийн дийлэнхийг Мексик улсад үйлдвэрлэсэн байсан бол АНУ-д орж ирж буй фентанил эмийн бодис голчлон БНХАУ-аас орж ирдэг байна.
Бас эмийн үйлдвэрлэлээр тэргүүлэгч орнуудын нэг болох Энэтхэг улсад эмийн хууль бус наймаа эрчимтэй нэмэгдэж байгааг онцолжээ.
АНУ-ын дарамт шахалтын улмаас БНХАУ 2019 оны 4-р сард фентанилын хэрэглээг хориглосон ч Хятадын эм үйлдвэрлэгчид хуулийн цоорхойг ашиглан фентанилын найрлагад ордог бодисуудыг борлуулж эхэлжээ. Хятадын компаниуд тэдгээр бодисоо цахим орчинд борлуулж эхэлсэн нь эмэнд донтсон хүмүүст тухайн бодисыг хялбар аргаар олж авах боломжийг нь бүрдүүлжээ.
Эх сурвалж: Reuters
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn