Засаг болон банкууд ААН-д олгох зээлийн шаардлагыг бууруулахад санал нэгдлээ

Twitter Print
2021 оны 03-р сар 05-нд 09:10 цагт
Мэдээний зураг,

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ банк, санхүүгийн салбарын төлөөлөлтэй өнөөдөр уулзлаа.  Уулзалтад Сангийн сайд Б.Жавхлан, Монголбанкны удирдлагууд, арилжааны 12 банкны захирал, банк, санхүүгийн салбарын төрийн болон төрийн бус зарим байгууллагын төлөөлөл нийт 30 гаруй хүн оролцов.

Уулзалт “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөөний хэрэгжилтийг хангахад банкны салбарт анхаарах асуудлууд” сэдвийн хүрээнд боллоо. Банкны салбарын төлөөллүүд салбарын өнөөгийн нөхцөл байдал, цогц төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд төрөөс дэмжлэг хүсэж буй банкны секторын бодлогын хүлээлтийн талаар товч илтгэлүүдийг тавьсан.

Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа 

Монгол Улсын гадаад тэнцэл 2016 оны хүнд үеэс үлэмж дээшилж, 9 сарын хэрэгцээг хангах нөөцтэй байгаа нь эерэг үзүүлэлт юм. Гадаадын хөрөнгө оруулагчидтай богино хугацаанд хамтын ажиллагаагаа өргөжүүлж, идэвхжүүлэх нь чухал. Цар тахал эдийн засгийн өсөлтийг хоёр жилээр ухраагаад байна. Томоохон төслүүдийг хөдөлгөх нь зүйтэй. Ингэхдээ санхүүжилтийг гадаад талтай хуваалцах нь оновчтой. 

Монголын Банкны холбооны гүйцэтгэх захирал Л.Амар 

- Банкны салбарт бэрхшээл, боломж, хүндрэл туулсан жил боллоо. Банкны салбарыг цахимжуулах зорилт тавьж, арилжааны банкуудын нийт зардлын гуравны нэгийг технологийн хөгжилд зарцуулж ирсэн нь цар тахлын хямралын үед  банкны үйлчилгээг  иргэдэд хүргэхдээ хүндрэлгүйгээр давахад тусаллаа. Ингэж салбарын үйлчилгээг цахимжуулахад 100 сая долларын хөрөнгө оруулалт хийсэн. 

Зах зээлд нийлүүлэгдсэн нийт зээлийн 40 хувийг эрсдэлтэй гэж үзэж байна. Одоогоор 150 мянга орчим зээлдэгчийн хэрэглээний зээлийн хугацаа, ипотекийн хөнгөлөлттэй хүүтэй зээлийн 55 мянган зээлдэгчийн эргэн төлөлтийг тус тус хойшлуулсан байна. Иргэдийн цалин орлогыг нэмэгдүүлье, хадгаламж эзэмшигчдийн мөнгийг олон нийтийн сайн сайхны төлөө буюу ажлын байр нэмэгдүүлэхэд хөрөнгө оруулъя гэдэг саналтай байна.

Энэ хүрээнд

-       Банкууд зээлдэгчдээ тавих шалгуураа багасгаж, эргэн төлөх чадвартай эсэхийг л харах/Үүн дээр Засгийн газраас олон нийтийг тэгш хүртээмжтэй мэдээллээр хангах/

-       Төрөөс тавьж буй шаардлага ил тод байх

-       Хүнд сурталгүй, цахим хяналтын тогтолцоог бүрдүүлэх

-       Зээлдэгчдээ эрсдэлээс хамгаалах, хяналтын тогтолцоо бүрдүүлэх явдал” гэлээ.Үндсэн илтгэлүүд дууссаны дараа асуулт, хариулт явагдав. 

Монголын Банкны холбооны дэд ерөнхийлөгч Б.Мэдрээ 

- Зээлдэгчид тавьж буй шаардлагыг багасгах хэрэгтэй. Татварын өргүй, тайлангаа тогтмол гаргасан байх зэрэг шаардлагад олон аж ахуйн нэгж “бүдрэнэ”. Засгийн газраас хэрэгжүүлэх энэ зээлийн төлөвлөгөө бол арилжааны банкуудад ашиггүй ч банкны харилцагчдын орлого нэмэгдэж байвал урт хугацаандаа бүгд хожно. Банкуудын нийт мөнгөний 88% нь иргэдийн л мөнгө учир бид санаа зовохгүй байхын аргагүй” гэж байсан юм.

ХААН Банкны гүйцэтгэх захирал Р. Мөнхтуяа 

Уул уурхайн бус  салбарт олгож буй репо санхүүжилт 2.8 их наяд төгрөгийн бизнесийн зээл олгосон байна. Одоогийн төлөвлөгөөний дагуу манай банкны хувьд нийт зээлдэгчийн 88% нь тэнцэхгүй байна. Тэдний зээл нийт зээлийн багцын 38 хувийг эзэлдэг. Шинэ төлөвлөгөөнд зээлийн нөхцөлд заавал ХХК байна гэж зааж өгөхөөр хөдөө орон нутгийн бичил бизнес эрхлэгчдэд хүндрэлтэй байна. Манай банкны 28 мянган зээлдэгчийн 3,300 нь л тэнцэхээр байна. Тиймээс 500 хүртэл сая төгрөгийн зээлийг бичил бизнес эрхлэгчдэд, 3 тэрбум хүртэлх зээлийг ЖДҮ эрхлэгчдэд олгох байдлаар тавигдах шаардлагын босгыг буулгаж өгвөл зохимжтой. Манай 24 мянган зээлдэгч 50-70 мянган хүнийг ажлын байраар хангадаг” гэлээ. 

Салбарын төлөөлөл саналаа ийнхүү илэрхийлж, Сангийн сайд тайлбар өгснөөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уулзалтын дүгнэж хэлсэн үгэндээ “Өнөөдрийн уулзалтаар миний хувьд банкууд бизнес эрхлэгчдэд хатуу шаардлага тавихгүй байгаач гэсэн хүсэлт та бүхэнд тавих гэж байлаа. Гэтэл эсрэгээрээ банкны салбар маань зээлийн нөхцөл шаардлагыг сулруулах санал тавьж байгаад баяртай байна. Тиймээс бид энэ асуудлыг эргэж харъя.

Хүнд суртал гаргахгүй байх бүх боломжийн талаар ярилцаж, шийдэл гаргахад нээлттэй. Ажлын хэсэг байгуулъя. Хяналт шалгалтыг багасгахад анхаарна.

Та бүхний санал болгож буй цахим хөгжлийг дэмжих хуулийн төслүүдийг УИХ-аар хэлэлцүүлэх талаар ХЗДХ-ийн сайдтай хамтран ажиллаж, долоо хоногийн дотор шийдэл гаргая. Банкны салбарын цахимжуулах төсөл маш амжилттай хийгдсэнд талархаж байна. Цаашид төрийн үйлчилгээний хүнд суртлыг багасгахад ч энэ чиглэлд анхаарал хандуулж байгаа.

Гэрлэлт, үл хөдлөх хөрөнгө худалдаж авахаас бусад үйлчилгээг цахимжуулах зорилт тавьж ажиллаж байгаа. Мөн та бүхний санал тавьж буй КОВИД-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн үйлчлэх хугацааг сунгаж магадгүй. Цаашид нөхцөл байдал яаж өөрчлөгдөхийг урьдчилан хэлэх боломжгүй. Эрсдэлтэй ч бид хүн амын эрүүл мэндээ, эдийн засгаа дэмжихийн тулд хөл хориог сулруулсан. Тавдугаар сараас хилээ нээхээ зарлачихлаа. Шаардлага гарсан тохиолдолд аливаа үйл ажиллагааг гэнэт зогсоож, хөл хорио тогтоохгүй. Хамгийн багадаа 14 хоногийн өмнө зарлана. Энэ хооронд төр, хувийн хэвшил гэхгүй бэлтгэл хангах ёстойг бид ойлгож, харж авсан. Тиймээс одоо эдийн засгийн хүндрэлийг Засгийн газар, Монголбанк, арилжааны банкууд хамтарч даван туулна” гэлээ.

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.