Конни танихгүй хүнтэй хамт явдаггүй

Twitter Print
2020 оны 08-р сар 26-нд 16:59 цагт
Мэдээний зураг,

Өнөөдөр Конни хичээлээ тараад Аннатай хоёулхнаа харихгүй бол болохгүй нь. Уул нь Симонтай гурвуулаа үргэлж хамтдаа явдаг юм. Гэтэл өглөө математикийн хичээл дээр Симоны бие гэнэт өвдсөн.

Удалгүй ээж нь ирж аваад явсан. Хөөрхийдөө Симон! Нүүр нь ямар цонхигор, ногоовтор туяатай болчихсон байв аа! Бүр санаанаас гарахгүй юм. Симонд юу тохиолдсон юм болоо гэж тэрээр Аннатай гайхшран ярьж явлаа. “Симон магад харь гарагийн хүмүүсийн өвчин туссан юм болов уу. Нүүр нь нов ногоон харагдсан” гэж Анна нуг нуг инээв. Гэсэн хэдий ч хоёр охин Симон найзаа бодож харамсаж явлаа.

Талх нарийн боовны дэлгүүрийн дэргэдэх гэрлэн дохионы тэндээс хоёр найзын зам саллаа. Анна энд гудамж хөндлөн гарах ёстой. Конни гэрлэн дохио ногоон болтол Аннад хань болов. Дараа нь охин ганцаараа цааш чигээрээ явлаа. Коннигийнх энд нүүж ирээд удаагүй. Гэхдээ сургууль хүртэлх замаа сайн мэднэ. Бутлаг модтой тэр байшингийн булан хүрээд эргэх ёстой. Гэтэл энэ чинь одоо юу вэ? Гудамжийг бүхэлд нь цагаан улаан хөндлөн шугамтай хашаагаар хаасан байх чинь вэ. Явган хүний замыг ч мөн ялгаагүй шүү! Дөнгөж өнөө өглөө Симон бид хоёр үүгээр явсан биш билүү. Юу болсон юм бол доо?

Алсуур цаашихнаа харвал нэлээд хэдэн ажилчин замыг багажаар угз татан ховхолж байлаа. Одоо Конни хэрхэн гэр лүүгээ явах билээ? Конни яахаа мэдэхгүй хаалтны өмнө хэсэг зогсов. “Чи одоо өөр замаар явахаас өөр аргагүй боллоо доо” гэж гэнэт нэг хүн хажуунаас нь хэллээ. Тэр хүн, өнөө өглөө энэ гудамжны ус дамжуулах хоолой эвдэрсэн тухай тайлбарлаж өгөв. Тиймээс бүгдийг нь хаасан юм гэлээ. Тэгээд, “Чи хаана амьдардаг вэ” гэж нөхөрсгөөр асуув. “Ахорн гудамжны 14-р байшинд” гэж Конни хариулахыг завдав. Гэсэн ч ээжийнх нь үргэлж хэлдэг, танихгүй хүнтэй юу ч ярьж болохгүй гэдэг үг санаанд нь орлоо. Конни хэсэг тээнэгэлзэж зогсов. Тэр энэ хүнийг танихгүй. Түүний хувьд энэ эрэгтэй бол танихгүй хүн. Гэхдээ энэ хүн түүнд тусалж аль замаар явах учиртайг зааж өгч магадгүй юм. Танихгүй хүн түүнд авга ах Андреастай нь төстэй санагдаж байлаа. Тиймээс л тэр хүн ахын адилаар найрсаг санагдаад байна уу?

“Чамайг ингэхэд хэн гэдэг вэ?” гэж танихгүй ах асуулаа. Конни юу гэж хариулах ёстой вэ гэж агшин зуур бодов. Тэгээд, “Би танихгүй хүнтэй ярьж болохгүй” гэж хариуллаа. Гэтэл тэр хүн, “Би чамд зам зааж, гэрт чинь дөхүүлээд өгье” гэлээ. Ээж нь түүнийг лавтай хүлээж байгаа гэж Конни мэдэж буй. Гэхдээ ээж аав нь түүнд танихгүй хүнтэй хамт явж болохгүй шүү гэж дахин дахин давтаж хэлдэг. Коннид талх нарийн боовны дэлгүүр лүү буцаж очих нь дээр, тэндээс зам асууя гэж бодогдлоо. Магадгүй худалдагч эмэгтэй ээж рүү нь утасдах ч юм билүү. Тэр эгч бид хоёрыг сайн мэднэ. Тэнд л Коннид аюулгүй байх юм шиг санагдав.

“За нааш ирээ” гэж танихгүй хүн тэсэн ядан хэллээ. Тэрээр Коннигийн гараас бариад авав. “Үгүй!” гэж Конни их чанга хашгирав. “Үгүй! Би хүсэхгүй байна! Намайг тавиач!” гэлээ. Замын ажил хийж байсан зарим ажилчин тэдний зүг харлаа. Нөгөө хүн Коннигийн гарыг тавив. Конни хурдтай эргэн гүйхдээ Ролфес гуай руу очиж эрчтэй мөргөв. Ролфес гуай тэдний гэрийн эсрэг талд амьдардаг, ээж нь түүнтэй байнга юм ярьж зогсдог юм. “Хүүе Конни, чи чинь ямар яаруу явна вэ!” гэж эмэгтэй хэллээ. Конни түүнд зам хаасан байсан болон нэг танихгүй эрэгтэй түүнд туслахыг хүссэн тухай ярьлаа. Тэгээд эргэж харан тэр хүнийг зааж харуулах гэтэл нөгөө хүн ор мөргүй алга болсон байв. Тун хачирхалтай! Энэ мөчид Коннид ямар замаар явах нь тодорхой болов: яг л Ролфес хатагтайн гарч ирсэн тэр л жижиг элсэн замаар явах нь байна шүү дээ!

Конни хөрш эмэгтэйтэй салах ёс хийгээд гэр лүүгээ хурдан гүйлээ. Гэртээ орохын өмнөхөн Мяу муур нь гарч ирэв. Коннигийн хөлийг тэрээр хайр дүүрэн илбэв. Муужгай нь Конниг хүлээж байжээ. Эхлээд Конни түүнийг сайн гэгч нь илж авав. Муур түүнийг дагаж үүд хүрлээ. Конни хонхоо дуугаргав. Ээж нь ашгүй хүрээд ирлээ гэж царай нь туяарлаа. Ирдэг цаг нь өнгөрсөн болохоор түүний сэтгэл нэлээдгүй зовж байжээ. Охин ээждээ өнөөдөр юу болсон тухайд бүгдийг ярив. Симоны тухай, хаалттай гудамжны тухай, түүнд зам зааж өгөх гэсэн танихгүй хүний тухай гээд л. Ээж нь түүнийг элгэндээ тэвэрлээ. Охинд нь муу зүйл тохиолдоогүйд тэрээр баяртай байв. “Сайн байна миний охин, танихгүй хүнтэй хамт яваагүй чинь маш сайн байна” гэж түүнийг магтлаа. “Чи минь бүгдийг зөв хийжээ” гэв. Ялангуяа Үгүй! гэж чангаар хэлснийг ээж нь ихэд олзуурхав. Мөн “талх нарийн боовны дэлгүүр лүү буцъя гэж боддог нь түмэн зөв” гэж сайшаав.

Ээж охин хоёр танихгүй хүн хэрэв ирж юм ярьвал яаж биеэ зөв авч явах тухайд удаан ярилцлаа. Ээж нь Коннид, “эрэгтэй эмэгтэй байна уу хамаагүй, хэдий таньдаг хүн байсан ч ялгаагүй, зөвхөн өмнө нь ээж аав нь болноо гэж зөвшөөрч тохирсон хүнтэй л хамт явж болно” гэж хэлэв.

Конни одоо л жинхэнэ өлсөж байгаагаа мэдлээ. Ээж нь үдийн хоолыг хурдан халаав. Охин амтлаг төмсний бөөрөнхийг ам руугаа хурдан гэгч нь явуулна. Тэрээр бүх зүйлийг зөв хийсэндээ бахархаж, ээжээрээ магтуулсандаа баяртай байлаа.

Ээж нь Яакобыг хооллоно. Дүү нь үдэд амарч сэрэхдээ, дахин өлссөн байв. Конни хоолны дараагаар Симон руу утсаар ярьлаа. Түүний бие сайжирсан нь аштай юу. Маргааш сургуульдаа ирнэ гэнэ. Конни түүнд гудамж хаасан байсан хийгээд танихгүй эрэгтэй хүний тухай ярив. Симон тэрхүү гудамжны хаалтыг харсан байлаа. Ээж нь түүнийг сургуулиас аваад буцахдаа мөн өөр замаар явах хэрэгтэй болсон ажээ.

Үдээс хойш Конни Якобтой тоглов. Дүүгийнхээ машинуудыг хивсэн зам дээгүүр тарааж тавьлаа. Жижигхэн фигурэн хүмүүс бол явган зорчигчид юм. Конни нэг гудамжинд хаалт хийв. “Энд усны хоолой эвдэрсэн. Үүгээр одоо хэн ч явж болохгүй” гэж хэллээ. Өнөөдөр болсон үйл явдлыг яг л давтан тоглож байв. “Хэзээ ч танихгүй хүнтэй хамт явж болохгүй” гэж дүү Якобтоо хэллээ. “Шууд л Үгүй! гэж хэлэх хэрэгтэй” гэв. “Кгамд яж болкүй. Үгүй” гэж дүү нь давтаж хэллээ. Тэгээд машинуудаараа үүд нь үүд нь дрррр дрррр гэж тоглож эхлэв.

Аав нь Коннид орой “Улаан малгайт” үлгэрийг уншиж өгөв. Конни, “Улаан малгайт чонотой хэрэггүй л юм ярьдаг байсан юм. Тэр чинь танихгүй амьтан шүү дээ!” гэж хэллээ. “Танихгүй хүний үгэнд хууртаж, аль нэг тийш явж болохгүй. Тэр хүн гоё цэцэг, жижиг муужгай амлаж, тусалъя гэж хэлсэн ч дагаж явж болохгүй” гэлээ. Конни, “Гэхдээ өнөөдрийн хүн надад магадгүй үнэхээр туслах гэж байсан бол яах вэ? Ихэнх хүмүүс найрсаг зантай байдаг юм чинь” гэв. Аав нь, “Бүх хүмүүс тийм биш. Зарим хүн яг л саяын үлгэрт гардаг чоно шиг байдаг нь харамсалтай. Хүний дотрыг хүн таах аргагүй” гээд “Бид үрдээ ямар нэг муу зүйл тохиолдохыг хэзээд хүсэхгүй, одоо миний охин сайхан амраарай” гэлээ.

Маргааш өглөө нь Симон тэдний хаалганы хонхыг дуугаргав. Түүний бие илааршсан ба, урьдын адил Коннигийн хамт сургууль руугаа явахаар ирсэн нь тэр ажээ. Ээж нь Коннигоос өнөөдөр би хамтдаа явах юм уу гэж асуулаа. Гэвч Конни толгой сэгсрэв. Тиймээ, тэр ганцаараа явахыг хүсжээ. Тэгээд ч Симон найз нь харь гарагийн өвчингүй, эрүүл болсон юм чинь дээ.

Зохиолч: Лияне Шнайдер

Орчуулсан: Дорждамдины Оюун

Герман улс

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.