
ЧИХЭВЧНИЙ ХЭРЭГЛЭЭНЭЭС ҮҮДЭЛТЭЙ СОНСГОЛ БУУРАЛТ 12-35 НАСНЫХНЫ ДУНД ИХ БОЛСОН
– Сонсгол бууралт гэж юу вэ. Сонсгол бууралт юунаас болж үүсдэг вэ?
– Хүний чих нь гадна, дунд, дотор гэсэн бүтэцтэй. Гаднаас авч байгаа дууны долгионыг задлаадхариу урвал үзүүлдэг. Энэ үйл ажиллагаа аль нэг шатанд алдагдахыг л сонсгол бууралт гээд байгаа юм. Сүүлийн үед чихэвчний хэрэглээнээс үүдэлтэй сонсгол бууралт 12-35 насныхны дунд их болсон.
ДЭМБ-аас 60 децибелийн дуу хөгжмийг нэг цаг орчим сонсоход тохиромжтой гэж зөвлөсөн байдаг. Харин үүнээс дээш буюу 85 децибелээс илүү сонсоод байвал хүний сонсгол 16 цагийн дараа эргэшгүй өөрчлөлт орно гэж үздэг. 100 децибелээс дээш 10 минут сонсвол хүний чих сонсголоо бүрэн алдахад хүрнэ.
– Сүүлийн үед чихэвчээ чангаар сонсох хүмүүс их болсон шүү дээ. Энэ нь амьдралын буруу хэвшил байх нь.
– Энэ маш их байгаа. 60 децибелээс дээш дуу авиаг нэг цагаас илүү сонсвол хүний чихний сормууслаг эс гэмтээд дуу авиаг ялгах чадваргүй болдог. Энэ нь олон жилийн дараа сонсгол бууралттай болоход нөлөөлдөг гэсэн үг. Онгоцны чимээ 120 децибел байдаг бөгөөд сонсгол бууралтад нөлөөлөх нь өндөр гэж үздэг. Тиймээс онгоц хөөрөх, буух үед хүүхдэд чихний хамгаалалт хийж эсвэл сонсголын гуурсыг онгойлгох маягаар бохь зажлуулах, хатуу чихэр хазуулдаг л даа.
Тасралтгүй чимээнд удаан хугацаагаар ажиллах, автомашины дуу, хотын шуугианд хүмүүсийн сонсгол бууралт явагдаж байдаг. Бага насны хүүхдэд чихний хэнгэрэг цоорсны улмаас дамжуулах хэлбэрийн сонсгол бууралт бий болно. Энд үед бол хэнгэрэг нөхөх мэс засал хийгээд сонсголыг сэргээх боломжтой. Харин шуугианы гаралттайгаар сормууслаг эсийн үйл ажиллагаа алдагдаж, мэдрэхүйн сонсгол бууралт үүссэн бол хамгийн аюултай. Сэргэх боломж муутай байдаг.
– Урьдчилан сэргийлэхийн тулд юу анхаарах вэ?
– Децибелийн хэмжээг зохих хэмжээнд нь барих хэрэгтэй. Мөн чихэвчээр биш аль болох орчны дууг сонсож байвал сонсгол бууралтад өртөхгүй. Хоёрдугаарт чихэнд байдаг хулхийг тэр болгон аваад байх хэрэггүй.
Яагаад гэвэл гаднаас хүчтэй дуу авиа ирэхэд хулхи саатуулж, хамгаалах үүрэг гүйцэтгэдэг. Ер нь өндөр дуу авиатай орчинд ажилладаг хүмүүс жилд нэг удаа сонсголын бичлэг хийлгээд, шалгуулах хэрэгтэй.
Үг ялгах чадвар буураад, чих шуугих, толгой эргээд байвал заавал чих, хамар, хоолойн эмчид үзүүлээрэй. Мөн чихний дусаалга нь үрэвсэл намдаах үйлчилгээтэй байдаг тул дур мэдэн хэрэглэх хэрэггүй. Дамжуулж ч болохгүй.
Эх сурвалж: Сонгдо подкаст
“УБ Сонгдо” эмнэлгийн чих, хамар, хоолойн мэс заслын эмч Ю.Баянмөнх
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.