
Нуруу бол хүний нэн чухал тулгуур эрхтэн болохын хувьд тайван байдлын үед ч, хөдөлгөөний үед ч хамгийн их ачааллыг үүрч байдаг. Ялангуяа бөхийх үед нурууны ачаалал эрс нэмэгдэнэ.
Нурууны хамгийн их хөдөлгөөнтэй, хамгийн их ачаалал ногдох хэсэг нь бүсэлхий, хүзүүний хэсэг юм. Нурууны үелбэрийн үндсэн хэсэгт нугалам, нугалам хоорондын жийрэг /диск/, үе холбоос, булчин хамаарна. Нуруугаар өвдөх шалтгааны түгээмэл нэг болдог остеоартритын талаар мэдээлэл хүргэе.
Нурууны нугаламны үений мөгөөрсөн эд нь үений тэжээлийн дутагдалд орж, мөгөөрсний эрүүл бүтэц алдагдаж, яс, мөгөөрсний гадаргуу хэлбэрээ алдан барзайж, эвдэрч, зах ирмэгээр нь ясан ургацгууд ургахыг нуруунд яс ургах буюу остеоартрит өвчин гэж нэрлэдэг. Энэ үед үений зай нарийсч, үений хөдөлгөөн хязгаарлагдаж, үе, үений хүүдийн архаг үрэвсэл хүндрэн, нугалам хоорондын диск дарагдан, улмаар мэдрэлээ дарагдсанаас болж гуя, хөл рүүгээ дамжин өвдөлт өгч цаашид хүндэрдэг эмгэг.
Илрэх зовиурууд:
Нуруугаар бөхийсөн байрлалд удаан хугацаагаар ажил хийсний дараа, гол төлөв өглөө босох үед бүсэлхийн нэг талд шархирч өвдөх шинж илэрнэ. Бүсэлхий нурууны булчин чангарч, нуруу муруйна. Өвдөлтийн анхны хөдлөл 1-3 долоо хоног үргэлжилж арилах боловч, дараагийн сэдрэлт хэдэн сараар үргэлжилнэ.
Эмчилгээ:
1. Нурууны булчинг суллах иллэг хийх
Үрэвслийн улмаас нурууны булчин чангарч, өвдөлт улам нэмэгддэг учраас нурууны булчин суллах иллэгийг өөртөө хийж сураарай.
2. Мэс засал эмчилгээ
Өвдөлт намдаах эмийн эмчилгээнд дарагдахгүй , нугасны язгуурын дарагдал гүнзгий саа, саажил үүсгэх үед мэс засал эмчилгээг хийдэг.
3. Рашаан сувилал, шавар эмчилгээ хийлгэх
Рашаан, шавар эмчилгээ хийгээд нурууны булчингийн хамгаалах үйл ажиллагааг сэргээх биеийн тамирын дасгал хөдөлгөөн хийх шаардлагатай. Гэхдээ хэт их ачаалал өгсөн дасгал хөдөлгөөн хийж болохгүй.
Himalaya Doctor
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.