
Олон улсын мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар Хойд Солонгос улс цөмийн зэвсэг боловсруулсан хэвээр байгаа гэнэ. Энэ талаар НҮБ-ын нууц тайланд дурдагдсаныг Ройтерс агентлагаас онцолжээ.
НҮБ-аас тавих хориг арга хэмжээг хариуцан ажилладаг хараат бус шинжээчдийн гаргасан тайланд Хойд Солонгосын тал цөмийн зэвсгийн сүүлийн 6 туршилтынхаа тусламжтайгаар "баллистик пуужингийн толгойд багтах жижиг хэмжээтэй цөмийн зэвсэг" бүтээсэн байх бүрэн боломжтой гэжээ. Түүнчлэн Хойд Солонгос баяжуулсан уран үйлдвэрлэж, хөнгөн усны туршилтын цөмийн реактор барих зэргээр цөмийн хөтөлбөрөө үргэлжлүүлсээр байгаа аж.
НҮБ-ын гишүүн орнуудын нэг нь Пхеньян пуужингийн шинэ төрлийн толгой бүтээхийн тулд цөмийн зэвсэг бүхий төхөөрөмжнийхөө хэмжээг улам жижиг болгохоор зорьж байгаа гэдгийг мөн онцолжээ.
Эх сурвалж: RIA.ru
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.