Энэ газар шороо эцэг дээдсийн минь амины үнэтэй

Twitter Print
2020 оны 08-р сар 16-нд 15:56 цагт
Мэдээний зураг,

(УИХ-ын ээлжит бус чуулган маргааш нээгдэнэ)

Олныг энд учирлах ч хэрэггүй, өнгөрснийг давтан нурших ч илүүц биз. Тэртэй тэргүй хөндий хүйтэн, хүнийрхүү сэтгэл, хоноцын хонжооч араншинг төр засгийн эрх мэдэлд олон жил бугшсан хэн хэн гаргаж ирэв гэдгийг хэнээр ч хэлүүлэлтгүй, олноороо мэдэх тул тэр тухай энд улиглах нь цагийн гарз.

Мууд ч сайны үр бий гэдэг. Дэлхийг хамран дэгдсэн энэхүү цар тахал эх орны минь үнэ цэнийг юунаас ч илүүтэйгээр батлан харуулж өглөө. Эцэг дээдэс минь юуны учир тохмын чинээ газраа ч өчүүхэн гэлгүй, энэ минийх хэмээн эцсээ хүртэл тэмцэж ирсний учир гэвэл, нэгэн жарны арыг ч даалгүй хөгшрөх алд биеэ гэсэнгүй, хэдэн үеэрээ мөнхрөх хойчийн хойчоо гэснийх билээ.

Жишээ гэвэл захаас аван зөндөө л байна. Жил жилийн 7-р сарын 8-нд та бид, нөгөөдрийн маргааш наадам эхэлнэ хэмээн хөл алдан хөөрдөгөөс биш, 1948 оны тэр өдрийг нэг маань ч дурсан санадаггүйн гачлантай. Байтаг богд, Бүдүүн харгайт л гэвэл ахмад үеийнхэн аан тийм, тэнд чинь нээрээн тэг л үү хэмээн бүүр түүр санах байх.

Үгүй, тэгж хэрхэвч болохгүй, тэр түүхийг бид мартах учиргүй. Эх орныхоо баруун хязгаарт Монгол газар шорооныхоо алга дарам орон зайг өмгөөлж, арван баатар амиа золин тулалдсан тэр түүх, Монгол газар шорооны төлөөх аугаа түүх шүү. Тэгж л тэр баатрууд эх орон, эрх чөлөө, ирээдүй хойчийнхоо зол жаргалын төлөө алтан амиа өргөсөн юм.

Эх орон юунаас ч үнэ цэнэтэй. Эх орноо дуулаагүй яруу найрагчид, үгийн их урчууд хаана, хэн байна, нэгээхэн ч үгүй.
“Энэ бол миний төрсөн нутаг Монголын сайхан орон” хэмээн их Нацагдорж элгэн голомтоо цээж тэлэн бахдан дуулж байхад, Цэдэнжав найрагч, “чин сайхан амрагтаа хэлж үзээгүй мөртөө, чиний төлөө үхье гэж эх орондоо хэлдэг” хэмээн цаг нь тулбал амиа өгөх цор ганцхан зүйлээ цохлон дуудсан нь зүгээр ч нэг сэтгэлийн хөөрөл төдий биш юм. Манайд ч гэлтгүй, дэлхий нийтээрээ л тэгдэг.

Аж амьдрал хөөж, ертөнцийн дөрвөн зүг, найман зовхист тархан одсон олон монголчуудын зүрх сэтгэлд сүүлийн бараг хагас жилийн хугацаанд эх оронч үзэл дахин амилан сэргэж байгаа гэхэд хэтрүүлэг болохгүй. Мөр мөрөөрөө, чиг чигээрээ улс орондоо тээргүйхэн, харин ч газар газрын хэдэн валют шилжүүлсэн шиг явъя гэсэн чигч эрмэлзэлд энэ цар тахал тэгж болдоггүй юмаа гэсэн сүрхий нэгэн сануулга өглөө.

Хүний газрын хөрс нь хүртэл хатуу, өөрийн нутгийн өргөс нь хүртэл зөөлөн гэсэн нэгэн үгийн үнэнийг дахин харуулах шиг л боллоо. Элбэгдэж дэндсэн эрх чөлөөтэйдээ биш, арга буюу амь амьжиргаа хөөж, эх орноосоо дүрвэх хөдөлгөөн ерөөд оноос эхэлчихсэн, өнөөг хүртэл үргэлжилж байгааг Монголын төр засаг санах сэрэх цаг ч болсныг харуулж өглөө.

Та бидний эх орон бол Монгол улс, Монголгүйгээр бид хэн ч биш гэдгээ улам бүр ухаарсан түмэн олон, одоо хэдхэн цадаж ханадаггүй нөхдөд хамаг эрх мэдлээ тавьж туучихаад, газар нутгаараа тоглуулж, тонуулж, өртэй юм шиг идүүлж ирсэн гашуун сургамжийг цэглэе, өөрсдөө энэ газар шороондоо эзэн сууя гэх эрмэлзэл тэмүүлэл асан дүрэлзэж эхэлсэн нь бахтай. Олны хүслийг унтраах гэсэн болгон, олны хүслийг сөрсөн бүхэн харваж бадарсан гал дөлөнд нь хайруулдаг жамтай. Нэгэнт асч дүрэлзсэн монгол түмний, эх орныхоо эзэн байх хүсэл эрмэлзлэлийг хэн ч, хэзээ ч мохоож бөхөөж чадахаасаа өнгөрсөн.

Ард олон төр засгаасаа, өөрсдийнх нь итгэлийг авч, тэрхүү төр засгийн жолоон дээр суугаа эрхмүүдээс юугаан ч асуух, шахах, шаардах эрхтэй, болохгүй бол болиулах ч дархан бололцоо бий. Тэдний дотор үзээд өгье ч гэсэн, нэг ч хүн, дургүйд хүчгүй гэгчээр, хүчээр дарга, гишүүд болоогүй, бүгд л би чадна, намайг л болгоод өгөөч гэж аргадаж гуйсаар гарч ирцгээсэн гэдгийг дахин давтан хэлмээр санагддаг юм.

Ард олон юу л гэнэ, үгийг нь сонсч, хариулахад хичнээн амаргүй ч, хариулт өгөх нь, тэр тусмаа өмнөө хэнийг түлхэлгүй, өөрсдөө хариуцлага үүрч хариу өгөх нь төр түмний итгэлцэл, төр засаг баттай оршихын үндэс юм.

Сүүлийн үед нэг биш хүн, бүр Алибаба-гаас эх баримтыг нь гартаа барьж байгаад, иш татаж, манай ийм тийм газрыг зарна гэсэн зар харь энэ оронд явж байна гэж мэдэгдэх боллоо.
Энэ чухам юуны ёр вэ? Төр засгийн эрх мэдэл атгаж байсан урд өмнөх хүмүүс энэ засгийн үед явуургүй болонгуут ийм бусармаг хөдөлгөөн өрнөв үү гэж зарим хүмүүс хэлж л байна. Тийм л байгаасай, одоогийн бидний итгэл өгсөн энэ хүмүүсийн оролцоо бүү байгаасай, харин тэд хүнд хэцүү ч гэсэн засах гэж тэмцээсэй хэмээн хүсэмжилж байна. Тэгэхдээ харь орон, харь хүмүүст бурууг өгөөд, өөрсдөө бүү бултаарай хэмээн захиж байна. Үнэндээ ч, газар нутаг зарна гэсэн зар дагаад, хөрш орноо, хүн ардыг нь буруутгах хандлага ч гарах шинжтэй.

Овоо босоогүй бол, шувуу хаанаас суух вэ? Манайхан дотроосоо л газар нутгаа, харийнханд, мөнгө цагаан нүд улаан гэгчээр арилжиж наймаалаагүй бол, хэн хаанаас орж ирээд түүнийг олж аваад, одоо бүр гар дамжуулан зарахдаа тулах билээ? Баттай хэлэхэд, газар нутгаа мөнгө бодож, харийнханд зарсан "ширхэг" ч эгэл ард байхгүй, дандаа л эрх мэдэлтэнгүүд, тэдний үүрэг даалгаврыг биелүүлэгчид бий. Тийм болохоор ч шалгахад хэдий амаргүй ч, олны шаардлагаар нэн тэргүүнд, газрын лиценз олгодог, газар нутаг дамжуулан зарах бололцоо бий болгодог эрх бүхий төрийн бүх байгууллагуудад онц байдал тогтоож, лиценз олголтын баримтыг нэг бүрчлэн шалгаж, мухарлах хэрэгтэй болох нь. Олны санал ийм л байна.

Тэгж л байж, харь оронд зарна гэж байгаа тэр олон зарын эх сурвалж, эзэн холбогдогчид, гар хөл бологчид нь манайхаас тодорхой болон гарч ирнэ, тэгж ч байж, улс дотроо хариуцлага тооцож, алдаа нүглээ засна. Түүнээс биш гаднаас гэнэт орж ирээд, хүчээр газар нутгаас минь булаагаад авчихсан нэг ч хүн гадны хүн байхгүй гэдгийг монгол түмэн мэдэхтэйгээ ард түмэн. Маргааш УИХ-ын ээлжит бус чуулган эхэлнэ!

До.Чулуунбаатар 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.