
Австралийн төрийн өмчит шуудангийн компани болох Australia Post корпорацийн захирал компанийнхаа 4 ажилтанд урамшууллын журмаар тус бүр 14 мянган ам.долларын үнэ бүхий бугуйн цаг бэлэглэсэнтэй холбоотойгоор ажлаасаа халагджээ.
2017 оноос хойш Australia Post корпорацийн гүйцэтгэх захирлаар ажилласан Кристин Холгейт татвар төлөгчдийн мөнгийг хий дэмий үрлээ гэсэн олон нийтийн хатуу шүүмжлэлд өртсөн юм. Кристин Холгейт 2018 онд ажилчдадаа Картье брендийн цаг бэлэглэсэн явдлыг өнгөрсөн сард хийгдсэн парламентын шалгалтаар илрүүлсэн аж. Австралийн Ерөнхий сайд Скотт Моррисон Кристин Холгейтийн уг үйлдэлд цочирдсон гэдгээ онцолжээ.
Тэрээр өнгөрсөн сард хийсэн мэдэгдлийнхээ үеэр Кристин Холгейт албан тушаалаа өгөх нь зөв хэмээн, "Australia Post компанид орж ирж буй доллар бүр нь Австралийн татвар төлөгчдийн мөнгө учраас татвар төлөгчдийн мөнгөнд хүндлэлтэй хандах ёстой." хэмээн онцолжээ. Australia Post корпорацийг бие даасан захирлуудын зөвлөл удирддаг ч тус компанийг Австралийн засгийн газар эзэмшдэг аж. Өнгөрсөн даваа гарагт Кристин Холгейт албан тушаалаасаа огцорч буйгаа мэдэгдсэн ба тэрээр Зул сарын баярын ид ачааллын үеэр компанийн ажилд саад болохгүй байхын үүднээс албан тушаалаа өгч буйгаа онцолжээ. Тэрээр урамшуулал хэлбэрээр бугуйн цаг хүлээн авсан ажилчид нь Australia Post компанид 220 сая австрали долларын хөрөнгө оруулалт татан авч, компанийнхаа санхүүгийн байдлыг огцом сайжруулж чадсан хэмээн удаа дараа тайлбарлаж байсан аж.
Australia Post компанийн хувьд коронавирусын цар тахлын үеэр бараа бүтээгдэхүүний хүргэлтийн үйлчилгээ үзүүлэх чухал үүрэг гүйцэтгэсэн юм. Кристин Холгейтийн мэдэгдсэнээр коронавирусын цар тахал эхэлснээс хойш тус компани 300 сая илгээмж хүргэж, Австралийн цахим бизнесүүдийн 80 гаруй хувийг дэмжиж ажиллажээ.
Эх сурвалж: BBC
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.