
Эрүүл мэндээ буцааж олж авах арга зам
Би олон жилийн эмчилгээний практиктаа нэг ч хүнд өвчин намдаах эм бичиж өгч байсангүй. Зgримдаа миний ажлын өрөөнд өвдөлтөөсөө болоод хөдөлж ч чадахгүй хүнийг дамнуурган дээр хэвтүүлээд авчрах тохиолдол ч байдаг. Ийм хүмүүс урд нь их хэмжээгээр өвчин намдаах эм, блокад, гармоны эмнүүд хэрэглэж байгаад сүүлдээ бүр үйлчлэхээ больчихсон байдаг. Тулгуур эрхтний өвдөлтийн синдромыг эмчлэх миний эмчилгээний арга нь организмын өөрийнх нь нөөцийг ашиглан тэвчихийн аргагүй өвдөлтийг эмгүйгээр намдаахад оршдог.
Хүмүүст өөрийнхөө эрүүл мэндээ эргүүлж олж авахад тусалдаг 5 арга зам байдаг. Нэгдүгээрт: Өрцний амьсгал. Энэ бол амьсгалын дасгал биш амьсгалын булчингууд түүн дотроо хамгийн гол нь өрцний булчингаа удирдаж сурах чадвар юм. Өрцний булчинг зөв ажиллуулж сурвал дотор эрхтний үйл ажиллагааг хариуцдаг булчингуудын стрессийг арилгана. Үүний үр дүнд булчин суларч, өвдөлт намдана.
Хоёрдугаарт хөдөлгөөн. Зөв дасгал хөдөлгөөн эмчилнэ. Хөдөлгөөн бол биений хүчний дасгал. Ямар дасгалыг ямар давтамжтай хийх гэдгийг мэргэжлийн хүн тухайн хүний биений хүчний байдлаас хамаарч шийднэ.
Гуравдугаарт – хүйтэн усны эмчилгээний чанар. Би 22 настайдаа суга таягтай явдаг байхдаа өөрийнхөө хүндрэлтэй байдлаас яаж гарахаа эрэлхийлж эхэлсэн. Эмч нар бол намайг зүгээр л хаячихсан. Одоо миний эрүүлжихээр хийж байгаа бүх юмыг хориглож байсан. Тэр үед хүйтэн усны эмчилгээний чанарын тухай сонсчихоод хүйтэн устай бананд булхахад аймаар санагдаж байсан. Орчин үед энэ эмчилгээний чиглэлийг криотерапия гэж нэрлэдэг. Хүйтэн усыг би амьд ус гэж нэрлэдэг. Энэ усны шинж чанарыг зөв ашиглаж сурах хэрэгтэй.
Булчингийн өвдөлтөөс урьдчилан сэргийлэх буюу өвдөлтөөс бүр мөсөн салахад орос маягийн сауна их тус болдог. Энэ бол дөрөв дэх арга зам юм. Анхааруулж хэлэхэд саунад орохоосоо өмнө хүчний дасгал хийж, сайн хөлрөх нь чухал байдаг. Саунад орсоныхоо дараа биеэсээ илүүдэл халууныг гадагшлуулахын тулд хүйтэн устай бананд юмуу шүршүүрт орох хэрэгтэй.
Эерэг үр дүнд хүрэхэд тухайн хүний сэтгэл санааны өөдрөг байдал, өөртөө итгэх итгэл, өөрийнхөө эрүүл мэндийн төлөө уйгагүй тэмцэх зорилго их чухал үүрэгтэй. Энэ бол тав дахь түлхүүр нь бөгөөд үүнгүйгээр өвчнөөс салах боломжгүй.
Одоо зөвлөгөө авахаар над руу хандсан хүмүүст туслахыг хичээе.
Самарт амьдардаг нэг эмэгтэй түүний 46 настай хүүд гай зовлон тохиолдсон талаар бичжээ. 2013 оны намар хүү нь өндрөөс харайж, өсгийний ясаа хугалжээ. Өнгөрсөн оны 12 дугаар сарын дунд хүртэл хөлдөө гипстэй хэвтжээ. Шарх нь удаан эдгэж, хөл нь хавагнаж, өвдөлт нь намдахгүй, алхаж явахад хүндрэлтэй байв.
Өсгийний ясны хугарал удаан эдгэдэг хүнд хэлбэрийн гэмтэл юм. Удаан хугацаанд хавагнана. Цусны бүлэгнэл үүснэ. Энэ бүх шинж тэмдэг танай хүүд илэрсэн байна. Хөлийн улны хавагналыг шатан дээр хийдэг дасгалын тусламжтай арилгаж болно . Ямар нэгэн хөдөлгөөнгүй юмнаас барьж, шатны ирмэг дээр хөлийн хуруун дээрээ тулж зогсоно. Дээшээ алгуур өлмий дээрээ биеэ өргөж, алгуур буулгана. Өвдөлттэй байсан ч хийх хэрэгтэй. Энэ бол цорын ганц арга. Дараа нь хөлөө түмпэнтэй хүйтэн усанд 1-2 минут булхуулах хэрэгтэй. Мөн резинэн амортизатор, тусгай шаахай ашиглан хүчний дасгал хийж болно. Хөдөлгөөнгүй эд зүйлэнд резинээ бэхэлж, эсрэг тал руу харж суун, тавхайгаараа резинен амортизаторыг татах дасгалыг хийнэ. Үүнээс гадна сандал дээр суугаад хөлийнхөө хурууг нугалж, тэнийлгэх хөдөлгөөн хийх, өвчтэй хөлөөрөө дунд зэргийн хэмжээтэй бөмбөгийг 10 мин-ийн турш нааш, цааш өнхрүүлэх дасгал хийхийг зөвлөмөөр байна. Иймэрхүү хүчний дасгалууд нь тавхайны үений хөдөлгөөний далайцыг сэргээнэ. Хөлний уланд зөөлөн массаж хийлгэж болно. Тусгай зориулалтын иллэг хийх зориулалттай улавчийг ашиглаж болно.
Башкортастанд амьдардаг нэгэн эрэгтэй рентген зурагны тайлбараа ирүүлжээ. Түнхний үений толгойны асептический некроз, коксартроз 4 дэх түвшин. Би яах вэ? Нуулгүй хэлэхэд нөхцөл байдал хүнд байна. Би өөрөө энэ замыг туулсан. Би 22 настайдаа цэргийн алба хааж байхдаа автын осолд орж олон төрлийн хүнд бэртэл авч байсан. Би 12 хоног ухаангүй байсан. Тухайн үед эмч нар миний амь насыг аврахын төлөө зүтгэж, түнхний үений толгой бүрэн мултарч гарсаныг огт тоогоогүй. 3 удаа хагалгаанд ороод суга таягтай болсон намайг цаашаа өөрийнхөөрөө амьдар гээд л орхисон. Тахир дутуугийн 2 дугаар группт орсон хүн яаж амьдрах юм бэ?
Анагаахын их сургуульд оюутан болж ороод тулгуур эрхтний өвдөлтөөс салах өөр эмчилгээний аргыг эрэлхийлж, эцэст нь би олж чадсан. Үнэндээ олсон биш анагаах ухаанд өөрийн эмчилгээний шинэ аргыг нээсэн юм. Яагаад би энэ талаар дэлгэрэнгүй бичиж байна гэхээр надаас зөвлөгөө авахаар хандаж байгаа хүмүүс маань намайг ямар байдалд байж байгаад амьдралын чанараа буцааж олж чадсаныг ойлгож, миний зөвлөгөөг сайн дагаж мөрдөөсэй гэж хүсч байна. Энэ хүн хагалгаанд урьдчилан биеэ бэлдэх хэрэгтэй. Хагалгааны дараа суугаа байрлалд нэлээн хэдэн дасгал хийх шаардлагатай. Түнхний үений бүтцийн өөрчлөлт, үе солих хагалгааны талаар би түнхний үений асуудалд зориулсан номондоо дэлгэрэнгүй бичсэн байгаа. Энэ ном нь Түнхний үений тухай бүх үнэн ба өвчин зовиургүй амьдрал гэсэн нэртэй. Таны хувьд одоохондоо таяг, суга таягтайгаа яваад хэвтээ эсвэл суугаа байрлалд өвдөгний үеэ нугалж резинэн амортизаторыг татах дасгалыг хийх хэрэгтэй. Нэг их өөрийгөө зовоох хэрэггүй. Ихэнхи тохиолдолд хүн өөрийнхөө буруугаас болж өвддөг. Нэгэнт л ийм юм болчихсон юм чинь энэ өвчнөөс салах хэрэгтэй. Өвчнөөс салахын тулд арга замаа мэддэг байх хэрэгтэй. Та хагалгаанд орохоор шийдсэн үедээ надтай эргээд холбогдоорой. Тэр үед сайн ярилцья. Таниас хариу хүлээх болно. Тохиролцлоо шүү.
Дүгнэж хэлэхэд үений өвдөлт зовиуртай хүмүүс хөдлөхөөс айх айдсаасаа салж чадвал тэдний хувьд шинэ амьдрал эхэлж байгаа юм. Үений өвчнийг эдгээх ид шидтэй эм гэж байхгүй. Тухайн хүн өөрөө тууштай, тэвчээртэй, хөдөлмөрлөж байж л үенийхээ эрүүл мэндийг буцааж олж чадна.
Доктор Сергей Бубновский “Эмгүйгээр эрүүл амьдрах нь” номноос