Хүүхэд чинь асуудлаа ярьж, санал бодлоо хуваалцдаг бол та хүүхэдтэйгээ ойр, дотныг харуулж байна

Twitter Print
2023 оны 09-р сар 16-нд 13:02 цагт
Мэдээний зураг,

ТОМ БОЛСОН ХҮҮХЭДТЭЙ ЭЦЭГ ЭХЧҮҮДИЙН ҮҮРЭГ

Хүүхдүүд чинь том болчихсон бол таны хүлээх үүрэг харьцангуй бага. Нэрт сэтгэл зүйч Ирина Млодикийн зөвлөснөөр та том болсон хүүхдийнхээ өмнө ердөө хоёр үүрэг хүлээнэ. Үүнд:

1. Хүүхдэдээ жаргал зовлонгоо тантай чөлөөтэй хуваалцах нөхцөлийг бүрдүүлэх;

2. Эрүүл мэнддээ анхаарах.

Хүүхдэд чинь сайн, муу юу ч тохиолдож болно. Тэр болгоныг та тайван хүлээж авдаг байх нь чухал. Хүүхэд чинь асуудалд орсон үедээ архи тамхиар сэтгэлээ “засах” бус тан дээр ирдэг байх ёстой.

Том болсон хүүхдийнхээ зовлон шаналлыг “Чиний зовлон гэж юу байдаг юм?” гэх зэргээр үгүйсгэн “үнэгүйдүүлж” хэрхэвч болохгүй. Тэрний оронд хүүхдээ (өөрөө зөвшөөрвөл) тэврээд “Чамд хэцүү байгааг аав/ээж нь ойлгож байна” гэх нь зүйтэй. Асуудлаасаа яаж гарах бодолтой байгааг нь асуу. Гол нь та сандарч болохгүй. Хүүхэд чинь асуудлаа зохицуулах хэд хэдэн хувилбар гаргаж ирэх байх. Хувилбар бүрээс гарч болох сайн, муу үр дагаврыг хүүхэдтэйгээ сайтар ярилц.

Хүүхэд чинь бухимдлаа тайлж, сэтгэлээ онгойлгож байгаа бол та зүгээр л чимээгүй сонс. Хүүхэд чинь өөрөө хүссэн тохиолдолд л зөвлөгөө өгч байгаарай. Зөвлөгөөг “Би чиний оронд байсан бол ингэх/тэгэх байсан” гэх юм уу эсвэл “Аавд/ээжид нь ийм зүйл тохиолдож байлаа. Тэр үед би ийм/тийм алхам хийсэн... тэгээд тэгсэндээ огт харамсдаггүй эсвэл одоо хэр нь харамсаж явдаг...” гэх зэргээр өгвөл зохилтой.

Хүүхдийнхээ асуудлыг сонсмогцоо дэлбэртлээ уурлаж, баахан үглэж дуулчихсан бол яах вэ? Биеэ барьж дийлэлгүй хэтрүүлэн реакцласнаа хүлээн зөвшөөрч түүнээс уучлал гуй. Өөрт нь тулгарсан асуудал танд хүндээр тусахгүй гэдэгт хүүхэд чинь итгэлтэй байх ёстой. Эс бөгөөс тэрээр сэтгэлийг чинь зовоохгүй гэсэндээ асуудлаа нуудаг болно. Хүүхдэд чинь ямар нэгэн юм тохиолдох бүр та салгалж чичрээд, валидол шүүрч аваад байвал та хүүхдийнхээ амьдралд юу болж байгааг мэдэхээ болино. Өөрөөр хэлбэл та түүнээс хөндийрнө гэсэн үг. Тийм байдалд орохгүй гэвэл та сэтгэлийн хаттай байх нь чухал...

Хүүхэд чинь танд асуудлаа ярьж, санал бодлоо хуваалцдаг бол та баярлаж явах хэрэгтэй. Энэ нь та хүүхэдтэйгээ ойр, хүүхдийнхээ хувьд чухал гэдгийг харуулж байна.

Том болсон хүүхэдтэй эцэг эхчүүдийн хүлээх хоёр дахь үүрэг бол эрүүл мэнддээ анхаарах явдал. Мэдээж амьдралд хэзээ юу тохиолдохыг хэн ч мэдэхгүй ч та өөрийн зүгээс чадах бүхнээ хийдэг байх ёстой. Бие тань өвддөг бол эмчид тогтмол үзүүлж, эрүүл зөв хооллож, архи тамхинаас хол байж, биеийн тамираар хичээллэж байх хэрэгтэй. Та үр хүүхдээ хичээл ном, ажил төрлөө тайван хийгээсэй л гэвэл өөртөө арчаатай бай...

Орчуулсан: Өлзийбатын Уянга

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.