Өөрөө өөртөө шавь ор, таны хамгийн шилдэг багш бол та өөрөө

Twitter Print
2021 оны 11-р сар 20-нд 10:15 цагт
Мэдээний зураг,

ӨӨРӨӨ ӨӨРИЙНХӨӨ ДОТООД СӨРӨГ ДУУ ХООЛОЙТОЙ ХҮЧТЭЙ ТЭМЦ. ТҮҮНИЙГ БҮҮ ӨӨГШҮҮЛ. БҮҮ ТОО

Та яагаад миний ажил, үйлс бүтэхгүй байна, би чадахгүй байна, би амжихгүй байна, надад сэтгэлийн тэнхээ байхгүй гэж батлаад, өөрөө өөрийгөө хайцаалаад байдаг юм бэ?

Хэрэв ингээд өөртөө итгүүлчихвэл та “өөрийгөө хөгжүүлэх, өөртэйгээ ажиллах” хариуцлагаас зугтаад, өөрийгөө тайтгаруулж болохоор байна уу? Тиймээ, та ямар нэгэн зүйл хийх гэсэн чинь бүх хүн, бүх зүйл, бүх хорвоо ертөнц таны эсрэг байгаад байна. Одоо санаа чинь амрав уу? Санаа чинь үнэхээр амраад, тайвширч байна уу?

Уг нь өөрийгөө эрч хүчтэй болгож зоригжуулахад хамгийн түрүүнд хэрэгтэй зүйл бол таны сэтгэлийн тэнхээ юм. Хэрэв үүнийг өөртөө байхгүй гэж хүлээн зөвшөөрч, хаяж байгаа бол бусад бүх өөрийнхөө давуу тал, сайн чанаруудаа тэр чигээр нь хаяж байгаатай адилхан.

Хүмүүс сэтгэлийн тэнхээтэй байх, хувийн сахилга баттай байх гэдгийг өөрийгөө шийтгэж, өөрөөрөө хүчээр юм хийлгэхтэй адил ойлголт гэж андуурдаг. Ингэж сөрөг талаас нь харж байгаа болохоор хөгжүүлэхийн тухай бүр санасны гарз болж байгаа юм.

Энэ талаар нэг номонд маш ойлгомжтой тайлбарласан нь сахилга бат гэдэг энэ үгийн үндэс нь “САХИХ ДАГАХ, ШАВЬ ОРОХ” гэдэг үг бөгөөд та хувийн сахилга баттай байна гэдэг нь ТА ӨӨРӨӨ ӨӨРТӨӨ ШАВЬ ОРЖ БАЙНА, ӨӨРӨӨ ӨӨРИЙГӨӨ СУРГАЖ БАЙНА гэсэн үг. ЭНЭ ЕРТӨНЦ ДЭЭРХ ХАМГИЙН ШИЛДЭГ БАГШ БОЛ ТА ӨӨРӨӨ ЮМ. ТАНЫГ ТА ӨӨРӨӨ Л ӨӨРЧИЛЖ ЧАДНА. ӨӨР ХЭН Ч БИШ. Ингэж сэтгэж эхэлбэл сэтгэлийн тэнхээтэй байх тийм ч хэцүү санагдахгүйгээр барахгүй, та өөрөө хүчирхэг болсоноо мэдэрч, өөрийгөө хүндэтгэнэ.

Америкийн сэтгэгч Ральф Уалдо Эмерсон нэгэн арлын дайчдын домгийг ярих дуртай байсан нь, тэд зөвхөн дайснаа ч бус дайсныхаа гэр бүл, овог аймгийг бүхэлд нь устгах юм бол тэр бүх хүний хүч чадал өөрт нь шилждэг гэж итгэдэг байсан тухай үлгэр юм. Хэрэв бид тэр “СЭТГЭЛИЙН ТЭНХЭЭГҮЙ, СӨРӨГ ҮЗЭЛ БОДЛУУДАА устгаж чадвал түүний уруу татах хүч бидэнд сэтгэлийн тэнхээ, эерэг хандлага болон шилжиж ирнэ. Хэдий чинээ том “СӨРӨГ БОДЛУУДАА” дарж, дийлж чадна төдий чинээ их хүч чадал бидэнд орж ирэх болно.

Үүнийг хийх хамгийн энгийн аргуудын нэг бол та өөрийн хийхээс зүрхшээдэг зүйлээ зоригтой барьж аваад, өөрийнхөө “Сэтгэлийн тэнхээгүй, сөрөг бодлууд”-н эсрэг давшилт болгон хийж бай. Та тэр ажлаа дуусгахдаа ямар их хүч өөрт тань шилжин ирж буйг мэдэрч, харах болно.

Та бүхэн минь өнөөдөр “сэтгэлээр унагадаг, сөрөг бодлууд”-нхаа эсрэг дайн зарлах нэгэн зүйлийг хийж, өөрөө өөртөө шавь ороорой.

Цэндийн Одонтуяа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.