Вашингтон Хятадын теннисчин Пэн Шуайн аюулгүй байдалд санаа зовж буйгаа илэрхийлжээ

Twitter Print
2021 оны 11-р сар 20-нд 13:24 цагт
Мэдээний зураг,

Хятадын алдартай теннисчин Пэн Шуай хоёр долоо хоногийн өмнө Хятадын Шадар сайн асан Жян Гаолийн бэлгийн хүчирхийлэлд өртсөн тухайгаа нийгмийн сүлжээнд бичсэнээсээ хойш олон нийтийн өмнө ил гараагүй, цахим орчинд ч идэвхгүй байгаа явдалд АНУ-ын зүгээс санаа зовж буйгаа илэрхийлжээ.

Цагаан ордон Хятадын эрх баригчдаас Пэн Шуай эрүүл саруул, аюулгүй байгааг нотлох баримт үзүүлэхийг шаардаад байна. Их Дуулгын хосын төрөлд түрүүлж байсан 35 настай Пэн Шуай энэ сарын 2-нд Хятадын нийгмийн сүлжээнд Хятадын Коммунист намын өндөр дээд албан тушаалтан болох Жян Гаолийн бэлгийн хүчирхийлэлд 2013-2018 оны хооронд өртсөн тухайгаа бичсэн ба түүний уг пост хэдхэн минутын дараа устгагджээ.

Түүнээс хойш Пэн Шуай олон нийтийн өмнө ил гараагүй, хэнтэй ч холбогдоогүй мөн цахим орчинд ч идэвхгүй байгаа юм. Пэн Шуайн талаар тодорхой мэдээлэл өгөхгүй бол Эмэгтэйчүүдийн Теннисийн холбоо БНХАУ-д болох тэмцээн уралдаануудаа цуцлана хэмээн мэдэгджээ.

Тус холбооны тэргүүн Стив Саймон BBC агентлагт өгсөн ярилцлагадаа Бээжин теннисчин Пэн Шуай амьд, аюулгүй байгаа гэдгийг баталж чадахгүй бол Хятадад ирэх жил теннисийн ямар ч тэмцээн уралдаан болохгүй гэжээ.

Хятадын Теннисийн холбооноос Эмэгтэйчүүдийн Теннисийн холбоонд Пэн Шуайг эрүүл саруул Бээжинд хотод байгаа хэмээн мэдэгдсэн ч Стив Саймоны хэлж байгаагаар Хятадын Теннисийн холбоо уг мэдэгдлээ нотлох ямар ч баримт үзүүлээгүй аж.

Өнгөрсөн баасан гарагт Пэн Шуайн нэрээр WeChat нийгмийн сүлжээнд түүний 3 гэрэл зураг нийтлэгдсэн ч мэргэжилтнүүд уг гэрэл зургууд нь үнэн бодитой эсэх нь эргэлзээтэй гэж үзэж байна.

Теннисийн Их Дуулгын 23 удаагийн аварга Серена Уиллиамс, теннисийн дэлхийн шилдэг тамирчин Новак Жокович зэрэг талбайн теннисийн тамирчид Пэн Шуай сураггүй алга болоод буйд цочирдож, санаа зовж буйгаа илэрхийлсээр байна.

Эх сурвалж: BBC

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn

 
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.