Амьдрал зохиож буй залуусдаа хариуцлага, үүргийг нь үүрүүлээд тайван орхивол яасан юм?

Twitter Print
2021 оны 11-р сар 22-нд 11:20 цагт
Мэдээний зураг,

Хүмүүс бид чинь нэг нэгэндээ их сайхан "сэтгэл" гаргаж, "чамайг л бодсондоо" гэж байгаад л хэлдэг зөвлөгөө байдаг.

Цэл залуухан, хүүхдээрээ шахуу залуухан хосууддаа, голдуу өөрсдийн дүү нартаа, хүүхдүүддээ эсвэл дотны "хамгийн сайн найздаа" бидний олонхи нь хэлдэг зөвөлгөөний талаар бодож явдгаа хэлье.

Хоёр биендээ хиргүй тунгалаг сэтгэлээр итгэсэн итгэлцлийн үндсэн дээр хайр гэдэг ариун галаар тулгандаа гал бадрааж залуухан хосууд маань уужим их хорвоог хамтдаа туулах урт холын замаа эхэлдэг. Мэдээж олон янзын бэрхшээл, шалгалт сорилт тэдний маань амьдралд тохиолдоно. Тэр бүгдийг даван гарах гол суурь хүчин зүйл бол хоёрхон биедээ эргэлзэлгүй итгэх итгэл мөнөөсөө мөн.

Чухам тэр л итгэлийг нь сорих сорилын цаг болоход тэрхүү насанд хүрсэн, бие даасан, хариуцлагаа үүрсэн залуусдаа ар гэрийнх нь хувьд, анд нөхрийнх нь хувьд бүгд санаа тавьж туслахыг хичээдэг. Даанч тэрхүү туслахыг хүссэн сайхан сэтгэл маань тэдний "хэт залуу", хэтэрхий гэнэн", "юугаа ч мэдэхгүй" гэгдэх хамгийн "сул" талууд руу нь төвлөрч чиглэгдэн онилогддог.

Бид тэдэндээ хэлдэг үгнүүдээ дахин нэг сайтар задлаад анализ хийгээд үзье л дээ.

-За цаадах чинь гадуур дэмий тэнээд байгаа юм биш байгаа,

- Цалин ер нь хэдийг авдаг юм бол оо? Чи тэрийг нь мэдэж, хянаж байхад яадаг байнаа,

- Чи л гэж нэг гэнэн тэнэг юм, хэлсэнд нь итгээд л ангайгаад сууж байдаг, гэтэл цаадах чинь юу ч хийж яваа юм билээ,

- За дүү минь анхнаас нь л базаж авахгүй бол сүүлдээ дийлдэхээ болино шүү,

- Эхнээс нь л ингэж сургах хэрэгтэй....

Мэдээж хамгаас хайрлаж явдаг дүүдээ, хүүдээ, охиндоо, найздаа хамгийн сайн сайхныг л хүсэж байгааг чинь ойлгохын дээдээр ойлгоод байнаа. Бас сэтгэлийн тэнхээ муутай, элдэв муу зуршилтай зарим хүмүүсийн тухайд яриагүй, энэ нь өөр сэдэв шүү энэ талаас нь шүүмжлэх гэсэн хүмүүс нь ингэж бичсэнийг минь дахин уншаарай.

Гол санаа минь дээрх хэдэн үгийг "сайн" санаж хэлснээрээ тэдгээр сайхан "гэнэн" гэгээн, эрүүл итгэлцэл дээр тогтож буй амьдралыг эргэж форматлагдахгүйгээр вирустүүлж байгаагаа бид ер нь анзаардаг билүү? Тухайн үед хэлсэн тэр хэдэн үгс, "оновчтой санаа", "сэтгэлийн зөвөлгөө" нь тийм хурдан үйлчлэхгүй, "үр дүн" нь харагдахгүй байж болно. Гэвч нэгэнт " халдвар" авсан сэтгэл, олон удаа уйгагүй нэмж update хийсээр байтал нэг л өдөр тэрхүү программ нь ажиллаж эхлэн, гэгээн итгэл нь харанхуй хардалт, тулааны талбар, эрүүл бус өрсөлдөөний орчин болж хувирдаг.

Энд би угаасаа "төрмөл" хардалт гэдэг "өвчний" тухай, эсвэл тэр өвчний эхлэлийг үүдэгч тэвчээргүй нэгний тухай ярих гээгүй шүү. Эн тэнцүү итгэлцэж явсан залуу хүмүүсийн амьдралд тэрхүү "элгэмсэг" зөвөлгөө нь яаж "тус" болж болох тухай л хэлж байгаа юм.

Энэ чинь л явж явж гэр бүл салатын шалтгаан, дам нөлөө, амьдрал нь "амьдын там" болоход нөлөөлж байгаа биш гэж үү?

Нэгэнт л өөрсдөө амьдралаа өөрсдийнхөөрөө зохионо гээд гараад явсан залуусдаа хариуцлага үүргийг нь тэр чигт нь үүрүүлээд тайван орхивол яасан юм? Тасралтгүй л тархийг нь хар хороор угаагаад, сэтгэлийг нь булингартуулаад, итгэлийг нь нулимж дэвслээд ямар хэрэг байнаа? Тэр нэг хоёр "нялх" амьтад чинь амихандаа л бие биедээ гэнэхэн боловч ариухан итгэлээ даалгаад тэрэндээ баясаад өөрсдийнхөөрөө амьдраг л дээ.

Угаасаа бид бүгд тийм програмаар өөрсдөө цэнэглэгдэж өссөн болохоороо үүнийгээ байх л ёстой зөв зүйл гэж бодоод бгаа юм болов уу? Арай болохгүй байхаа. Хүн бүрийг яг тэгж боддог гэж бодохгүй бна. Дахин сайн бодоод үзээрэй та нар минь.

Залуусдаа эрүүлээр сэтгэх, итгэх, хайрлах, амьдрах боломжийг нь битгий булингартуулаарай гуйя.

Намхайдоржийн Цогтмандах

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.