1926-1930 онд Францын Мишиле коллежид суралцаж байсан Монгол оюутны дэвтэр

Twitter Print
2020 оны 03-р сар 13-нд 12:52 цагт
Мэдээний зураг,

A notebook of one of the Mongols at Lycée Michelet in France 1926

Хувьсгалт засаг тогтоод удаагүй байсан Монгол Улс орчин үеийн сэхээтнүүдийг бэлтгэх зорилгоор 1926 онд ирээдүйн их зохиолч Д.Нацагдорж тэргүүтэй 36 сурагчийг Европ руу анх илгээсэн юм. Мориор, машинаар, галт тэргээр, усан онгоцоор олон хоног явж Герман, Францын хотуудад очсон тэдний нэг нь Парисийн Мишиле коллежид сурахаар явсан Т.Аюурзана байв. Тэрбээр нэгэн өдөр багштайгаа гадуур явж байгаад хонь бэлчиж байхыг хараад ихэд сонирхон юун учиртай хонь болохыг багшаасаа асуухад “Эдгээр хонины ноосоор чиний өмсөж байгаа пальтог хийдэг юм” гэжээ.

Үүнээс хойш тэр ноос хэмээх түүхий эдийг сонирхох болж, эх орондоо зөөлөн ноостой хонины үүлдэр гаргаж авахыг мөрөөддөг байжээ. Тэрбээр 1942 онд “Ноос бол алт” хэмээх ном бичиж, таван хошуу малын ноос, ноолуур, үс, хөөврийг хэрхэн зөв бэлтгэх тухай арга техникийг дэлгэрэнгүй тайлбарлажээ.

Улаанбаатарчууд-н зураг.

Үүнээс хойш “ноос бол алт” хэмээх үг ардын аж ахуйд хэвшмэл болж, ноосны эдийн засагт гүйцэтгэх чухал үүрэг, түүний үнэ цэнийг тодотгосон хэллэг болжээ. Т.Аюурзана 1945 онд Монгол, Зөвлөлтийн хамтарсан мал аж ахуйн хайгуулын албаны даргаар ажиллах болсноор мөрөөдлөө биелүүлэх ажилдаа шуурхай оржээ.

Улаанбаатарчууд-н зураг.

Ийнхүү 20 орчим жил олон тооны үржил, селекци, ажиглалт, туршилт, судалгаа явуулсны үр дүнд 1961 онд нарийвтар ноост Орхон үүлдрийн хонийг бий болгожээ. Үүгээрээ тэр Монголын анхны мал зүйч, гавьяат зоо техникч болжээ. Ингэснээр “ноос бол алт” гэдэг үгийн агуулга улам баяжиж, зөвхөн ноос бус мэдлэг, хөдөлмөр шингэж бий болсон аль ч бүтээгдэхүүнийг илэрхийлэх болжээ. Тиймдээ ч социализмын үед хонины хашааны орчим тарсан хонины унгасыг хүүхдүүдээр юу ч үлдээлгүй түүлгэдэг байж.

Улаанбаатарчууд-н зураг.

Орхон үүлдрийн хонь нь цагаан зүсмийн, дунджаар 4.5 кг хагас нарийвтар, 20-26 микроны ноостой. Энэ үүлдэрийн хонь бий болсон цагаасаа тоо толгой нь тогтмол өсч 1990 онд 243 мянган толгой хүрчээ. Ноосоор нь дарга нарын өмсдөг байсан драпан пальтоноос эхлээд төрөл бүрийн хувцас үйлдвэрлэж, нийтдээ 1960-1990 он хүртэл 100 тэрбум орчим төгрөгийн ашгийг Монгол улсын эдийн засагт өгсөн гэсэн тооцоо байдаг.

*Энэ дэвтэр одоо Академич Аюурзана гуайн зээ ШУ-ны Доктор, "Tesoro Floreale" брэндийн үүсгэн байгуулагч Эрдэнэчимэгийн Амар гуайд хадгалагдаж байдаг юм. 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.