Хоорондоо эд зүйлээ булаалдаж, муудалцаж байдаг хүүхдүүдийг хэрхэн үл тоох вэ

Twitter Print
2020 оны 06-р сар 21-нд 15:29 цагт
Мэдээний зураг,

Хүүхэд хол зайтай, ойрхон зайтай дүүтэй болсон аль аль нь стрессдэг ч дийлэнхдээ 2-3 насны зөрүүтнүүд хоорондоо их зөрчилддөг.

Тухайлбал, эгчийнхээ шинэ жилийн бэлэг болгон авсан тоглоомыг дүү нь тоглож байгаад унагаагаад хагалж орхив. Тэгмэгц ээж нь эгчид “Тоглоом нь хагарчихлаа. Дүү нь унагаад эвдэлсэн ч гэсэн, албаар тэгээгүй шүү дээ, тэр жоохон байна...” гэж өмнүүр нь орж асуудлыг шийдэж өгөхөөс илүүтэй дүүгээс сонголт асууна. “Эгчийнхээ хайртай тоглоомыг хагалчихлаа. Эгчдээ юу гэж хэлмээр байна?” дүү харин юу хийхээ мэдэхгүй байна гэвэл ээж нь тусалж болно.

“Эгч уурлах байх гээд айгаад хэлж чадахгүй байна” гэвэл “Ээж нь хажууд нь байж өгөх үү? “Тэгсэн хэдий ч уучлаарай гэдэг үгийг чи өөрөө хэлэх хэрэгтэй шүү” гэж зөвлөх хэрэгтэй. Эгч магадгүй “Яагаад унагаасан юм? Чи ахиад миний юманд хүрч болохгүй” гэж их уурлаж ч мэдэх.

Тэр үед “Дүү нь уучлалт гуйж байхад тэгж хэлвэл яах болж байна аа? Чи эгч нь учраас, дүүдээ жоохон зөөлөн хандах хэрэгтэй шүү дээ” гэх зэргээр дүүгийн талд зогсож болохгүй.

Хичээн байж уучлалт гуйх зориг гаргасан дүүгийн талд зогсохыг хүсэж буй ч, эгч ч гэсэн нандин зүйлээ эвдүүлээд сэтгэл нь хэцүү байгаа анхаар.

Эгч дүү, ах дүүгийн хэн нь ээжийн халамжийг илүү их авч байна гэж үргэлж өрсөлдөж байдаг. Ээж нь дүүгийн талд орлоо гэж бодох л юм бол, нөгөөх нь улам их гомдож, илүү ихээр “Буруу зүйл хийсэн нь дүү шүү дээ. Уур хүрч байна” гэж зөрүүдлэх эсвэл дараа нь дүүдээ уураа гаргаж ч мэдэх юм. Тийм учраас “Ингэж хэлэх юм бол дүү нь ч гэсэн гомдож мэднэ шүү дээ” гэх зэргийн үг хэлээд л орхих нь дээр юм. Эсвэл тэднийг түр нэг өрөөнд үлдээх нь ч гэсэн сайн арга болдог. Гэнэтхэн ээж нь алга болвол эгч дүүгийн хоорондын маргаан намжих тохиолдол их байдаг.

Энэ үед аав ээжийн туслах үүрэг бол “Ах, эгчийн эд зүйлийг дахиж эвдэхгүй” гээд л амлалт аваад дуусах биш цаашдаа ахаасаа, эгчээсээ асуусны дараа тоглоомоор нь тоглоно, сольж тоглоно гэдэг дүрэм зохиох эсвэл тоглоомыг нь засах боломжтой эсэх талаар ааваасаа асууна зэрэг эерэг аргыг бодож олохуйцаар туслах явдал юм.

“Ах нь юм чинь, эгч нь юм чинь” гээд орхивол хүүхэд улам стресст орж, бүр даамжирвал өөртөө итгэлгүй болдог. Стресс ихэдсэн хүүхэд дийлэнхдээ зурагт үзэх гэх мэт ухамсаргүй анхаарал төвлөрөлтийн үедээ хумсаа мэрэх, хуруугаа хөхөх үйлдэл хийж улам ганцаараа байхыг хүсэх болдог. Мөн энд тэнд өвдлөө гэж гоншигнодог. Энэ нь худлаа гэдгийг та мэдэж байгаа ч, нөгөө талаараа хүүхэд танаас анхаарал нэхэж байгаагаа илэрхийлж буй нэгэн хэлбэр юм шүү гэдгийг анхаараарай.Тиймээс ойрхон хүүхэдтэй эцэг эхчүүд хүүхдийнхээ стрессийн учир шалтгааныг тогтоох, стресстэхийг болиулах талаар онцгойлон анхаарах хэрэгтэй.

Хүүхэд ээжийнхээ хажууд дүүгээ өхөөрдөж асарч байснаа түр орхих хооронд дүүгээ чимхэх юм уу, цохиж зодох тохиолдол олон гардаг. Тэдний энэхүү үйлдэл нь дүүдээ дургүйдээ бус өөрт нь чиглэж байсан эцэг эхийн хайр анхаарлыг дүү нь булаагаад авчихаас айсандаа хийдэг зүйл юм. Ийм тохиолдолд эцэг эхчүүд өөрсдийгөө дүүгийнх нь талд ороод байгаа юм биш биз, дүүг нь асрах гээд том хүүхдээ анзаарахгүй байгаа юм биз, ах эгч шиг бай гэж тулган шаардаад байгаа юм биш биз гэдгийг нягтлан үзэх хэрэгтэй.

Байх ёстой өөрчлөлтийг хүлээж авах нөхцөл бүрдүүлэх

Гарч болох өөрчлөлтийг дүүг нь төрөхөөс өмнө урьдчилан хийх хэрэгтэй. Том хүүхдийн өрөөг дүүд нь гаргаж өгөх хэрэгтэй бол өрөөг нь хүүхэд төрөхөөс хэдэн сарын өмнө солих буюу орыг нь том ороор сольж өгөөрэй. Дүүг нь төрснөөс хойш томыгоо харах боломжгүй бол хүүхдээ төрөхөөс хэдэн сарын өмнө том хүүхдээ цэцэрлэгт оруулах, бие даалгах хэрэгтэй.

Гадуурхагдаж байгаа мэт сэтгэгдэл төрүүлэхгүй байхаар санаа тавих. Ээж нь бага хүүхдээ хөхүүлж байх хооронд аав нь том хүүхэдтэйгээ тоглож том хүүхдэд ч бас дүүгийнхээ нэгэн адил хайрлуулж халамжлуулж байна гэдгийг мэдрүүлэх хэрэгтэй. Мөн том хүүхдийнээ багынх нь зураг, бичлэг зэргийг үзүүлж, өөрийг нь ч бас багад нь дүү шиг нь усанд оруулж, живхийг нь сольж, хооллож байсныг харуулах нь үр дүнтэй.

Оролцооны сэтгэлгээг мэдрүүлэх Том хүүхдээрээ дүүгийнх нь угж, живх зэргийг авчруулж, тэгснээрээ дүүгээ халамжлах хайрлах шижмийг бий болгоорой. Дүү нь одоохондоо нас бага тул харж асрах хэрэгтэй гэдгийг заавал тайлбарлаарай.

Аав ээж өөрөө дүүтэй бол дүүгээ багад нь хэрхэн асарч одоо ч хэрхэн анхаарч халамжилж байгаагаа ярьж өгч эгчийн хувьд дүүгээ харж асрах нь бахархууштай хэрэг хэмээн урамшуулаарай.

Дүүд нь хувцас, тоглоом гэх мэтийг авахдаа ах, эгчийнх нь саналыг сонсож, сонголтыг тэднээр хийлгэж үзээрэй.
Заа тэгээд жоохон томроод ирэхээрээ хоорондоо юмаа булаалдана, хэрэлдэнэ, хов зөөнө бас л асуудал. Тэр үед авч болох хамгийн шалгарсан арга бол доорх зураг шүү. 

Хов зөөх бүрт аав ээж оролцож зөв бурууг тунгаах гэсний хэрэггүй хооронд нь өөрсдөөр нь зөв бурууг тунгаалгаж, нэгнийх нь сүйтгэсэн зүйлийг заавал хоёулангаар нь цэвэрлүүлж тэгш оролцоотой шийтгэл үзүүлж байх нь хүүхдийг хүлээцтэй байдалд сургадаг.

Аав ээжүүдийн том алдаа нь ах нь эгч нь байж, дүү нь юм чинь, дүүдээ өгчихөөч дээ, заза чи том байж гэх мэтээр дүүг нь "харж үзсээр" дүүг нь БИ гэсэн үзэлтэй, бүхний анхаарлын төвд байх сонирхолтой нэгэн болгоод эвдчихдэг*. Тиймээс ахынх нь тоглоомыг өгөх байсан ч дүүгээр нь гуйлгаж, хэрэглэх хугацааг нь хэлүүлж, зөвшөөрөл авхуулж, хоорондоо солилцох аргад сургах нь хэн хэнийх нь сэтгэл зүй, ирээдүйн төлөвшилд эерэг нөлөөтэй үлддэг шүү.

Г.Төмөрзаяа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.