
Испанийн Хөлбөмбөгийн холбооны Ерөнхийлөгч Луис Рубиалес эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн ДАШТ-нд ялалт байгуулсан Испанийн шигшээ багийн тамирчин Женни Эрмосог үнссэнтэй холбоотойгоор Олон Улсын Хөлбөмбөгийн Холбоо өнгөрсөн бямба гарагт Луис Рубиалесийг албан тушаалаас нь 90 хоногийн хугацаатай түдгэлзүүлж, Женни Эрмосо болон түүний ойр дотныхонд ойртохгүй байхыг үүрэг болгожээ.
Тэгвэл мөн л өнгөрсөн бямба гарагт Испанийн Хөлбөмбөгийн холбоо Испанийн эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн шигшээ багийн тамирчин Женни Эрмосог "худал" мэдүүлэг өгсөн хэргээр шүүхэд өгнө хэмээн мэдэгджээ.
Энэ сарын 20-нд болсон Эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн ДАШТ-ий финалын тоглолтонд Испанийн шигшээ баг Английн шигшээ багийг 1:0 харьцаатай буулгаж, Испанийн шигшээ баг Дэлхийн аварга болсон билээ. Испанийн шигшээ багт шагнал гардуулах ёслолын үеэр Испанийн Хөлбөмбөгийн холбооны Ерөнхийлөгч Луис Рубиалес шигшээ багийн тамирчин Женни Эрмосаг уруул дээр нь үнссэн нь олон нийтийн анхаарлыг татсан юм.
Үүний дараа Испанийн эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн шигшээ багийнхан Луис Рубиалесийг албан тушаалаас нь огцруулахаас нааш тэмцээн уралдаанд оролцохгүй гэдгээ мэдэгджээ.
Л. Рубиалесийн уг үйлдэл шүүмжлэл дагуулж, Испанийн ард иргэд тадийгүй улстөрчид, спортын тамирчид түүнийг албан тушаалаасаа огцрох ёстой хэмээн үзэж байгаагаа илэрхийлсэн бол Л. Рубиалес Женни Эрмосог үнсэхээсээ өмнө түүнээс зөвшөөрөл авсан, нэр төрөө шүүхэд хандаж сэргээлгэнэ хэмээн мэдэгджээ.
Өнгөрсөн бямба гарагт Испанийн эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн шигшээ багийн дасгалжуулагчид болон техникийн багийн гишүүдийн дийлэнх нь халагдах өргөдлөө өгчээ.
Испанийн Хөлбөмбөгийн холбоо ерөнхийлөгчийнхөө нэр хүндийг ямар ч тохиолдолд хамгаална гэдгээ мэдэгдээд байгаа аж.
33 настай Женни Эрмосо Луис Рубиалест өөрийг нь үнсэхийг зөвшөөрөөгүй гэдгээ мэдэгдэж, өөрийгөө бэлгийн дарамтын хохирогч болсон гэдгийг онцолжээ.
Түүнчлэн эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн ДАШТ эхлэхээс өмнө Испанийн эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн шигшээ багийн 15 тамирчин шигшээ багийн дасгалжуулагч Хорхе Вильдег албан тушаалаас нь огцруулахыг шаардаж байжээ.
Эх сурвалж: BBC
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.