Австрали ирэх сараас гадаадын оюутнууд, Япон болон Солонгос улсын иргэдийг хүлээн авч эхэлнэ

Twitter Print
2021 оны 11-р сар 22-нд 14:07 цагт
Мэдээний зураг,

Австрали улс коронавирусын цар тахлын улмаас тогтоосон хилийн хоригоо ирэх сараас сулруулахаа мэдэгджээ.

Ажиллах эрх бүхий визтэй цагаачид, гадаадын оюутнууд болон Япон, Солонгос улсын иргэд 12-р сарын 1-нээс Австрали улсын хилээр нэвтрэх боломжтой болж байгаа ба тэдгээр иргэдэд тавигдах гол шаардлага нь коронавирусын эсрэг вакцинд бүрэн хамрагдсан байх ёстой аж.

Австрали улс коронавирусын цар тахалтай холбоотойгоор өнгөрсөн жилийн 3-р сараас хойш хилээ хааж, өөрийн улсын иргэдээ хүртэл саяхныг хүртэл хилээр нэвтрүүлэхээс татгалзаж байсан билээ.

Австралийн Ерөнхий сайд Скотт Моррисон хилийн хоригоо сулруулж байгааг маш чухал алхам хэмээн онцолжээ. Австралийн засгийн газрын тооцоолсноор 12-р сараас 1-р сарын хооронд тус улсын хилээр гадаадын 200 мянга орчим иргэн нэвтрэх төлөвтэй байна.

Австрали руу зорчих иргэд Австралийн хилээр нэвтрэхээс өмнө 72 цагийн дотор коронавирусын шинжилгээнд хамрагдаж, халдваргүй гэдгээ батлах ёстой ба коронавирусын эсрэг вакцинд бүрэн хамрагдсан, Австралийн визтэй БНСУ болон Японы иргэд Австралийн хилээр чөлөөтэй нэвтрэх аж.

Өнөөдрийн байдлаар Австралийн хүн амын 16-аас дээш насны иргэдийн 85 гаруй хувь нь коронавирусын эсрэг вакцинд бүрэн хамрагджээ.

Коронавирусын цар тахлын улмаас гадаадын ажиллах хүч, гадаалын оюутнуудаас хамааралтай Австралийн эдийн засаг хямарч эхэлсэн юм.

2019 онд гадаадын оюутнууд Австралийн эдийн засагт 29 тэрбум ам. долларын орлого оруулсан нь тус онд Австрали төмрийн хүдэр, нүүр, хийн экспортоос олсон ашиг орлогын дараа бичигджээ.

12-р сарын 1-нээс эхлэн бүрэн вакцин хийлгэсэн, ур чадварын, оюутны болон түүний дагалдан гэр бүлийнхэн, орогнол хүссэн гэх мэт 28 төрлийн визтэй иргэдийг хүлээж авна.  Эдгээр визтэй хүмүүс вакцины бүрэн тунгаа хийлгэсэн байх ёстой бөгөөд дараах вакциныг Австралийн эм, эмчилгээний хяналтын алба (TGA)-наас хүлээн зөвшөөрч байгаа юм. Үүнд:

Сүүлийн 14 хоногоос өмнө дараах вакцины хоёр тунг хийлгэсэн бол:

AstraZeneca Vaxzevria

AstraZeneca Covishield

Pfizer/Biontech Comirnaty

Moderna Spikevax

Sinovac Coronavac

Bharat Biotech Covaxin

Sinopharm BBIBP-CorV (for 18-60 year olds)

Johnson & Johnson / Janssen-Cilag COVID Vaccine-нэг тунг хийлгэсэн бол Австралид бүрэн вакцин хийлгэсэн хэмээн үзнэ. Мөн дээрх вакцинуудыг хольж хийлгэсэн байж болно.

Аль бүс нутаг, мужид ирж байгаагаас хамааран тухай засгийн газраас гаргасан тусгаарлалтын дэглэмийг мөрдөх ёстой.

Сүүлийн хоёр жилийн туршид гадны иргэд заавал албаны зөвшөөрөл авч, тусгаарлалтад тодорхой хугацааг өнгөрүүлэн Австралид ирдэг байсан юм. Ингээд 11-р сард хилээ нээж, зөвхөн Австралийн иргэд болон байнгын оршин суух эрхтэй хүмүүс, тэдний гэр бүлийнхэн л ирэх эрхтэй байсныг ийнхүү өргөжүүлж байна. Бизнесийн салбарууд, зарим муж, бүс нутгууд ч ажиллах хүчний дутагдалд орж, гадны ур чадвартай иргэдийг оруулж ирэхийг шаардсаар байсан юм.

Австралийн их сургуулиудын холбооны гүйцэтгэх захирал Catriona Jackson-ны хэлж байгаагаар 130,000 орчим олон улсын оюутан Австралид ирж чадахгүй байгаа ажээ.

Олон улсын оюутнууд Австралийн эдийн засагт 40 тэрбум доллароор үнэлэгдэх хөрөнгө оруулагчид бөгөөд ажлын байранд ч гол үүргийг гүйцэтгэдэг хэмээн сангийн сайд Josh Frydenberg ярьжээ.

Эх сурвалж: The Guardian

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.