
Өнгөрсөн даваа гарагт Турк болон Сирийн газар нутагт хүчтэй газар хөдлөлт болсны улмаас амиа алдсан иргэдийн тоо 4300-г давж, бэртэж гэмтсэн, нурангин доор гацсан иргэдийн тоо мянга мянгаар тоологдож байна.
Тус бүс нутагт сүүлийн 100 жилд тохиогоогүй уг гамшгийн улмаас Туркд барилга байгууламжууд нурж, олон жилийн дайнд нэрвэгдсэн Сирийн нөхцөл байдлыг улам хүндрүүлээд байна.
Турк, Сирид болсон хүчтэй газар хөдлөлтийн дараах аврах ажиллагаа өргөн хүрээтэй үргэлжилж байгаа ч цаг агаарын таагүй нөхцөл байдал тусламжийн ажилчдад төвөг болж байгаа аж.
Одоогоор тус бүс нутгуудад цагдаа, Онцгой байдлын газар, зэвсэгт хүчний цэргүүд, хотын төрийн байгууллагын ажилчид гээд олон хүнийг аврах ажиллагаанд дайчилсан байна.
Нийт 2256 яаралтай тусламжийн эмч, эмнэлгийн ажилтан, 602 түргэн тусламжийн машин, 2 онгоц гамшгийн бүсэд ажиллаж байна
Турк, Сирийг донсолгосон 7.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт Туркийн Газиантеп мужийн Нурдаги хотоос зүүн зүгт 23 км-т газрын гадаргаас 24.1 км гүнд болсон. Сүүлийн мэдээгээр хоёр улсад нас баран хүний тоо 4300 (Турк 2921, Сири 1451) давж, 18 мянган хүн бэртжээ.
Улс орнууд эхнээсээ тусламж дэмжлэг үзүүлэхээ мэдэгдэж, аврах багийнхнаа илгээж эхлээд байгаа ба Дамаскаас газар хөдлөлтөнд хамгийн ихээр өртсөн бүс нутгуудын нэг болох босогчдын хяналтанд байгаа бүс нутаг руу олон улсын аврах багийнхныг оруулахыг зөвшөөрөхийг хүссэн байна.
Эхний 7.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт иргэдийн унтаж амрах цагаар буюу өглөө эрт болж, аврагчид байшин барилгуудын нурангин доороос иргэдийг гаргаж авахаар ажиллаж байх үед өдөр дахин 7.5 магнитудын хүчтэй газар хөдөлжээ.
Америкийн Геологийн судалгааны газраас мэдээлснээр газар хөдлөлтийн голомт 2 сая орчим хүн амтай Туркийн Газиантеп хотоос 18 км зайд байсан ба газар хөдлөлт орон нутгийн цагаар үүрийн 04:17 цагт болжээ.
Ассошэйтед Пресс агентлаг газар хөдлөлтөнд өртсөн Туркийн зүүн өмнөд зүгийн бүс нутагт зарим газар нурангин доороос хүмүүс аврал эрэн орилж буй нь сонсогдож буй талаар мэдээлжээ.
Дээрх газар хөдлөлтийн чичирхийлэл Ливан, Грек, Израиль, Ирак болон Кипрт хүртэл мэдрэгдсэн байна. Турк улс газар хөдлөлтийн идэвхжил хамгийн өндөртэй бүсэд байрладаг ба 1999 онд Истанбул хотын ойролцоох Кожаэли мужид 7.4 магнитудын хүчтэй газар хөдөлж, уг газар хөдлөлтийн улмаас 17 мянга гаруй хүн амиа алдаж, олон тооны байшин барилгууд нурсан билээ.
Туркийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр Кахраманмарас болон хөрш Газиантеп хотуудад аврагчид газар хөдлөлтийн улмаас нурсан олон давхар орон сууцны барилгын нурангин доороос иргэдийг гаргаж авахаар оролдож байгааг харуулжээ.
Газар хөдлөлт Адияман, Малатья, Диярбакир зэрэг хотуудад хүчтэй мэдрэгдэж, иргэд сандралдан гудамжинд гарцгаасан байна.
Сирийн Эрүүл мэндийн яамнаас мэдээлснээр газар хөдлөлтөнд Алеппо, Латакия, Хама, Тартус зэрэг хотууд өртсөн байна. Европ, Ази, Ойрх Дорнод болон Хойд Америкийн улс орнуудаас тусламж дэмжлэг үзүүлэхээ мэдэгдсэн ба Турк улсад Кувейт, Энэтхэг, ОХУ зэрэг нийт 45 улс орноос тусламж дэмжлэг үзүүлэхээ мэдэгджээ.
Их Британи улс Турк руу 76 мэргэжилтнээс бүрдсэн аврах багаа илгээж байгаа бол ОХУ-ын аврагчид онгоцоор Сирийг зорьжээ.
Эх сурвалж: The Guardian
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Зочин
(66.181.179.102) 2020-02-28 14:06Эдиин засгийн арга хэмжээнүүд аваачээ түрээслүүлэгч байгууллагын түрээсийг зогсоогоочээ хөл хорионын үед орлого алга түрээс төлөх боломжгүй боллоо худалдааны төв захууд
Хариулах