
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс "Эрдэнэс Монгол" ХХК-ийн захирал Д.Хаянхярвааг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан “гэмт хэрэг үйлдэж болзошгүй талаар үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа” болох нь тогтоогдож байна гэж үзэж түүнд 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн.
Түүний цагдан хоригдох 30 хоногийн хугацаа дуусгавар болсон тул шүүхийн шийдвэрээр энэ сарын 18-ны өдөр сулласан гэж Шүүхийн ерөнхий зөвлөлөөс мэдээллээ.
Нийслэлийн Прокурорын газраас Д.Хаянхярваад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2, 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт яллагдагчаар татаж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай саналыг шүүхэд шилжүүлсэн. Тодруулбал, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн захирал, УИХ-ын гишүүн асан Д.Хаянхярваагийн өрөөнд АТГ-аас прокурорын зөвшөөрлөөр нэгжлэг хийж, их хэмжээний бэлэн мөнгө хурааж авсан. Улмаар түүнийг 30 хоног цагдан хорьж шалгасан юм.
Тэгвэл Д.Хаянхярваа авлига авснаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар шийдүүлэхээр хүсэлт гаргажээ. Тэрбээр “Эрдэнэс монгол” компаниас тендер сонгон шалгаруулахдаа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдаж авах тухай хууль зөрчиж, шаардлага хангахгүй нэр бүхий аж ахуй нэгжийг сонгон шалгаруулсан. Улмаар давуу байдал бий болгосныхоо төлөө хахууль авсан байж болзошгүй хэргээр ийн шалгуулж эхэлсэн юм.
"Д.Хаянхярваад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг энэ оны арваннэгдүгээр сарын 18-ны өдрөөс өөрчилж, түүнд Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, хязгаарлалт тогтоох, хэргийн оролцогч Ш.Уртнасан, Ц.Отгонбаатар, Ш.Дорж, Л.Болормаа нартай уулзахыг хоригложээ.
Мөн хязгаарлалт тогтоох, албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлэх, буюу "Эрдэнэс Монгол" ХХК-ийн Гүйцэтгэх захирлын албан үүргийг биелүүлэхийг уг хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа дуусах хүртэлх хугацаанд түдгэлзүүлэх, таслан сэргийлэх арга хэмжээг тус тус авч шийдвэрлэв" хэмээн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газраас мэдээлжээ.
22.1 дүгээр зүйл.Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах
2.Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан бол нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
22.10 дугаар зүйл.Үндэслэлгүйгээр хөрөнгөжих
1.Нийтийн албан тушаалтан өөрийн хөрөнгө, орлого их хэмжээгээр нэмэгдсэн нь хууль ёсны болохыг үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй бол үндэслэлгүйгээр нэмэгдсэн хөрөнгө, орлогыг хурааж, нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.