
1910 оны 5-р сараас Монголд худалдааны экспедицээр хурандаа Попов тэргүүтэй экспедицийнхэн ирж ажиллажээ. Экспедицийн даргаар 1903 онд Монголд аялалаар ирж байсан В.Л.Попов томилогджээ.
Гишүүдэд Москвагийн томоохон худалдааны фирмийн төлөөлөгчид болох С.Л.Вильгуз, В.С.Шкарин, К.Колядов, Л.И.Дрейземейер, Г.Колчевский и В.Фланден нар байв.
Экспедицийн тэргүүн Попов Богд Жавзандамба хутагт лугаа хэрхэн уулзсан талаар нилээд дэлгэрэнгүй өгүүлсэн нь энэ үеийн монголчуудын байдал, Богд гэгээний тухай ойлгоход дөхөмийг үзүүлнэ хэмээн найдаж байна.
1910 оны 6-р сарын 14-ны өдрийн 14 цагаас Богд гэгээн тэднийг хүлээн авчээ. Тэр экпедицийн гишүүд бүгдээрээ нилээд их бараа авч очсон байна.
Поповын өгүүлсэн нь:
Богд гэгээн биднийг өөрийн ордоны хашаан дотор хүлээн авав. Эхлээд тэрбээр өөрөө гарч ирсэнгүй, түүний эхнэр, Ханд чин ван гарч ирээд тэднээр дамжуулан бид бараагаа үзүүлэв. Богд гэгээн бүхий л барааг үзэж сонирхсон, таалагдсанаа сонгон авч байв. Сүүлд нь грамофон дээр орос ардын дуу тавьж, биднээс энэ дуу таалагдаж байгаа эсэхийг асуув.
Богд гэгээн улмаар өөрийн өрөөнөөс, буриад казакууд болон хөтөч лам нарыг адислан биднээс нилээд их бараа авч, Москвагаас барааны захиалга хийлгэв. Бид өмнө нь урьдчилан мэдэгдээгүй байсан болохоор иймэрхүү худалдаачдын маягаар бидний угтаж авчээ.
Бидний дунд Оросын залуу хөгжмийн зохиолч Б.Б.Красин байв. Тэрбээр Богд гэгээнээс төгөлдөр хуур бий эсэхийг асууж, монгол аялгуу зохиохыг санал болгов. Төгөлдөр хуур байсангүй боловч фисгармон хөгжим олдов. Даруйхан бидэнд тэр хөгжмийг авчирч өгөв. Б.Красин хуучирсан фисгармоныг авч биднээс юу тоглох вэ хэмээв. Хэн нэг нь Оросын сүлд дуу гэв.
Орос хүний сэтгэл зүрхийг баяр ёслол бахдлаар дүүргэсэн “Боже, Царя храни” /Бурхан минь, Хааныг өршөө/ хэмээх сүлд дуу Монголын талаар эгшиглэн хадав. Бид бүгд босч, малгайгаа аван, ёслолын байдлаар жагсан зогсов. Богд гэгээн, эхнэр болон ноёд, бүхий л ордоныхоны хамтаар сонирхож, түүнд Оросын сүлд дуу тоглож байгааг тайлбарлахад тэрбээр мөн малгайгаа авч, Цагааны хааны сүлд дууг Монголын үндэсний тэргүүний ордонд чимээгүйхэн сонсов. Сүлд дуу дуусмагц, экспедицийнхэн “Ура” хэмээн хашгирав. Сүлд дууг дахин хоёр удаа тоглосны нэг нь Богд гэгээний хүсэлт байв. Гэнэтийн улс төрийн ч гэмээр юмуу тоглолт болов. Сүлд дууны дараа Красин Богд гэгээнд зориулж, “Слава” /Алдар/ дууг тоглож, түүний сэтгэлийн талархалыг хүлээн авав. Бид ч гэсэн толгой нүцгэн зогсож, "Алдар" дууг сонсов. Дараа нь хөгжмийн зохиолчийн зохиосноор хэд хэдэн монгол дуу тоглосон нь Богд гэгээн болон түүний ойр хүрээнийхэний сэтгэл ихэд хөдлөв. Ялангуяа Богдын эхнэр их дуу шуутай өөрийн сэтгэлээ илэрхийлж байв.
Энэхүү жижиг концертийн дараа Богд гэгээн бидэнд өөрийн хувийн хөргөө үзүүлж, түүнийг Москвад захиалан хэвлэж өгөхийг хүсэв. Бид тэрхүү хүсэлтийг дуртайяа хүлээн авав. Г.И.Колчевский үүнийг хийхээр болов. Бид хэсэг зуур зөвлөлдсөний дараа Богд гэгээний сонгон авсан бүх барааг “Москва”-гийнхнаас бэлэглэхээр шийдэж, үүнийгээ Богд гэгээнд илэрхийлэв. Түүний дараа Богд гэгээн ч гэсэн өртэй үлдэхийг хүсэлгүйгээр Москвагаас төрөл бүрийн бараа захиж, тэр дор нь бидэнд мянга илүү рубль захиалсан барааныхаа үнэнд өгөв. Бидний айлчлал нилээд удааширч, бид орой долоон цагт гэртээ буцаж ирэв.
Бид Богд гэгээний ордонд байх зуур Хүрээнд буй манай наймаачид (Оросын худалдаачдыг хэлж байна - О.Б) Богд гэгээнд янз бүрийн хөгийн бараануудыг өөрийн үнээс нь арав дахин өндөр үнээр шахаж, түүнийг эрээ цээргүй мөлжиж байдгийг үзэж мэдэв. Тиймээс ч хоёр өдрийн дараа Богд гэгээнээс түүний ордоны хүмүүс бидэнд нэмэлт бараа захиалж, Богд гэгээн “энэ бол мөлжигчид бус жинэхэн орос худалдаачид байна. Ийм хүмүүсээс бараа авч болно” хэмээн хэлсэн гэж байв.
Харин Экспедицийн гишүүн Морозов Богд гэгээний санд буй зүйлсийн талаар бичихдээ: “Төрөл бүрийн дурангууд, микроскопууд, барометрууд, төрөл бүрийн гар чийдэн, унадаг дугуй, мотоциклууд, автомашинууд, янз бүрийн хөгжмийн зэмсэгүүд” байсан тухай өгүүлжээ. Аялагчид 6-р сарын 9-нд замд Хиагтын худалдаачин буриад Богдод мөргөхөөр Хүрээ явж буйтай таарчээ.
Оросын харьяат буриадууд монголчуудаас ч илүү Хүрээнд очиж энэ дэлхийн Амьд бурханд мөргөх нь ариун үүрэг хэмээн үздэг ажээ хэмээн тэмдэглэсэн байна.
И.Морозов замын тэмдэглэлдээ: “Түвдэд Далай лам шиг Амьд Бурхан болсон Богд гэгээний нэр хүнд Монголд мөн адил агуу юм. Хятадын эзэн хааны тухай хүн бүр мэдэхгүй боловч монгол хүн бүр хүүхэд хүртэл бурханы хүч, хааны эрх мэдэл, бүхэнтэй түүний нэр сүрийг холбож ойлгодог Богд гэгээний тухай мэднэ. Богд гэгээнд мөргөхөөр Монголын алс хол тал нутаг, уул, цөлөөс ч ноёд, тайж, энгийн монголчууд ганц нэгээрээ, бүхэл бүтэн айлаараа, орон нутгийн хийдийн лам нар, бурханы шашинтай бүхий л үндэстэн ард түмнүүд ирдэг байна. Богд гэгээний хүлээн авалт тун ч их саад бэрхшээлийг туулж байж бүтдэг байна. Иймээс мөргөхөөр ирэгсэд мөнгө, морь мал, хонь гээд бүхий л бэлэгтэй ирдэг байна” гэжээ.
Богд уулын орой дээр Хүрээний хутагтын зуслан-хийд байдаг. Богд гэгээний зуслангийн тэр орчмоор ан хийхийг хориглосон болохоор ариун уулын ой модонд баавгай, чоно гэх мэт ан амьтан элбэг байдаг.
Богд гэгээний тухай Москвагийн экспедицийнхэн дараах байдалтай бичжээ. Хүрээний хутагт найман хувилгаан дүртэй бөгөөд шашныхан дотроо тэрбээр гурав дахь гэгээн нь юм. Нэгдүгээр хүн нь Далай лам, хоёр дахь нь Ванчин Богд, хоёул Түвдэд амьдардаг, харин гурав дахь нь Хүрээний Богд гэгээн юм. Ийнхүү Монголын хувьд Богд гэгээн нэгдүгээр биеийн ариун дагшин хувилгаан юм.
Одоогийн Богд гэгээн 42 настай бөгөөд бүхий л талаараа хайр хүндлэлээр бялхаж, эмх замбараагүй дураараа дургиж байдаг нас нь ард өнгөрчээ. Лам нар болон хятадуудын зүгээс түүнийг нас биед хүрч, нөлөө бүхий болохоос нь өмнө хорлохыг оролдож байсан удаатай билээ. Тэрбээр аюулыг давж гарч чадсан юм. Богд гэгээн нас биед хүрэх тусам наймдугаар дүрийн хувилгааныхаа хувьд ч, хувь хүнийхээ хувьд ч илүү илүү нөлөөтэй болж байв.
Хятадууд түүнд бэлэг сэлт өгөх замаар нөлөөлж, өөрсдийн талд нөлөөлөхийг оролдож байв.
Ийнхүү байн байсаар Богд гэгээний байр суурь дараах байдалтай болжээ.
1.Хятадын засгийн газар түүнийг хамгийн нөлөө бүхий хүн хэмээн үзэж, түүнд хааны бэлэг сэлт өгсөөр түүнийг улс төрийн бүргэд болгожээ.
2.Засаг ноёдууд ч гэсэн тэднээс яаж дутахав гэж Богд гэгээнд ихээхэн хүндлэл үзүүлж, бэлэг сэлтээс гадна өөрийн харьяат нутгаас харьяат өрх айлуудын хамтаар тасдан өгч, Богдын шавийг буй болгожээ. Богдын шавь нар нь Монголын нутгаар чөлөөтэй нутаг сонгон амьдарч, хаана ч татвар төлдөггүй бөгөөд зөвхөн Богдод л үйлчилдэг байна. Түүнээс гадна хошууны ноён бүр жил бүр Богдод хэдэн мянган лан мөнгө өргөхөө ариун үүрэг хэмээн үздэг байна.
3.Түүнээс гадна Богд гэгээнд хэдэн зуун мянган мөргөлчдийн үзүүлдэг хүндлэлийг тооцон үзвэл түүний байр суурь Монголд шашны болон улс төрийн нөлөөгөөрөө төдийгүй эдийн засгийн хараат бус байдлаараа ч гэсэн онцгой болжээ.
Нөхцөл байдлыг дүгнэж үзээд Богд гэгээн Хятадтай харьцахдаа хагас тусгаар тогтносон байдалтай байж, Бээжинд буй эзэн хаанд хүндлэл үзүүлдэг өмнөх дүрүүдийнхээ байдлаас үлгэр авалгүйгээр Бээжин очсонгүй. Хятадууд түүнийг очуулах талаар юу ч хийж чадсангүй.
Монголд Далай лам ирэхэд Богд гэгээн сөрөг байр суурь баримтлав. Далай лам түүнийг зөөлрүүлэх ямар нэгэн арга хэрэгсэл олж чадсангүй. Үүгээр монголчуудын дундах Далай ламын нэр хүнд буурч, харин Богд гэгээний нэр хүнд өсчээ.
Монголын хэцүү байдлыг ойлгосон, Манжийн эрх баригчдад гомдсон ноёдууд Богдоос ирж зөвөлгөө авах нь ихсэж, түүний эргэн тойронд эргэлдэх ноёдын байдал нь Богд гэгээнийг Монголын ард түмний улс төрийн тэргүүний байдалтай болгож байв.
Гэвч ард түмэнд нөлөө үзүүлэх гол хэрэгсэл бол Богд гэгээний хувьд лам нар байв. Монголын бүх лам нар Богд гэгээний удирдлаганд захирагдаж байв. Монголын аль ч хийдийн ямар ч залуу лам Богдоос Хүрээнд ирж адис авахгүйгээр шашны хамгийн доод зиндаанд ч хүрэх боломжгүй байв. Иймээс бүхий л лам нар Хүрээний зүгээс хамаарч байв.
Монголын бүхий л сүм хийд, хүн амын хувьд Богдыг дээдлэх нь хууль байв. Ийм байдал нь Богд гэгээнд хэдэн арван мянган өөрийн шавь нараас гадна бүхий л лам нар түүний харьяат болж хувирч байв. Ард олны дунд лам нарын нөлөө их болохоор тэд нараар дамжуулан ард олны дунд Богд гэгээний нөлөө ч улам өсөж байв.
Оросын худалдааны аялагчдын өгүүлснээр тэднийг Богд хааны ордонд худалдаа хийхээр байх үеэр хятадуудын зүгээс нууцаар маш гярхай ажиглаж байхыг мэджээ. Хятадууд зүгээс эргэлзээтэй гэсэн хүмүүсийг сэжиглэж, тэдний үйл хөдлөлийг харж тандаж байдаг байна. Монголд хятад худалдаачид байдаг учраас тийм тандалт хийхэд амархан ажээ. Биднийг Богд хааны ордоны хашаанд ормогц яг тэр мөчөөс эхлэн хятад худалдаачид тэнд ирж, биднийг Богд гэгээнтэй хамт байсан дөрвөн цагийн турш биднийг харуулдаж байсаар байв хэмээн тэмдэглэжээ.
Мөнхүү Морозов “Богдод мөргөхөөр жил бүр ойролцоогоор хоёр зуун мянган лам болон хүмүүс ирдэг” хэмээн тэмдэглэжээ.
Энэхүү Москвагийн экспедицийнхэн хэмээн алдаршсан аялагчид Монголоор аялсан тухай тайлангаа Оросын Эзэн хааны засгийн газарт өгч, Монголын талаар, тухайлбал Монголд явуулах худалдааны талаар юу хийвэл зохистой талаар тодорхой саналуудыг бичсэн байдаг. Өөрөөр хэлбэл Монголд өөрийн эрх ашгийг буй болгож, түүнийгээ хэрхэн хамгаалж, өргөжүүлэх тухай саналууд юм. Чухамдаа 1912 онд байгуулсан Орос Монголын Найрамдлын гэрээний хавсралт Худалдааны протокол бол энэхүү худалдааны аялагчдын аялалын үр дүн болсон хэрэг. Эдгээр аялагчид Монголд буй болж байсан Оросын эрх ашиг, Оросын худалдаачид ямар ч замбараагүй шахам байгааг хурц шүүмжилж, нэгдсэн бодлоготой болох хэрэгтэй гэсэн саналыг дэвшүүлсэн юм. Энэ нь биелэлээ олсон билээ. Бид ХХ зууны эхэн үед Бурдуков зэрэг Улаан оросын ятгалга, захиалгаар “Хуучин ба шинэ Монголд” хэмээх ном бичсэн ганц нэгхэн худалдаачдын тухай л там тум мэдээлэлтэй байхаас чухамдаа тэр үед Оросын нэр хүнд бүхий 50 гаруй томоохон худалдаачид, хувийн компани Монголд олон арван жилийн турш сууршин оршиж байсан талаар огтхон ч судлаагүй, ярьж хэлдэггүй шахам байна. Үнэндээ бол бидний мэдэх Бурдуков маань дээрх 50 хэдэн Оросын компанийн нэгний нь зөвхөн нэг ажилчин л байсан юм билээ. Тийм болохоор Х1Х зууны сүүлч ХХ зууны эхэн үеийн монголчуудын дүр төрх бодитойгоор тодроогүй хэмээн хэлэхэд болох буй за.
Төрийн соёрхолт, түүхч О.Батсайхан
"Монголын сүүлчийн эзэн хаан Богд Жавзандамба хутагт: Амьдрал ба домог" ном
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.