
Украины Нова Каховка хотын Каховка усан цахилгаан станцын далан нурсантай холбоотойгоор Днепр мөрөнгийн эрэг дагуу амьдарч буй олон мянган иргэдийг нүүлгэн шилжүүлэхэд хүрээд байна. Украины Ерөнхийлөгч Володимир Зеленскийн мэдэгдсэнээр далан нурснаар хэдэн арван хот, тосгод усанд автах эрсдэлд ороод байгаа ба түүний мэдэгдсэнээр далан нурсан явдалд оросууд буруутай аж.
Днепр мөрөн руу их хэмжээний ус орж, голын түвшин огцом нэмэгдсэнээс болж эрэг дагуух тариалангийн талбайнууд усанд автжээ. Нова Каховка хотод усны түвшин 10 гаруй метрээр нэмэгдэж, хот бүхэлдээ усан доор орсон байна. Үүнтэй холбоотойгоор тус хотод онц байдал тогтоожээ.
ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу Украины зэвсэгт хүчин сөрөг довтолгоо нь бүтэлгүйтсэнтэй холбоотойгоор оросуудын хяналтанд байгаа Каховка УЦС-ыг санаатайгаар нураасан хэмээн мэдэгдсэн бол Украины Ерөнхийлөгч В. Зеленский далан нурсан явдалд оросууд буруутай хэмээн ОХУ-ын эсрэг Олон Улсын Эрүүгийн шүүхэд гомдол гаргана гэдгээ мэдэгджээ.
Каховка УЦС-ын усан сан нь бүс нутгийн фермерүүд болон оршин суугчдыг төдийгүй Запорожье АЦС-ын усаар хангадаг чухал объект юм. Түүнчлэн Крымийн хойгийг усаар хангах гол суваг уг далангаас эх авдаг байна.
Украины төрийн өмчит усан цахилгаан станцын оператор Укргидроэнерго компани Каховка УЦС-ын усан сангаас гоожих усны хэмжээ нь лхагва гарагийн өглөө оргилдоо хүрэх талаар анхааруулсан ба үүнээс хойш 4-5 өдрийн дотор усны хэмжээ буурна гэжээ.
Каховка УЦС-ын усаар реакторуудаа хөргөдөг Запорожье АЦС дээр асуудал гарч болзошгүй хэмээн иргэд эмээж байгаа ч Олон Улсын Атомын Эрчим Хүчний Агентлагаас Запорожье АЦС дээрх нөхцөл байдал хяналтанд байгаа болохыг мэдэгджээ.
Украины Ерөнхий прокурорын орлогч Виктория Литвиновагийн мэдээлснээр 40 мянга орчим хүнийг нүүлгэн шилжүүлэх шаардлагатай байгаагаас Украины хяналтанд байгаа Днепр мөрөнгийн баруун эрэг дагуу 17 мянга, оросуудын хяналтанд байгаа зүүн эрэг дагуу 25 мянган хүнийг тус тус нүүлгэн шилжүүлэх шаардлагатай байгаа аж. Украины Дотоод хэргийн сайд Игорь Клименкогийн мэдээлснээр 1000 орчим хүнийг нүүлгэн шилжүүлсэн ба 24 суурин газар хэдийн усанд автжээ.
ОХУ-аас томилсон Ново Каховка хотын дарга Владимир Леонтьевийн мэдээлснээр хот усанд автаж, 53 автобусаар 900 орчим хүнийг нүүлгэн шилжүүлжээ.
Түүнчлэн тус хотод үйл ажиллагаа явуулж байсан амьтны хүрээлэн усанд автсанаас болж тус амьтны хүрээлэнд байсан 300 ан амьтан үхсэн байна.
Оросын тал далан нурсан явдалд Киевийг буруутгаж байгаа ч нөгөө талаас оросууд Украины арми тус далангийн дээрх замыг ашиглан сөрөг довтолгоогоо явуулж, оросуудын хяналтанд байгаа газар нутгаа эргүүлэн авч болзошгүй хэмээн үзэж байсан юм. Оросуудын хувьд тус далан нь асуудал болоод байсныг ажиглагчид онцолж байна.
Киевийн зүгээс сөрөг довтолгоо хэзээ эхлэх талаар ямар нэг мэдээлэл өгөхгүй гэсэн ч Украины армийн үйл ажиллагаа сүүлийн өдрүүдэд идэвхжсэнийг харахад олон сарын турш яригдсан сөрөг довтолгоо хэдийн эхэлсэн байж болох юм гэж таамаглахад хүрч байна.
Украины Ерөнхийлөгч В. Зеленский Каховка УЦС-ын далан нурсан нь украинчуудыг зогсоохгүй гэдгийг онцолж, ямар ч тохиолдолд украинчууд газар нутгаа оросуудаас чөлөөлнө хэмээн мэдэгдсэн байна.
Эх сурвалж: BBC
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
зочин
(103.57.92.225) 2020-01-09 17:03дандаа ховдынхон байна ш дэ
Хариулах