
Грекийн эрх баригчид коронавирусын цар тахал тус улсын эрүүл мэндийн тогтолцоонд ачаалал үүсгэж байгаатай холбоотойгоор 60 ба түүнээс дээш насныхныг коронавирусын эсрэг вакцинд заавал хамруулах шийдвэр гаргажээ.
Коронавирусын эсрэг вакцинд хамрагдаагүй 60 ба түүнээс дээш насны иргэд ирэх 1-р сарын 16-наас сард 100 еврогийн торгууль төлөх аж.
Европын холбооны улс орнуудаас хүн амынхаа тодорхой насны бүлгийг коронавирусын эсрэг вакцинд заавал хамруулах, хамрагдаагүй тохиолдолд торгууль ноогдуулах шийдвэрийг хэрэгжүүлж эхлээд буй анхны улс нь Грек болоод байна. Бусад улс орнуудын хувьд эрүүл мэндийн болон үйлчилгээний салбарт ажилладаг иргэдээс вакцинд заавал хамрагдсан байхыг шаардаж байгаа билээ.
Грекийн Ерөнхий сайд Кириакос Мицотакис дээрх шийдвэрийг маш сайн тунгаан бодсоны эцэст гаргасан ба уг шийдвэр нь коронавирусын эсрэг вакцинд хамрагдаагүй байгаа 60-аас дээш насны 500 мянга гаруй иргэдийг халдвараас хамгаалах зорилготой аж.
Грекийн 11 сая хүн амын 63 хувь нь коронавирусын эсрэг вакцинд бүрэн хамрагдсан ба сүүлийн долоо хоногуудад вакцинд хамрагдах иргэдийн тоо нэмэгдэж байгаа ч Эрүүл мэндийн яамнаас мэдээлснээр 60 ба түүнээс дээш насны 520 мянган хүн вакцинд огт хамрагдаагүй байгаа аж.
Грекийн сөрөг хүчний Сириза нам засгийн газрын шийдвэр нь иргэдийг залхаан цээрлүүлсэн, эдийн засгийн хувьд хэт их зардалтай хэмээн шүүмжилж байна.
Засгийн газрын шийдвэрийг хэрхэн хэрэгжүүлэх нь одоогийн байдлаар тодорхойгүй байгаа ба сар дунджаар 730 еврогийн тэтгэвэр авдаг Грекийн өндөр настнуудын хувьд сар тутам 100 еврогийн торгууль төлөх нь хүнд тусна хэмээн мэргэжилтнүүд үзэж байна.
Ерөнхий сайд Кириакос Мицотакист уг шийдвэрийг гаргах хүнд байсан ч тэрээр коронавирусын халдварт өртөх өндөр эрсдэлтэй иргэдийн өмнө хариуцлага хүлээж байгаа хэмээн онцолжээ.
Коронавирусын эсрэг вакцинд хамрагдаагүй иргэдэд зоогийн газар, кинотеатр, музей, фитнессийн төвүүдээр үйлчлүүлэхийг хориглож байгаа билээ.
Эх сурвалж: BBC
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn
Irgen
(107.72.162.17) 2021-12-01 12:57Iim umiig tyyhen bichij irgediinhee tarhiig ugaah um daa
Хариулах
Irgen
(107.72.162.17) 2021-12-01 12:57Iim umiig tyyhen bichij irgediinhee tarhiig ugaah um daa
Хариулах