
ХОРГОДОХ БАЙР
Монголчууд “идсэн тогоо уруугаа эргэж нулимадаггүй” гэлцдэг. Би ч бас Төрийн албанд хамт ажиллаж байсан хувь хүн, хамт олон, газар орныхоо тухай өөдрөг бодол, дурсамж тээж, барааныг нь “цайруулж”, дутууг нь бүтэтгэж ойлгож явахыг хичээдэг нэгэн болохыг гадарлах зарим нь мэдэх биз.
Нийгмийн гишүүдийн дийлэнх нь Төрийн албыг шүүмжилж, төрийн үйлчилгээнд сэтгэл ханамжгүй байдал газар авсан ч дотроо өмгөөлж, хамгаалж, асуудал бэрхшээлийг нь олон түмэн мэдэхгүй байна даа гэж бодож явдаг байв.
Гэвч аливаад хэм хэмжээ байх ёстой. Санаж сэрэх нь сэхээрч, ухаарч ойлгох нь бодож явах цаг болжээ. Өнөөгийн байдлаар Төрийн алба гэж олон түмэндээ ч тусгүй, Төрдөө ч түшиггүй бага ангийн өдөр өнжүүлэх бүлэг шиг Монголын хөдөлмөрийн насны хүн амын бараг 10 хувийг хамарсан “нийгмийн анги” болсон байна.
Саар мууг нь хэлж, бичиж байхгүй бол хөгийн хүмүүсийн, хөгийн хандлагыг давараасаар ирээдүй үеэ бас ийм хөгийн байдалтай нүүр тулгах болжээ.
Төсвийн зардлын дийлэнхийг төрийн албан хаагчдын цалин, хувь хүний орлогын татвар, нийгмийн даатгалын шимтгэл, Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад олгодог нэг удаагийн буцалтгүй тусламж, төрийн албан хаагчийн тусгай хувцас, хөдөлмөр хамгааллын, хоол, унаа, орон сууц, томилолтын, компьютерийн техник хэрэгсэлийн зардал эзлэх авч, Төрийн албан хаагчид нийгэмдээ, олон түмэндээ тийм хэмжээний өгөөж өгч, тус дэм болж, манлайлал үзүүлж чадахгүй байна.
Иргэд нь зүтгээд зүтгээд ядуураад байдаг, залуус нь гадаадад хөдөлмөр эрхлэхээр дүрвэж, дайжаад байдаг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбар, Залуус нь бүх шатны сургуульд төлбөртэй сураад сураад ажилгүй байдаг Боловсролын салбар, иргэд нь хавдар, зүрх судасны эмгэгт нэрвэгдсэн Эрүүл мэндийн салбар, газар нутгийн 70 хувь нь цөлжсөн Байгаль орчны салбар, Нүүрс, зэс, жонш, нефтээ сая сая тонноор нь арилжаад ч хүн амын 3 хүний 2 нь үгээгүй ядуу Уул уурхай, Санхүү, эдийн засгийн салбарын албатай Улс гэвэл сайн уу, муу юу?
Төрийн албыг улс төржүүлэхгүй байх гэх шалтгаанаар төрийн албан хаагчдыг нэг салбар, нэг байгууллага, нэг ажлын байранд удаан ажиллууснаар тэд даварч, бүх мэдээллийг өөрсдөө өмчилж, ямар ч бүтээмжгүй, санаачлагагүй, төрийн албаны залгамж чанарыг хадгалах сэтгэл, оюуны бядгүй, өрсөлдөх чадваргүй, ядаж байхад хүний мөсгүй, өөрийгөө бөөцийлж, өрөөлийг матаачдын хүн сүрэг болсон байна.
Сонгууль бүрээр сольж, хольж, халж салхи саваар сайн оруулж байя, Төрийн албанд.
Авилгатай тэмцэх нэрээр төрийн албыг эрүүжүүлж, иргэний нийгмийн үнэт зүйлс болсон хүмүүсийн бие биедээ итгэх итгэл найдвар, бүтээлч санаачлагыг үгүй хийж орхижээ.
Төрийн албыг сонгуулийн штабын чиг үүргээр ажиллуулж байгаа ч яг үнэндээ Засгийн эрх барьж буй Намынх нь ч улс төрийн бодлогыг хэрэгжүүлэх чадамжгүй, шантаачдын гарт Төрийн алба оржээ.
Ямар ч улс төрчид сонгогчид чинь “ул” байхгүй юу гэж хэлж, ойлгуулж өгдөг “хорчид” Төрийн албанд бүгэж буйг нийтээрээ харлаа.
Сайныг дэлгэрүүлж, саарыг өөрөөсөө тайрч хаях чадамжгүй болсон болохоор Төрийн албаны өнгөн дээр үүрэг гүйцэтгэгч, тэтгэврийн насныхан сайварлаж байна.
Төрийн албанд ажилд орох, Төрөөс орон сууцны дэмжлэг авах, Боловсролын зээлийн сан, Засгийн газрын хоорондын хэлэлцээрээр гадаадад суралцах боломжийг бас л Төрийн улс төрийн болон төрийн захиргааны албан хаагчдын хүүхдүүд хүртэж байна.
Бас Улс орон, Салбараа, Орон нутаг, Байгууллагаа өөд татсан тодорхой гавъяагүй мөртлөө гавъяа шагнал, цол хэргэм, зэрэг дэв горилогчид Төрийн албаар дүүрчээ.
Ард түмний олонхи нь бор хоногоо чүү чай өнгөрүүлж, өдрөөс өдөрт гундаж байхад Тэргүүний аймаг, дүүрэг, сум гэсэн жааз өгдөг, бас авдаг Төрийн албатай болж.
Төрийн албан хаагчдын эрх ашгийг хамгаалдаггүй, Төрийн албанд төрийн хуулийг хэрэгжүүлдэггүй Төсвийн захирагч нар олширсноос хууль бусаар халагдаж, ажилд нь эргүүлэн авах шүүхийн шийдвэртэй “ажилгүй” төрийн албан хаагчдын цуваа үүсчээ.
Төрийн ажлын туршлага, ойлголтгүй мөнгөтэй гэсэн шалгуур хангасан улс төрчдөөр Засгийн газар, Орон нутгийн удирдлагыг бүрдүүлснээр цүнхний компанийн "соёл"-оор Төрийн алба "хөгжиж" байна.
Нүдээ нээгээд харвал, чихээ тавиад сонсвол бухимдах байтугай хандлага, нөхцөл байдал, үйл явдлыг бид хүлээн зөвшөөрч, тэвчиж суусаар л байна.
Энэ бүхэнтэй эвлэрээд байгаа юм чинь уруудан доройтож, ядуурал, ажилгүйдэл, хулгай тонуул гааралгүй яахав.
МАН-ын, АН-ын бодлого гэж талцахаасаа илүүтэй Монголын Төрд үүрлэсэн ачаагүйчүүдээс илүү ард түмний эрх ашгаа дээгүүр тавих цаг болжээ.
2000 гаруй жилийн Төрт ёсны уламжлал, Дэлхий дахины иргэний нийгмийн өнөөгийн хөгжлийн хандлагатай Монголын төрийн албаны байр байдлыг харьцуулан дүрсэлж бодоод үзэхэд Танд өнгө зүс нь буугаад ирнэ.
Бүтээмжтэй, бүтээлч, санаачлагатай, илүү мэргэшсэн нь хавчигдаж, олон нүүртэй, онцын гавъяагүй, ов зальтайчуудын хоргодох байр болсон Төрийн албанд эрс шинэчлэл хэрэгтэй байна. Та юу гэж бодож байна вэ.
Цэцэгмаагийн Уртнасан

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505
Зочин
(66.181.181.213) 2023-07-26 18:18Төрийн алба нь үнэхээр муу ажиллаж байгаа учраас монгол хүн эх орноосоо дайжиж байна шүү дээ
Хариулах
Монгол
(66.181.161.68) 2023-07-26 16:19Үнэн Өмсөж Зүүсэн Унасан Бүгд нь хулгай луйвар цалингаас гадуур орлогоос авилгалаар олсон
Хариулах
Тах
(66.181.161.198) 2023-07-24 13:21Чухам үнэн бичжээ
Хариулах