Заримдаа сэтгэл уйлмаар үе бас байх юм...

Twitter Print
2020 оны 02-р сар 29-нд 17:33 цагт
Мэдээний зураг,

Монгол Улсын Ерөнхийлөгчийн БНХАУ-д хийсэн айлчлал нь ялангуяа Дундад улсын харьяанд байдаг Хөлөнбуйрын барга монголчууд, хорчин, цахар үзэмчин, Авга, Авх нар Шилийн гол, Жирмийн монголчууд, цаашлаад Хөх нуурын хошууд, Тэнгэр уулын торгууд, Дээд монгол гээд бүх Монгол угсаатны нүүдэлчин ард түмнийг илүүтэй баярлуулж элэг нь дэвтэж, сэтгэлийг нь үнэхээр огшуулсан байх... гэж бодох нэгэн үйл явдал тэртээ жилийн зун болж билээ.

Италийн өмнөд хэсгийн бөгчим уур амьсгал үдийн наранд бүхэл хотыг эзэнгүй болгох нь энүүхэнд. Зуны халуунд бүх байшин модон хаалтаар цонхоо хааж, винтилаторын хамааралтай амьдрал нарнаас цугтааж бүгд өрөө өрөөндөө нам гүм орчныг бүрдүүлэх нь өнөөдрийн хөл хорионы үеийг өөрийн эрхгүй санагдуулна. 

Эгшиглэн хамтлаг тэр л цаг үед тоглох газарлуугаа цагтай уралдан хот тосгодоор дамжин давхисаар Италийн нэгэн жижиг тосгонд орж ирлээ. Үргэлжлэх замыг тодруулахын тулд тосгон руу орох замын тэмдэг дээрх нэрийг хараад газрын зургаасаа удтал хайгаад онцгой тэр нэрийг олсонгүй. Аргагүй нь эрхэнд хүнээс асуух хэрэгтэй болов. Европын 2 дахь удаагийн аялал тул хэл усанд муу, хэлмэрч Тайван эгчээрээ дамжуулаад "Карабинеро" тосгоныг газрын зургаас олж өгөхийг замын хүнээс хүслээ. Ээ Чилмарона гэж, Итали улсад тийм тосгон огт байдаггүй харин цагдаагийн газраа "Carabinero" гэж нэрлэдэг юмсанж. За ийм хэмжээний онигоо байж л байдаг шүү дээ. Төд удалгүй бид замаа олоод тоглох газраа очлоо.

Хэт халуунд хүйтэн тарвас эсвэл жимс идэх шиг таашаал хаа байх билээ. Мэдээж Итали улсад Spaghetti con funghi e carne идэхгүй юм бол өөр юу идэх билээ. Их үдийн нарнаас зугтаасан партизанууд шөнийн тоглолтыг үзэх нь дээд зэргийн таашаал, тоглож байгаа мануусд ч гайхалтай мэдрэмж. Тоглолтын дараа тоглолт зохион байгуулагч бид нарт нэг факс оруулж ирж өгсөн нь босоо Монгол бичиг дээр бичсэн урилга байлаа. Орос соёлоор бойжсон мануусд босоо монгол бичгийг унших эрдэм байсангүй, урилгын эзэнтэй шууд утсаар ярьлаа.

Факс илгээсэн эзэн Өвөр Монгол залуу бөгөөд эх нутаг, элгэн саднаа ихэд санаж байгаа эх оронч Мөрөн хэмээх Италийн цагаач байв. Бид урилгыг хүлээж аваад тэднийд айлчилсанаар Монгол угсаатнуудын үнэ цэнийг өнөөдөр хүртэл ойлгох бас нэг мэдрэмжийг авсан гэх үү дээ. Мөрөн айлын бага хүү, дээрээ нэг ахтай, аав нь Өвөр Монголын хошуу ноён. Хэрэг үйл явдал Хятадад болсон соёлын хувьсгалын дараа болжээ. Нэг айлаас хоёр хүн их дээд сургуульд сурах хориотой байсан ч хоёр хүүгээ Бээжингийн их сургуульд оруулсан эцгийг Хятадын шүүхээр цаазлан хороосон аж.

Бага хүү Мөрөн Бээжингийн их сургуулийг төгсөөд хэвлэлийн газарт ажилд орсоноор Өвөр Монголчуудын эрхийн талаар багагүй нийтлэл бичиж, ухуулга хуудас энд тэнд нааж гүйсээр нэг мэдэхэд бусдын хараанд өртөж, Бээжингийн хяналтанд орсон тул 1991 оны зун амь насаа аврахын тулд гэр бүлийн хамтаар нууцаар хил давж Москва хотод очиж амжсан гэнэ. Ганзагын наймаа Монгол улсад газар авч хөлтэй бүхэн хөлхөж, мөнгөтэй бүхэн Хятад Оросыг холбож гахай үүрч гүйнэ. Ус авах мөнгө ч үгүй үлдсэн Мөрөн Москва хотын төмөр замын вокзал дээр нэр нь үл мэдэх Монгол залуутай уулзаж танилцсанаар Италид гэр бүлийн хамтаар цагаачлах боломж нээгдсэн байна. Тэрээр нүд дүүрэн нулимстай ар Монголын наймаачин залуу зардалын мөнгө гаргаж өгч явуулсанд гүнээ талархаж бидэнд хүндэтгэл илэрхийлэнгээ сэтгэлээ нээж хэлсэн ганц өгүүлбэр нь миний ой санаанаас ер гардаггүй юм. Тэрээр:

- Би хэдий Монгол хүн ч Хятад пасспорттой хятадын иргэн. Миний нэрийг гурав хувааж Ли овог залгаснаар Монгол нэр минь дуудах нэр болж үлдсэн. Би эх хэлээ мартахгүйн тулд ариун цэврийн өрөөндөө өөртэйгээ ганцаараа эх хэлээрээ ярьж худам монголоороо бичдэг, омогшсон үедээ орилмоор санагддаг.

Ар Монголыг хамгаалж урд талаас нь Өвөр болон Шиньжааны Монголчууд, хойд талаас нь Тува, Буриадууд өөрсдийн өв соёлоороо, хэл, хилээрээ хамгаалж олон арван жил тэмцэж, дарлуулж, хатуу харгислалын доор Монгол голомт минь цэвэр байгаасаа гэж тэмцэж байна. Та нар минь Монгол угсаатны голомтыг нэр төртэй авч явааарай, Түүхийн боломж тохиовол Чингисийн эр хоёр загал шиг ах дүү Монгол угсаатан нэгдэн нягтрах болтугай хэмээн ерөөж билээ... Түүнээс хойш тэмцэгч Мөрөнтэй дахиж холбогдсонгүй.

Хүн төрөлхтнийг үхлийн өмнө чирих титэмт тахлын дэлхий дахины тэмцэлд Монгол улс нэг ч тээгчгүйгээр өнөөдрийг хүртэл тэмцэж зүтгэж байна. Газар нутгийн хувьд урд хөршөөс орж ирэх цар тахлыг Монгол угсаатан маань хамгаалан тэмцэж байгааг ч мэдэж байна. Та наргүйгээрээ бид шууд Хятадтай хиллэсэн бол Монголын хилийн аймгууд ямар хэмжээнд байх ёстойг ч ойлгож байна. Миний Монголыг гаднаас хамгаалан суусан Монгол угсаатнууддаа, Өвөрмонгол, Юннань, Хөх нуур, Шинжаан, ОХУ-ын Буриад, Тува, Алтай, (Халимаг) та бүхэндээ баярлалаа гэж хэлмээр байна. Монгол улсын ерөнхийлөгч Х.Баттулгын Хятад улсад айлчилсан гэнтийн айлчлал Монгол угсаатныг илүүтэй баярлуулж чадлаа.

Д.Ганпүрэв 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.