Ор дэрний хэлбэр хэмжээ нурууны хэлбэрт хэрхэн нөлөөлдөг вэ?

Twitter Print
2021 оны 12-р сар 04-нд 09:15 цагт
Мэдээний зураг,

Хүн амьдралынхаа гуравны нэгийг орондоо унтаж өнгөрүүлдэг. Унтаж байхдаа сайн амарч чадвал эрч хүчтэй бүтээмжтэй ажиллаж, аз жаргалтай амьдрахын үндэс юм. Учир нь ажлын ачаалалтай өдрийн дараа хүний хүзүү, сээр, ууц нурууны яс болон булчингууд их ядардаг ба энэ ядаргааг арилгахын тулд унтаж байхдаа тухтай зөв байрлалд хэвтэж, нуруугаа сайн амраах нь маш чухал байдаг. Тухтай байрлалд тавтай унтаж амарч чадахгүй байх нь хүзүү нурууны булчинд сайтар суларч амрах боломж олгохгүй, тэр ч байтугай эвгүй байрлалд унтсанаар булчин бүр ч илүү чангаран, нурууны ойролцоох цусан хангамж муудан, улмаар шохойжилтын явцыг түргэсгэх хүчин зүйл болдог. Иймд өөрт тохиромжтой ор, дэрийг сонгох нь зүйтэй юм.

Тайван унтаж амрахын тулд тухтай ор дэрэн дээр, зөв байрлалд унтах нь их чухал. Олон хүний хувьд ор матрасны нягт, дэрний буруу хэлбэр, хэвтэж байгаа буруу байрлал нь хүзүү нурууны хэлбэрт, цаашилбал мэдрэлийн тогтолцоонд нөлөөлдөг гэдгийг мэдэхгүй, мэдсэн ч ач холбогдол өгдөггүй тал бий. Бас нэлээн олон хүний хувьд хүзүү нуруунд нь нэгэнт үүссэн мурийлт, гажилтаас шалтгаалаад ор матрас ялангуяа дэр нь таарахгүй, ямар ч дэр дэрлэсэн тохиромжгүй санагддаг болсон байх нь бий.

Хэрхэн тохиромжтой дэр сонгох вэ?

Дэр нь хүний толгой, хүзүүний хэсгийн физиологийн хэвийн хотгор, гүдгэр хэлбэрийг хадгалах боломжтой байдлаар хийгдсэн байх нь зүйтэй. Өөрөөр хэлбэл мөрний хэсэгт нэлээн нимгэн, хүзүүний хэсэгт гүдгэр, толгойн дагзны хэсэгт хонхор байхаар загвартай байна гэсэн үг. Энэ нь хүзүүний хэвийн хотойлтыг хадгалахад чухал үүрэгтэй юм. Хэрэв хүзүүний хотгор тэгширсэн бол нэгэнт үүссэн энэ өөрчлөлтийг хадгалах бус харин засахад нөлөөлөх боломжтой хэлбэр бүхий дэр сонгох шаардлагатай.

Дэрний өндөр

Дэрний зузаан бол дэрийг сонгож авах хамгийн гол үзүүлэлтүүдийн нэг юм. Дэрний зузаан буюу өндөр нь хүний биеийн хүзүү хэсгийн хэлбэрийн онцлогоос хамааран 8-14 см байх нь тохиромжтой.

Хажуу талаараа унтаж байхдаа гараа дэрэн дороо хийж байвал та өөрийнхөө хүзүүнд тохироогүй намхан дэр дэрлэж байна гэсэн үг. Толгой тань дэр дэрлэсэн байгаа тал уруугаа унжиж хазайгаад таагүй байгаа болохоор та төрөлхийн мэдрэмжээрээ гараа дэрэн дороо хийж, дэрээ өндөрлөн, ингэснээр хүзүүгээ тэгш байрлуулж байна гэж ойлгож болох юм.

Харин эсрэгээрээ хажуугаараа унтахдаа өндөр дэр дэрлэвэл хүзүү тань хэвтэж байгаагийнхаа эсрэг тал уруу хазайна.

Хажуугаараа унтах байрлалд дэргүй унтах, хэт өндөр ч, хэт нам ч дэр дэрлэх нь адилхан хүзүүнд мурийлт үүсэх шалтгаан болдог тул хэвтэж байхад багана нуруу, ялангуяа хүзүү нумарч аль нэг тийшээ өргөгдөхгүй, унжихгүй, хэвтээ тэнхлэгт тэгшхэн байрлалд байхаар тохирсон өндөртэй дэр сонгох шаардлагатай.

Мөр хэсэг толгой хэсгээс хамаагүй өргөн байдаг болохоор хажуугаараа харж унтах үед дээшээ харж унтах үеийнхээс арай өндөрдүү дэр шаардагддаг гэж ойлгож болно.

Дээшээ харж унтахдаа хэт өндөр дэр дэрлэдэг бол толгой урагш түлхэгдэн, хүзүүгээрээ урагш бөхийж байрлах ба энэ нь хүзүүний булчин чангарах, мөн хүзүүний С1-4 нугалмууд урагш, харин С5-7 нугалмууд арагш гулсан, хүзүүний лордоз тэгшрэх, улмаар сэрвээгээрээ бөгтөр болох шалтгаан болно.

Харин дээшээ харж унтахдаа хэт намхан дэр дэрлэдэг бол толгой унжиж, хүзүү хэсгээрээ арагш гэдийж байрлах бөгөөд энэ нь мөн л хүзүүний булчин чангарч хуянтай болох, улмаар хүзүүний С3-4 нугалам арагшаа гулсан хүзүүний хэвийн лордоз ихсэх шалтгаан болдог. Дэргүй унтах үед мөн ийм өөрчлөлт үүсдэг.

Унтаж байхдаа хэт бөхийхгүй, хэт гэдийхгүй хүзүү тэгш байрласан байх нь зөвхөн нурууны эрүүл мэндээ хамгаалахад чухал төдийгүй чөлөөтэй амьсгалан, тайван бөх унтаж, сайн амрахад нөлөөлдөг байна.

Харин дэрний урт, өргөний хэмжээ нь тухайн хүн бүрийн биеийн хэмжээнээс хамааран мөрнөөс толгойн орой хүртэл өргөн, мөрний хэмжээтэй урт байх нь тохиромжтой. Энэ нь хүн биеийнхээ хэмжээнд тохируулан дэрээ сонгох ёстой, дэрний урт болон өргөний хэмжээ тэд байх ёстой гэсэн нарийн тогтоосон хэмжээ байхгүй гэсэн үг.

Дэрний хэлбэр

Дэрний хэлбэр нь тэгш өнцөгт эсвэл тэгш өнцөгттэй ойролцоо хэлбэртэй байх нь илүү тохиромжтой. Энэ хэлбэр нь нойрон дундаа хажуу тийш эргэж хэвтэхэд эвтэйхэн байдаг.

Хажуу талаараа хэвтэж унтах үед дэр нь дээш харж унтах үед хэрэглэдэг дэрнээс бага зэрэг өндөр буюу хажуугаараа хэвтсэн үед хүзүү нурууны гол шугам хотойж мурийхгүй байрлаж байхаар хэлбэртэй байвал зохимжтой.

Та энэ бичсэн зүйлээс дээшээ харж унтахад арай намхан, хажуу тийшээ харж унтах үед үүнээсээ арай өндөр дэр хэрэгтэй болдог гэж бичсэнийг анзаарсан байх. Нойрондоо дэрээ солих боломжгүй болохоор яаж энэ асуудлыг шийдэх вэ гэж бүү гайхаарай. Яг энэ шалтгаанаар насанд хүрсэн хүний дэр бүх хэсгээрээ адилхан зузаантай бус харин хоёр талын зах хэсгээрээ мөрний хэмжээний өндөртэй буюу 10 см орчмын зузаантай, гол хэсгээрээ захын хэсгээсээ бага зэрэг намхан, бас ялимгүй хонхор байхаар загвартай, барагцаалбал 50 см орчим урттай тэгш өнцөгт хэлбэртэй байвал энэ асуудлыг шийдвэрлэх боломжтой. Ийм хэлбэртэй дэрэн дээр дээшээ харсан байрлалд унтах үед толгойн ар хэсэг буюу дагз дэрний хонхорт нь таарч байх ба харин эргэж хажуугаараа унтах үед захын зузаан хэсэг толгой дор таарна. Хэмжээ нь мөрнөөс толгойн орой хүртэл өргөн, мөрний хэмжээтэй, барагцаалбал дунджаар 50 см урт байх нь зүйтэй.

Бөгтөр болж толгой нь урагшаа байрласан, хүзүүний хотгор нь тэгширсэн хүмүүс зөв хэлбэртэй дэр сонгож хэрэглэвэл бий болсон таагүй өөрчлөлтөө засах боломжтой. Гэхдээ биеийн, ялангуяа хүзүүний хэлбэр нь хэт их өөрчлөлттэй бол одоогийн өөрчлөлттэй хүзүүний хэлбэрээс хэт өөр хэлбэрийн дэр шууд худалдан авч хэрэглэвэл булчин чангарахаас эхлээд таагүй мэдрэмж төрүүлж болох тул эхлээд ямар маягийн дэр сонгож, хүзүүгээ дасгаж хэрэглэхийг эмчээсээ зөвлөгөө авч худалдаж авсан нь дээр юм шүү. Багавтар өөрчлөлттэй хүмүүст эмчийн зөвлөгөө шаардлагагүй. Хүзүүний хэлбэр нь зөв бол энэ зөв хэлбэрээ алдагдуулахгүй байхын тулд цаг алдалгүй зөв хэлбэртэй дэр сонгож хэрэглээрэй.

Н.Алтанхундага

Бэханзэ эмнэлэг

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.