Франц шинээр цөмийн реакторууд барьж, нүүрсний эрчим хүчнээс татгалзана

Twitter Print
2022 оны 02-р сар 11-нд 11:40 цагт
Мэдээний зураг,

Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон шинээр цөмийн 14 реактор барьж, Францын цөмийн эрчим хүчний салбарыг сэргээж, 2050 он гэхэд нүүрсхүчлийн хийн ялгаралгүй улс болох төлөвлөгөөгөө танилцуулжээ. Францын зүүн зүгт байрлах аж үйлдвэрийн хот болох Бельфор хотод айлчлах үеэрээ Ерөнхийлөгч Э.Макрон, "Манай улсад нэн тэргүүнд Францын цөмийн эрчим хүчний салбарын сэргэн мандалт хэрэгтэй байна." хэмээн онцолжээ.

Францын нийт эрчим хүчний хангамжийн 70 орчим хувийг цөмийн эрчим хүч, үлдсэнийг нь зардал багатай нүүрсний эрчим хүч бүрдүүлдэг ба сүүлийн жилүүдэд АЦС-ын хуучин реакторуудыг шинэ реакторуудаар солих талаар яригдаж эхэлсэн юм. Ирэх 4-р сард болох Францын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч барууны үзэлтнүүд цөмийн эрчим хүчийг дэмжиж буйгаа илэрхийлж, Франц улсын эрчим хүчний салбар өөр бусад улс орноос хамааралгүй байх нь зөв гэсэн үзэл бодолтой байгаа бол зүүний үзэлтнүүд шинэ реакторууд барихад их хэмжээний зардал гарна гэдгийг онцолсоор байна.

Байгаль хамгаалагчдын хувьд АЦС-ын цөмийн хаягдлын аюул хэдэн арван мянган жилийн турш арилдаггүй болохыг удаа дараа анхааруулсаар байгаа юм. Ерөнхийлөгч Э. Макроны хэлснээр 2035 он гэхэд Франц улсад EPR2 загварын цөмийн шинэ 6 реактор ажиллаж эхлэх ба тэдгээр шинэ реакторуудыг барих ажлыг 2028 онд эхлүүлэх аж.

Түүнээс гадна Ерөнхийлөгч Э. Макрон дээрх 6 реактораас гадна дахин 8 реактор шинээр барих асуудлаар судалгаа шинжилгээ хийх хэрэгтэй байгааг онцлохын зэрэгцээ шинэ реактор барихад ойролцоогоор 15 жил шаардлагатай учраас сэргээгдэх эрчим хүчний салбарыг давхар хөгжүүлэх шаардлагатай гэжээ.

Түүний хэлж байгаагаар эрчим хүчний зөвхөн нэг эх үүсвэрээс хамааралтай байх нь улс орныг мухардалд оруулах аж. Ерөнхийлөгч Э. Макрон нарны эрчим хүчийг ашиглах явдлыг нэмэгдүүлж, 2050 он гэхэд нарны эрчим хүчнээс гаргах цахилгаан эрчим хүчний хэмжээг 10 дахин нэмэгдүүлэх зорилт тавьсан ба 2050 он гэхэд далайд салхины эрчим хүчний 50 орчим станц барих зорилтыг мөн тавьжээ.

Францын Ерөнхийлөгч Эммануэль Макроны хувьд дэлхийн уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх явдал болон геополитиктэй холбоотой шалтгаануудын улмаас цөмийн эрчим хүчийг дэмжиж буйгаа өнгөрсөн 1-р сард Европын холбооны эрх баригчидтай уулзах үеэрээ илэрхийлж байсан билээ.

Эх сурвалж: The Guardian

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.