Цар тахлын үед ашиг орлого нь огцом өссөн Lego компани ажилчдаа урамшуулжээ

Twitter Print
2021 оны 11-р сар 30-нд 13:00 цагт
Мэдээний зураг,

Дэлхийн тоглоом үйлдвэрлэгч хамгийн том компани болох Lego компанийн аүиг орлого цар тахлын үеэр огцом өсчээ. Үүнтэй холбоотойгоор тус компани 20 мянган ажилчдынхаа баярын амралтыг 3 өдрөөр сунгаж, мөнгөн урамшуулал олгохоор болжээ.

Цар тахлын улмаас тогтоосон хөл хорионы үеэр Lego эвлүүлдэг тоглоомын эрэлт огцом нэмэгдсэн ба тус компани Хятад дахь үйл ажиллагаагаа өргөжүүлжээ.

2021 оны эхний хагаст Данийн Lego гэр бүлийн компанийн цэвэр ашиг 954 сая ам. доллар буюу өмнөх жилийнхээсээ даруй 140 хувиар өссөн үзүүлэлттэй гарчээ.

Орлогын хувьд өмнөх жилийнхээс 46 хувиар 3.5 тэрбум ам. доллар болтлоо өсчээ. "Lego группын хувьд маш онцгой жил болж өнгөрлөө. Энэ хугацаанд манай ажилчид шаргуу ажилласан учраас бид 2021 оны Зул сарын амралтын хугацааг 3 хоногоор сунгаж байна" хэмээн компанийн зүгээс мэдэгдэл гаргасан ба эх сурвалжуудын мэдээлж байгаагаар ирэх оны 4-р сард тус компанийн зүгээс ажилчиддаа мөнгөн урамшуулал олгох аж.

Цар тахлын улмаас гэртээ гацсан гэр бүлүүд чөлөөт цагаа Lego угсарч өнгөрүүлэх нь нэмэгдсэн ба компанийн зүгээс бүх насныханд тохирсон төрөл бүрийн загваруудыг гаргадаг билээ.

Оддын дайн, Харри Поттер киноноос сэдэвлэсэн загварууд нь хамгийн эрэлттэй байдаг аж. 2021 оны эхний хагаст Lego групп 60 салбар дэлгүүр нээсэн ба тэдгээрийн 40 гаруй нь БНХАУ-д байрлаж байна.

Ингэснээр Lego групп 6-р сарын 30-ний байдлаар нийт 737 дэлгүүртэй болсны 291 нь Хятадад байрлаж байна. Lego гэдэг үгийг Дани хэлнээс орчуулбал "сайн тоглох" гэсэн утгатай ба тус группыг 1932 онд Кирк Кристиансен үүсгэн байгуулжээ.

Кирк Кристиансений гэр бүл одоог хүртэл Lego компанийг эзэмшсэн хэвээр байгаа ба тус компани дэлхийн 40 улсад нийт 20 400 орчим ажилчидтай билээ.

Эх сурвалж: TheGuardian

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.