В.Зеленский: Донбассын төлөөх тулалдаан эхэллээ

Twitter Print
2022 оны 04-р сар 19-нд 10:18 цагт
Мэдээний зураг,

ОХУ-ын зэвсэгт хүчнийхэн Украины зүүн хязгаарын Кременная хотыг эзэлжээ. Бүс нутгийн удирдлагууд Донецк болон Луганск мужид байгаа иргэдэд аюулгүй газар луу явахыг зөвлөж байна.

Луганск мужийн захирагч Сергей Гайдай өөрийн албаг ёсны телеграм хуудсандаа Кременная хот оросуудад эзлэгдэж, тус хотын гудамжинд тулаан үргэлжилж байгаа тухай мөн Оросын цэргүүд хотоос гарах гэж оролдсон болгоныг буудаж байгаа тухай бичжээ.

Түүний мэдэгдсэнээр хотоос машинаар гарах гэж оролдсон 4 хүнийг ОХУ-ын зэвсэгт хүчнийхэн буудан хөнөөжээ. Дайнаас өмнө 20 мянга орчим хүн амтай байсан Кременная хот нь ОХУ-ын зэвсэгт хүчнийхний хувьд стратегийн гол бай болсон Донецк мужийн төв болох Краматорск хотоос 50 км зайд байрладаг аж.

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийн мэдэгдсэнээр ОХУ-ын зэвсэгт хүчнийхэн Украины зүүн хязгаарт хүчээ төвлөрүүлж, энэ даваа гарагаас давшиж эхэлжээ. Оросын цэргүүд өнгөрсөн 3-р сарын сүүлээр Украины хойд хязгаар, нийслэл Киев орчмоос ухарсан билээ.

Үүнтэй холбоотойгоор Украины зэвсэгт хүчнийхэн ОХУ-ын давшилт удахгүй шинээр эхэлнэ хэмээн бэлтгэлтэй байсан аж. Ерөнхийлөгч В. Зеленскийн хэлснээр "Донбассын төлөөх тулаан" эхэлсэн ба оросууд үүнд удаан хугацааны турш бэлдсэн аж.

Ерөнхийлөгч В. Зеленскийн тамгын газрын дарга Андрей Ермак, "Дайны 2-р үе шат эхэллээ." хэмээн мэдэгджээ. Пентагоноос мэдээлснээр Донбасс болон Украины зүүн өмнөд бүс нутагт ОХУ-ын 76 батальон байрлаж байна.

Түүнчлэн Украины өмнөд хязгаарын Мариуполь боомт хотод Украины арми ОХУ-ын зэвсэгт хүчнийхэн хооронд тулаан үргэлжилсээр байна.

Эх сурвалж: The Guardian

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.