ОБЕГ: ООГХ-ээс мэдэгдэл ирүүлээгүй учир дуут дохио өгөөгүй

Twitter Print
2021 оны 01-р сар 12-нд 09:42 цагт
Мэдээний зураг,

Хөвсгөл аймгийн төвөөс баруун хойд зүгт 200 километрт Ханх сумын баруун урд зүгт 30 километрын зайд 01 дүгээр сарын 12-нд нийт зургаан удаагийн газар хөдлөлт болж, иргэдэд хүчтэй мэдрэгдлээ. Тодруулбал, Улаанбаатарын цагаар 05:32 цагт 6,5 магнитуд, 05:41 цагт 5,1 магнитуд, 05:47 цагт 4,6 магнитуд, 06:02 цагт 5,3 магнитуд, 06:10 цагт 5 магнитуд, 07:02 цагт 5,6 магнитудтай газар хөдлөлт болсон байна.

Эдгээр газар хөдлөлт нь Улаанбаатар хотын төвөөс 1000 орчим км-ийн зайд болсон ч газар хөдлөлтийн чичирхийлэл Булган, Орхон, Сэлэнгэ, Хөвсгөл аймаг, нийслэлийн оршин суугчдад хүчтэй мэдрэгдсэн бол Улаанбаатар хотод 4-6 баллаар буюу унтаж байсан иргэд сэрсэн, гэрлийн бүрхүүл чичирхийлж савласан гэх зэргээр мэдрэгдсэн ч хохирол учраагүй байна.

Харин энэ үеэр иргэдэд зарлан мэдээлэх дуут дохиог яагаад дуугаргаагүй талаар ОБЕГ-ын албаны хүнээс тодруулахад "Аливаа газар хөдлөлтийг урьдчилж мэдэх боломжгүй байдаг. Хэрэв Одон орон геофизикийн хүрээлэнгээс дахин газар хөдөлж магадгүй гэсэн мэдэгдлийг бидэнд өгвөл иргэдэд анхааруулах газар хөдлөлтийн гамшгийн аюулын дуут дохиог дуугаргах юм. Тиймээс тус хүрээлэнгээс ямар нэгэн мэдэгдэл ирүүлээгүй учир дохио өгөөгүй. Мөн голомт нь Хөвсгөлд байсан ба энэ нь Улаанбаатарт зөвхөн мэдрэгдсэн учир гамшгийн зарлан мэдээллийг хийгээгүй. Одоогоор Улаанбаатарт ямар нэгэн хохирол учраагүй бол Хөвсгөлд ерөнхий боловсролын нэг сургуулийн барилга цуурсан гэх мэдээлэл бидэнд байна" гэсэн юм. 

Монгол Улсад 30 жилийн өмнө буюу 1991 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын Бүсийн гол гэдэг газарт 6,5 магнитудтай хүчтэй газар хөдлөлт болж байжээ.

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.