Тэврэлтийн 7 төрөл, тэдгээр нь харилцаанд ямар утгыг илэрхийлдэг вэ?

Twitter Print
2023 оны 08-р сар 30-нд 07:40 цагт
Мэдээний зураг,

Тэврэлт бол хүн төрөлхтний бие махбодын хүрэлцэлийн хамгийн чухал хэлбэр юм.

Гэвч ямар хэлбэрээр тэврэх вэ гэдгээс хамаарч романтик харилцаа, аюулгүй байдал, сэтгэл санааны дэмжлэг, нөхөрлөл, хайр гэх мэт өөр өөр утгыг илэрхийлдэг байна. Мэргэжилтнүүд нийтлэг долоон төрлийн тэврэлтийн илэрхийлж буй утгыг дараах байдлаар тайлбарлажээ. 

1. Хажуугаар тэврэх 

Зэрэгцэж зогсоод мөрөө нийлүүлэн эсрэг хүнийхээ бүсэлхийгээр тэврэхийг хажуугаар тэврэх гэдэг. ЯМАР УТГЫГ ИЛЭРХИЙЛДЭГ ВЭ:  Энэ тэврэлт нь энгийн, ямар нэгэн буруу ойлголт төрүүлэхүйц биш учраас найз нөхөд гэхээсээ төдийлөн дотно биш, танил хүмүүсийн дунд (ажлын хамт олон байж болно) түгээмэл байдаг гэж дотно харилцааны мэргэжилтэн Жулиан Колкер тайлбарлажээ. Хэрэв таны болзсон хүн ийм хэлбэрээр тэвэрч байгаа бол та хоёрын харилцаанд тодорхой хэмжээний зай байна гэсэн үг юм. 

2. Найзын тэврэлт 

Цээжээ нийлүүлж, хоёр гараараа эсрэг хүнээ тэврэх уламжлалт тэврэлтийг найзын тэврэлт гэдэг. 

ЯМАР УТГЫГ ИЛЭРХИЙЛДЭГ ВЭ:  Тэврэлдэх үед бүсэлхийнээс доошоо хэсэг тодорхой хэмжээний зайтай байдаг тул бэлгийн эсвэл романтик харилцааны илэрхийлэл болохгүй. Удаан хугацаанд уулзаагүй хүмүүс л биш бол найзуудын тэврэлт богино хугацаанд болоод өнгөрдөг гэж харилцааны көүч Марла Маттенсон хэлжээ.

3. Араас тэврэх

Яг ямархуу байдлаар тэврэхээс шалтгаалж энэ нь нэг бол хайр сэтгэлийн эсвэл эцэг эх, хүүхдийн харилцааг илтгэдэг аж. Романтик харилцаанд ихэвчлэн нэг нь нөгөөгийнхөө ард зогсож, тэвэрч байгаа хүний цээж тэврүүлж буй хүний нуруутай шүргэлцэн, урд зогссон хүнийхээ цээж эсвэл, их биеийг гараараа тэвэрдэг. Гэр бүлийн гишүүдийн хувьд ээж аавууд ихэвчлэн хүүхдээ үүрэх маягтай бөхийсөн байдаг. 

ЯМАР УТГЫГ ИЛЭРХИЙЛДЭГ ВЭ:  Марла Маттенсоны тайлбарласнаар, хосууд нэг зүг рүү харж, бие махбодын хувьд ойр байж чаддаг учраас энэ төрлийн тэврэлт нь тэдний илүү ойртуулж, дотно болгодог гэжээ. Мөн араас тэврэх нь итгэлцэл, хамгаалалтын бэлгэ тэмдэг болдог байна. Хэрэв хэн нэгэн таныг араас чинь тэвэрсэн бол таны ар тал болж, тулж түшихийг илэрхийлж буй хэрэг гэнэ. Харин та хэн нэгнийг ингэж тэвэрсэн бол түүнийг алив бүхнээс хамгаалахыг хүсэж буйн тэмдэг юм. 

4. Бүсэлхийгээр тэврэх

Энэ тохиолдолд гараараа хэн хэнийхээ бүсэлхийг тэвэрч, бие биенийхээ нүд рүү эгцлэн харах боломжтой байдаг.

ЯМАР УТГЫГ ИЛЭРХИЙЛДЭГ ВЭ: Энэ бол эсрэг хүндээ дараагийн алхмаа хийх боломжийг олгодог дотно, романтик тэврэлт юм. Бие махбодоороо хүрэлцээд зогсохгүй харц тулгарах нь үнсэлт, секс гэх мэт илүү дотно харилцаа руу хөтлөх магадлалтай юм. Тиймээс хэн нэгэн таныг ингэж тэвэрвэл ямар нэгэн "онцгой" зүйл болно гэсэн бэлтгэлтэй байгаарай.   

5. "Баавгайн тэврэлт"

Баавгайн тэврэлтийг хэвтээ болон зогсоо байдалд хийдэг. Энэ нь энгийн тэврэлтээс илүү ойрхон зайтай, чанга, бас удаан хугацаанд үргэлжилдэг. Аль нэг нь эсрэг хүнийхээ цээжийг дэрлэсэн байдалтай байхыг харилцааны көүч Марла Маттенсон "хайрын хөнжил" гэж нэрлэжээ. 

ЯМАР УТГЫГ ИЛЭРХИЙЛДЭГ ВЭ: Энэ нь эхийн хэвлийд буй мэт халуун дулаан, аюулгүй мэдрэмжийг төрүүлдэг. Түүнчлэн уг тэврэлт парасимпатик мэдрэлийн системийг идэвхжүүлэхэд тусалдаг учраас хүнд байгалиас заяасан тулалдах, зугтах хариу үйлдлийн горимоос хүнийг гаргадаг гэж дотно харилцааны мэргэжилтэн Жулиан Колкер тайлбарлажээ. Дотны найз нөхөд, романтик хамтрагчид, гэр бүлийн гишүүд биенээ ингэж тэвэрч болно. 

6. Нэг талаар тэврэх

Тэврүүлж буй хүн нь сул зогсож (эсвэл сууж) тэвэрч байгаа хүн нь хоёр гараараа хүзүүг нь ороон чанга тэврэхийг ингэж нэрлэдэг. 

ЯМАР УТГЫГ ИЛЭРХИЙЛДЭГ ВЭ: Энэ нь албадсан, хүсээгүй тэврэлт юм шиг харагддаг ч үнэн хэрэгтээ тэврүүлж буй хүнд сэтгэлзүйн дэмжлэг болж чаддаг гэжээ. Мөн энэ тэврэлт нь романтик харилцаатай хүмүүсийг хос төдийгүй найзууд гэдгийг илтгэдэг аж. 

7. Цээж цээжээ нийлүүлэн тэврэх

Толгойгоо зөрүүлж, цээжээ нийлүүлсэн байдаг тул хэн хэнийхээ зүрхэнд хамгийн ойр байх боломжтой тэврэлт юм. Хэрэв суугаа байрлалаас ингэж тэврэлдэх бол хамгийн багадаа 3 минут үргэлжлүүлэхийг харилцааны көүч Марла Маттенсон зөвлөжээ. 

ЯМАР УТГЫГ ИЛЭРХИЙЛДЭГ ВЭ: Энэ бол илүү дотносохыг хүсэж буй хосуудын хувьд хамгийн тохиромжтой тэврэлт гэжээ. Мөн бие махбодоороо хүрэлцэх дуртай, хүрэлцэхийг хайрын хэл гэж ойлгодог хамтрагчтай бол ийм тэврэлт тэднийг тайвшруулах хамгийн үр дүнтэй арга байх болно. 

ТЭВРЭЛДЭХ НЬ ЭРҮҮЛ МЭНДЭД ЯМАР АЧ ХОЛБОГДОЛТОЙ ВЭ? 

Тэврэлт нь хүний бие махбод болон сэтгэлзүйн эрүүл мэндэд аль алинд нь тустай аж. Мэргэжилтнүүдийн тайлбарлаж буйгаар энергиэ солилцох нь хүмүүсийг ойртон дотносоход нөлөөлдөг гэжээ. 

Тэврэлдэх үед өнчин тархины булчирхайд хадгалагддаг окситоцин ялгардаг бөгөөд үүнийг өөрөөр "хайрын даавар" гэж нэрлэдэг билээ. Мөн окситоцин, серотонин нь стрессийг буруулдаг даавар учраас тэврэлт нь стрессийг бууруулах хамгийн үр дүнтэй арга юм. Түүнчлэн тэврэлдэх үед бие махбодын өвдөлт буурч, зүрх судасны үйл ажиллагаа сайжирдаг болохыг судалгаагаар баталжээ.

Б.Саруул

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.