Барак Обама дахин хүнд сорилттой тулгарлаа

Twitter Print
2014 оны 12-р сар 08-нд 08:15 цагт
Мэдээний зураг,

АНУ-ын конгресс дахь Бүгд найрамдах намынхан ерөнхийлөгч Барак Обамагийн бүрэн эрхийнхээ хүрээнд шийдвэрлэж байгаа цагаачлалын хуулийн шинэчлэлтэд хориг тавихад санал нэгдээд байна. Цагаачлалын хуулийн асуудлаар тэд өөрсдөө хуулийн төсөл боловсруулж Ардчилсан намын төлөөлөл болох Обамагийн бүрэн эрхийг үгүйсгэсэн тогтоол батлах аж. АНУ-ын хууль тогтоох байгууллагаас тус улсад оршин сууж байгаа олон сая цагаачдын асуудлыг хуульчилах ерөнхийлөгчийн санаачилгыг дэмжээгүй учир удахгүй ирэх оны төсвийг хэлэлцэх үеэр хурц маргаан өрнөх үндсэн шалтгаан нэгэнт бий болчихоод байна.

Бүгд найрамдах намынхан олонхи болсон Төлөөлөгчдийн танхимаас өчигдөр пүрэв  гарагт цагаачлалын хуулинд зарим өөрчлөлт оруулах ерөнхийлөгчийн захирамжийг 219-197 харьцаатай саналаар хууль бус гэж үзсэн хуулийн төсөл баталсан аж. Уг баримт бичигт тэмдэглэснээр "ерөнхийлөгчийн захирамжийг хүчин төгөлдөр бус, хууль эрх зүйн үндэсгүй" гэж үзсэн байна.

Удахгүй АНУ-ын 2015 оны төсвийн төслөөр төрийн байгууллагуудыг санхүүжүүлэх асуудал хэлэлцэх үеэр ерөнхийлөгчийн санаачилсан цагаачлалын шинэчлэлт улам их маргаан дэгдээх болно. Америкчуудын хувьд ирэх санхүүгийн жил бүр өнгөрсөн аравдугаар сараас эхэлчихээд байхад төсвийн баримт бичиг өнөөдөр батлагдаагүй байгаагаар барахгүй засгийн газар энэ сарын 11-нд хугацаа нь дуусах түр хугацааны санхүүжилт хийх тогтоолын төсөл дээр ажиллаж байгаа нь асуудлыг улам хурцатгаж байгаа аж.

Бүгд найрамдах намынхан төсвийг харин хоёр арга замаар батлахаар төлөвлөж байгаа нь нэгдүгээрт, улсын хил хамгаалалтыг хариуцаж буй Үндэсний аюулгүй байдлын яамны санхүүжилтийг танах, эсвэл бүр ерөнхийлөгчийн санаачилгыг хэрэгжүүлэхэд шаардлагатай төсөв олгохгүй байх явдал аж.

Reuters агентлагийн мэдээллээр бол Бүгд найрамдахчууд 2015 онд хоёр танхимд хоёуланд нь олонхи болох учир Америк-Мексикийн хилийн хяналтыг улам өндөржүүлэх санал тавихаар төлөвлөж байгаа бол нөгөө талаас Ардчилсан нам, Барак Обамаг олноороо дэмжсэн Испани хэлтэй иргэдээс  ирэх ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр санал цуглуулах давхар төлөвлөгөөтэй байгаа нь хоорондоо зөрчилдөж улмаар санал зөрөлдөх шалтгаантай болж байна. Үүний дээр АНУ-ын төрийн өр өмнөх жилийнхээс нэг их наяд шахуу доллароор нэмэгдэж 18,005 их наядад хүрсэн нь өнгөрсөн оноос энэ оны эхэн хүртэл батлах гэж сунжирсан төсвийн маргааныг дахин давтах  болж байгаа нь тодорхой харагдах боллоо.   

Ерөнхийлөгч Барак Обама Конгрессын дэмжлэггүйгээр өөрийн бүрэн эрхийнхээ дагуу цагаачлалын бодлогод шинэчлэл хийх болсоноо мэдэгдсэн даруй  Бүгд найрамдах намаас түүний бодлогод бүх талаар хориг тавина гэж мэдэгдэж, үүний тулд Холбооны засгийн газрын санхүүжилтын тухай хуулийн төслийг ашиглаж магадгүй байгааг Амеркийн хэвлэл мэдээллүүд тэмдэглэж байсан. Харин хуулийн төслийн эцсийн хугацаа ирэх долоо хоногийн пүрэв гарагт арванхоёрдугаар сарын 11-ны өдөр дуусна. Үүнээс өмнө амжиж цаг хожихийн тулд Бүгд найрамдах намын зарим гишүүд Обамагийн үйлдэл Үндсэн хуульд нийцэхгүй гэдгийг нотлохын тулд шүүхэд гомдол гаргахаар төлөвлөж байсан бол уг төлөвлөгөө ёсоор Америкийн 17 муж улсын захиргаа Обамаг шүүхэд өгсөн билээ.

АНУ-ын 2008 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлын үеэр Барак Обама цагаачлалын хуульд шинэчлэл хийхээ амлаж байсан боловч Ерөнхийлөгчийн албан тушаалд сонгогдсон эхний жил болоод төрийн тэргүүний хоёр дахь бүрэн эрхийн хугацаанд ямар ч боломж олдоогүй, хэдийгээр түүний санаачилгыг Сенатын танхим баталсан боловч Төлөөлөгчдийн танхимд Бүгд найрамдахчууд дэмжээгүй билээ.

АНУ-ын Цагаачлалын тухай хуулинд хийх өөрчлөлт, шинэчлэлтийг тус улсад хууль бусаар амьдарч байгаа таван сая цагаачид олон жилийн турш хүлээж байгаа бол Цагаан ордны засаг захиргаа юуны өмнө тус улсад занал учруулах террорист халдлагад онцгой анхаарах үндсэн дээр цагаачлалын асуудалд болгоомжтой хандаж ирсэн байна.

Цагаачлалын хуулинд шинэчлэл хийх ерөнхийлөгчийн төлөвлөгөө ёсоор тус улсад дор хаяхад таван жил ажиллаж амьдарсан, АНУ-ын иргэншилтэй үр хүүхэдтэй болсон хууль бус цагаачдыг албадан гаргахгүй байх өөрчлөлтийг хуулинд оруулах бөгөөд үүнийг "green card" системээр шийдвэрлэж өгснөөр тэдэнд муж улсуудад ажил олгох үйл ажиллагааг хөнгөвчилж, гадаад бизнес эрхлэгчдэд ажлын байр гаргаж өгөх боломж олгох аж.

АНУ- өнөөдөр голдуу Латин Америк гаралтай 12 сая гаруй хууль бус цагаачид амьдардаг бөгөөд өдөр тутам 400 мянган хүнийг тус улсаас албадан гардаг байна. Энэ дүн мэдээллийг Америкийн хүн амд харьцуулахад 30 хувийг эзэлдэг бол 1О хувь нь Ази гаралтай иргэд байдаг аж.

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.