Заяын гэгээний хүрээ

Twitter Print
2020 оны 03-р сар 15-нд 12:30 цагт
Мэдээний зураг,

Архангай аймгийн Цэцэрлэг хотод байх Заяын гэгээний хүрээг анх 1631 онд Чантын хөндий гэдэг газар байгуулжээ. Ламын гэгээн, Заяын гэгээн, Ширээт гэгээн хэмээх 3 их гэгээн энэ газарт ирж хоноглохдоо хэнийх нь аяганд цэцэг ургасан нь өөрийнхөө хийдийг байгуулъя гэж тохирчээ. Тэгээд Заяын гэгээний аяганд цэцэг дэлгэрснээр Булган уулын өвөрт энэ хийдийн суурь тавигджээ.

Заяын хүрээнд 1696 онд байгуулсан Гүдэн нэртэй сүмийг II Зая бандид Лувсанпэрэнлэй өөрийн лаврин болгон суужээ. Энэхүү Гүдэн сүм нь Лаврин буюу Хутагтын ордон хэмээн нэрлэгдэж, баруун зүүн Гүдэн гэж тус тусдаа байжээ. Лаврингийн баруун Гүдэнд үүрд нойрссон II, III, IY Зая бандид нарын шарил, зүүн Гүдэнд Y Богдын шарил тус тус байжээ. Эдгээр шарилуудын дотор III Зая бандидын шарил нь гүдэнгийн суварга дээр номын нөмрөгөөр бүтээсэн байдалтай байжээ. Хэлмэгдүүлэлтийн үеэр эдгээр Заяын гэгээнтнүүдийн занданшуулсан шарилыг гаргаж газарт булжээ. Харин хожим Халхын анхдугаар Зая бандида Лувсанпэрэнлэйн шарилыг аль нэгэн гэгээний шарилтай хамт сэргээн буцааж хийдэд нь залжээ. Зүүн Гүдэнд Ядам Сономдоо, Чодог бурханыг тус тус тахиж, хурал хурдаг байжээ.

Дээд давхарт байх хутагтын номын санд эртний түүх, тууж, уран зохиол, шашны ном материалыг түвд, монгол, хятад хэлээр ангилан байрлуулсан байжээ. Мөн Гүдэнгийн дээд давхрын майхан хэлбэрийн орой нь тэр хэвээрээ 1940 оныг хүртэл байсан байна. Эдгээр Гүдэн сүмүүд нь бусад хийдийн Цогчин дуган лугаа адил тойруулж барьсан модон сараалжин хашаатай байжээ. 1930 оны эцсээр Архангай аймаг дах гал командын байр болгож, дунд талын шүтээний сүмийн орой буюу хоёрдугаар давхрыг буулгажээ. 1941-1942 онд тус сүмийг хүнсний комбинатад шилжүүлсэн бөгөөд 1950-аад оны эцэс хүртэл архины агуулах бусад материалын агуулахаар ашиглаж байжээ. 1960-аад оноос хойш аймгийн музей, 1997 оноос аймгийн угсаатны зүйн музей болгосон байна.

Сэмчин ордонг III Зая бандид 1802 онд хоёр давхар асар бүхий түвд уран барилгын хийц загвараар зүүн баруун Сэмчин нэртэйгээр байгуулжээ. Дээд талдаа асар дээвэртэй, гурван давхартай байгуулжээ. Доод хоёр давхрыг туйпуугаар, дээд давхрыг модоор барьж, асар дээвэртэй жижиг өрөө бүхийгээр барьжээ. Хожим 1907 онд II Зая бандидын Өвөрмонгол шавь нар Халх Монголд нүүн ирж 1908-1909 онд энэхүү хоёр Сэмчинд шилжин ирж гуравдугаар давхрын модон тасалгааг буулган хурлын дуган болгоод, нэг Сэмчин дуганыг нь Цогчин хасын дуган болгосон байна. Тэгээд 1909-1910 оны үед засвар хийж одоогийн байдалтай болгожээ. Зүүн Сэмчин нь нүүрэн талдаа 16 баганатай, багана бүрийн хооронд хоёр хаалгатай байжээ. Тус Сэмчинд Y Зая бандид 1820-оод онд Дүйнхорын хурал хурдаг байж байгаад, Гэгээнтэн доод хүрээнд шилжсэнээр Дүйнхорын хурал хурахаа больж, Зая бандидын баяр ёслолын үеэр хэрэглэдэг байсан Дацар түхэр, жууз тэрэг, дамнуурга гэх мэтийн зүйлийг агуулж хадгалдаг өрөө болгожээ.

Хожим 1930 оны үеэр Архангай аймгийн гал командын машины гарааш болгон хэрэглэжээ. Баруун Сэмчин нь Зүүн сэмчинтэй гадна хэлбэр нь адил боловч дотор зохион байгуулалт нь өөр байжээ. Дээд давхар нь том жижиг гурван тасалгаатай бөгөөд дунд тасалгааны баруун хананд Гэгээний хүрэн зандан хөшиг бүхий хос ор, зандан шүүгээ дөрвөн ширхэг, зандан ширээ гурван ширхэг, чулуун өртэй зандан сандал 50 ширхэг, үүнээс гадна Далай ламын ор зэргийг зассан байжээ. Тус Сэмчингийн доод талын давхар нь 3 тасалгаатай бөгөөд дунд талын тасалгааны баруун хананы голд Гэгээний суудаг Зандан сандал бий. Баруун Сэмчинг Ардын Хувьсгалын эхний жилүүдэд сүм хийдэд албан татвар авахыг далимдуулан тэдгээр тавилга эдлэлийг зарсан байна.

Заяны хүрээ нь хоорондоо 5 километрийн зайтай дээд доод хүрээ болон хуваагдаж бүгд 26 сүм дуган, лам нарын сууцаас бүрдсэн томоохон суурин газар байжээ. Тухайн цаг үедээ 1000 гаруй лам хурал хуран суудаг байсан. Заяын хүрээний сүм дуганыг XVI зууны эцэс хүртэл хугацаанд, Дандаржамъяан, Борчогба, Жигдэл зэрэг алдарт дархан хүмүүсээр удирдуулсан Монгол дархчууд барьжээ. Хожим 1887 онд Төгс дархан, Соном, Лувсаншарав, Буянт хэмээх алдартай уран дархчуул засвар хийсэн байна. Заяын гэгээний хүрээнээс үлдсэн барилгуудыг 1994 онд улсын хамгалалтанд авчээ. Тус Заяын гэгээний хүрээнд үе улиран дараах хутагтууд сууж байжээ. Заяын хүрээг анх байгуулсан Хоёрдугаар Зая бандид Лувсанпэрэнлэй, Гуравдугаар Зая бандид Лувсанжигмэддорж, Дөрөвдүгээр Зая бандид Лувсанняндаг, Тавдугаар Зая бандид Лувсанжигмэднамжил, Зургадугаар Зая бандид Лувсантүвдэнчойжийням, Зая гэгээний долоо дахь дүр нь Лувсанданзанпүлжинжигмэд буюу Самбуугийн Баярт (Эцэг Самбуу нь Булган сум, эх Цэрэнлхам нь Эрдэнэмандал сумын хүн юм) нар ажээ.

Хийдийн ард байх Булган уулын энгэрт зурсан бурхдын хөрөг бороонд угаагдах тусам улам тодордог. Хэлмэгдүүлэлтийн үед эдгээр бурхдын зургийг арилгах гэж оролдоод чадаагүй ажээ. Судлаачид одоог хүртэл хийдийн хөх тоосго, бурхан зурсан будгийн найрлагыг тайлж чадаагүй байгаа.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.