Дарагдлын хугарал

Twitter Print
2021 оны 12-р сар 02-нд 12:56 цагт
Мэдээний зураг,

ДАРАГДЛЫН ХУГАРАЛ

Ясны сийрэгжилтийн үед, сээр нурууны гүдгэр ихсэж бөгтөр болсон үед багана нуруунд хамгийн их тохиолддог ноцтой хүндрэл бол дарагдлын хугарал юм. Ихэвчлэн ясны нягтаршил нь багассан ясны сийрэгжилттэй настай хүмүүст ийм хэлбэрийн хугарал тохиолддог. Жирэмсэн эхчүүд, мөн дааврын бэлдмэл байнга хэрэглэдэг өвчтөнүүдэд ч гэсэн элбэг үүсдэг тул анхаарал болгоомж хэрэгтэй.

Нэгэнт сийрэгжин, бат бөх чанар нь алдагдаж, хугарахад бэлэн болсон байсан нугалам яс хальтирч унах, хүнд юм огцом өргөх, огцом урагш тонгойх, булчин хүчтэй чангарах, тохиромжгүй дасгал хөдөлгөөнөөр хичээллэх зэрэг хүчин зүйлийн нөлөөгөөр хугарч гэмтэнэ. Нурууны орчмын булчингууд гэнэт чангарч, нугалмуудыг их бие хэсгээр нь хооронд нь ойртуулж бие биед нь шахсанаас дарагдлын хугарал үүснэ. Нурууны хэлбэр нь сээр хэсгээрээ бөгтийж өөрчлөгдсөн байсан хүмүүст голдуу Th10-L3 нугалмын түвшинд нугалмын их бие хэсэг дарагдаж хугардаг. Бага насны хүүхдээ тонгойж дээш өргөсөн, хүн ачааг бөхийж өргөсөн үед дарагдлын хугарал үүсэх тохиолдол цөөнгүй. Ийм хугарлын үед сэртэн хэсэг хугарах нь харьцангуй цөөн тохиолддог.

Гол илрэх шинж тэмдэг нь нугалмын хугарсан хэсэгт дарахад өвдөлт мэдрэгдэнэ. Алхах, бөхийж суухад, сууж эсвэл хэвтэж байгаад босох үед нурууны өвдөлт илүү мэдрэгдэнэ. Харин алхаж байхад өвдөлт багасдаг.

Нугалмын дарагдлын хугарлыг хажуугийн байрлалаас рентген зураг авч оношлоход тохиромжтой. Зурагт нугалмын их биеийн өндөр бусад нугаламтай харьцуулахад намссан, нугалам хоорондын зай намссан шинж илэрдэг. Илүү нарийвчлалтай шинжилгээ шаардлагатай бол эмчийн зөвлөснөөр СТ, MRI шинжилгээ хийлгэж болно.

Ясны сийрэгжилтийг удаашруулах, ясны бат бөх чанарыг нэмэгдүүлэх зорилгоор кальцийн бэлдмэл уух, кальци, Д амин дэмээр баялаг хоол хүнс хэрэглэх нь гол эмчилгээ юм. Нурууны нугалмын хугарлын шинж тэмдэг нь хөнгөн бол хангалттай амарч, эм болон сэргээн засах эмчилгээний аргаар эхлээд эмчлүүлэх хэрэгтэй. Мөн нурууны хөдөлгөөнийг хязгаарлах зорилгоор хатуу, хагас хатуу бэхэлгээ бүс зүүх шаардлагатай.

Нуруу нугалмын хугарлын хамгийн их тохиолддог түгээмэл шалтгаан нь ясны сийрэгжилт тул урьдчилан сэргийлэхийн тулд ясныхаа нягтаршлыг нэмэгдүүлэх, ясны сийрэгжилтээ нэмэгдүүлэхгүй байх амьдралын зөв дадал зуршилтай болох нь хамгийн чухал.

Огцом бөхийх, хэт тонгойж хүнд зүйл өргөх, удаан бөхийж суух, спортын дасгал хөдөлгөөнөөр хичээллэх үедээ хурд, хүч шаардсан бөхийх хөдөлгөөн хийхдээ болгоомжтой байх, болбол тийм хөдөлгөөн хийхээс зайлсхийх, машинд суухдаа хамгаалалтын бүсээ зүүж байх, толгойгоороо огцом арагш урагш савах, эргэх хөдөлгөөн хийхээс болгоомжлох хэрэгтэй.

Н.Алтанхундага

Бэханзэ эмнэлэг

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.