Аавтайгаа тэмдэглэдэг байсан шинэ жил /дурсамж/

Twitter Print
2022 оны 12-р сар 22-нд 09:34 цагт
Мэдээний зураг,

Арванхоёрдугаар сар гарахтай уралдан хамт олондоо гацуур модыг нь чимж өгөөд, дараа өдөр нь хүүгийнхээ модыг засаж зогсоход жил жилийн шинэ жилээр баяр хөөртэй ирдэг байсан, одоо бол гуниг тээн, сэтгэл шархируулан ирдэг болсон нэгэн дурсамж дотор эргэлдэнэ. Энэ бодол аавтай минь холбоотой болохоор тэр л дээ.

Манайх Байдрагийн Цагаан багшийнх гэдэг айл. Цэцэг жимс шиг найман хөөрхөн охин, хоёр сайхан хүүтэй. Байдрагийн САА-г оросуудын тусламжаар барьсан болохоор миний багын дурсамж тэдэнтэй их холбоотой байдаг. Намайг сургуульд орох үед манай сумыг оросууд барьж, тэр хэрээрээ соёл түгээж, тойргийн хэдэн сумдадаа гайхуулсан паартай байшинд амьдарч, сургууль цэцэрлэг, соёлын ордон, зочид буудал, гуанз, дэлгүүр гээд бүх юм цогцолсон "соёлтой" газар байв. Бас бүгдээрээ л оросоор өөр, өөрийнхөө хэмжээнд ярьчихдаг. Сургуульд бол анги болгонд орос хэлийг цэнхэр нүдтэй, шар толгойтой багш нар заадаг байв.

Оросуудтай хамт ирсэн нэг гайхамшигтай зүйл бол жинхэнэ утгаар нь тэмдэглэх болсон Ёолк хэмээх зүйл. Шинэ жилээр Орос айлуудын цонхны цаанаас сүлд модоо чимсэн хөөрхөн тоглоомууд гялтганан сэтгэл гижигдэж, орой болонгуут хүүхдүүд бид тэдний цонхоор булталзаж, амар тайван байлгадаггүйсэн.

Харин нутаг буцах оросууд эдэлж хэрэглэж байсан зүйлсээ зардаг байснаас манай сумынхан бүгд л телевизор, хөргөгч, угаалгын машин, оёдлын машин гээд иж бүрэн техникжсэн юм. Манайх ч юунаас дутахав, юм юмтай л болсон.

Аав минь цалингаа аваад тэр үед дэлгүүрт бараа боож өгдөг байсан бор цаасан ууттай чихэр боов энгэрээрээ дүүрэн тэврээд ирдэгсэн. Харин тэр өдөр том чемодантай юм барьсаар хашааны булан тойрон гарч ирэхэд аавыгаа угтдаг зангаар бид гүйсээр хүрч дамжилбал их л хөнгөхөн юм. Аав ч "Аяархан, аяархан, дотор нь хагарах юм байгаа шүү" гээд их л нандигнан гэртээ орлоо.

Чемоданыг задалбал дотор нь бидний нүдийг унагаад, шүлс гоожуулаад байдаг нөгөө хүсэл мөрөөдөл болсон гоё ёолкны мод, хөвөнд нандигнан боосон хөөрхөн тоглоомууд, гэрэл чимэглэл бүгд байхыг хараад бид хашгиралдан, дэвхцэн баярлалдав. Аав нутаг буцаж байгаа таньдаг орос хүнээс авсан гэнэ. Тэр тоглоомуудын гоёыг нь яана. Үнэг, туулай, баавгай, нар, сар, боргоцой гээд амандаа үмхээд авчихмаар хөөрхөн, бас эмзэгхэн тоглоомууд.

Үүнээс хойш манайх гэдэг айл сумандаа хамгийн супер ёолк засдаг айл боллоо. Цас орж хүйтрээд, шинэ жил дөхөхөөр хурдхан шиг ёолкоо засахсан гээд сэтгэл яарах. Ёолкоо засах өдөр бүгд гэр орноо гялтганатал цэвэрлэж, чемодантай тоглоомоо оруулаад аавыг хүлээж сууна. Бас бүгдээрээ чадах ядахаараа гоё зураг зурж, цагаан хөвөнгөөр утас имрэн цасан ширхэг хийнэ, шувууны үүр, гинж хийнэ. Ингээд гэрийнхээ баруун хоймор томоос том ёолкоо засаад, гялтганасан мөнгөн саа униараа унжуулаад орхино. Шөнө унтах гээд орондоо орсон хойноо ч сэтгэл хөдөлж, орныхоо хөшигний завсараар сэм харвал эгч дүүс маань бас л сэм харж байгаа бололтой сарны гэрэлд дурдан хөшигнүүд нь хөдөлж харагддагсан. Тооноор туссан сарны гэрэлд мөнгөн саа нь гялтганаад, хааяа хөөрхөн тоглоомууд нэг л яруу жин, жин дуугарах нь үнэхээр сэтгэлд баясгалантай.

Сумын айл болгонд ийм сайхан ёолк, тоглоом байхгүй тул манайхыг ёолкоо зассан сургаар сумын төвийн хүүхдүүд орж ирнэ. Зарим нь баганы хажуугаас, зарим нь үүд хавьцаа хөөрхөн тоглоомоос минь нүд салгахгүй ширтэнэ. Бид ч хүүхдүүд байтугай томчуул нь сонирхож орж ирэхийг мэдэх тул хамаг гоё хувцасаа өмсөөд, урд урдынхаас улам их цай чанаж, боорцог хийн зочдоо хүлээнэ. Томчуул орж ирээд яриа хөөрөө дэлгэн, байн байн "үгүй, энэ мөн хөөрхөн эд ээ" гэж дуу алдана, бас барьж үзнэ. Бас болоогүй сайхан юм үзэж сэтгэл сэргэснийх, бас дайлуулсных тав, арван төгрөгөөр ёолкийг маань мялаана.

Эдэн дотроос хамгийн нандин дурсамж нь арванхоёрдугаар сарын 31-ний өдөр манайх орж ирсэн бүх хүүхдэд бэлэг өгч заншсан тул тэр өдөр манайхаас бэлэг авах гэж сумын хүүхдүүд аль өнгөтэйгөө өмсөж, бас ч гэж олон "гоё" охидтой, багш айлд орох гэж байгаа тул гутлаа тослон хүлээнэ. Тэр үед зөвхөн онц сурсан, сурлага, урлаг спортоор тэргүүлсэн хүүхдүүд сургуулийн "Өвгөн аав"-аас бэлэг авдаг байсан бол энэ бүхнийг харгалзахгүй бүгдэд нь бэлэг өгдөг газар ганц манайх байв.

Урд өдрүүдэд нь аав дэлгүүрээс "цагаан хайрцаг"-аар дүүрэн чихэр, жигнэмэг, олдвол хайрцгаар нь мандарин авчирна. "Сумын дэлгүүрт "яавлаг" ирвэл ганц авдарыг авчих юмсан" гэж их л санаашран ярина. Даанч тэр нь санаагаар болох биш дээ. Бидний гол үүрэг юу вэ гэхээр "12 мөнгөний дэвтэр" гэж хэлж заншсан өргөн дэвтрийн цаасыг үдээсээр нь салгаж, ирмэгийг нь нарийхан эмхэрдэж нугалаад үдэж уут хийнэ. Хийсэн уутан дээрээ аавын цоолбордож өгсөн, бээлийтэй баруун гараа өргөсөн Өвлийн өвгөний зургийг улаан дээлтэйгээр будаж, дээр нь мөн цоолбор үсгээр С Новым годом! гэдэг үг бичээд бэлэгний уут бэлэн болно.

Зургийг будганд хөнгөхөөн дүрсэн порлоноор маш нямбай цохиж хийх ёстой тул аав надад даалгана. Харин бусад маань уутны будаг нь хатмагц чихэр, жигнэмэг хийх гээд хүлээж байна. Том чихэр нэг, жигнэмэг нэг, жижиг чихэр найман ширхэг, мандарин нэг гэж нэг нь тоолж, нөгөө нь савлана. Гайхамшигтай сайхан ажил. Ийм сайхан ажил энэ ертөнц дээр байхгүй гэдэгтэй одоо ч мөрийцөхөд бэлэн байна.

Аав минь өөрийн болоод өрөөл бусдын хүүхдэд хязгааргүй хайртай, хүүхэд хөгшид баярлуулж байвал ганц нар нь гарч байдаг, аравын арван хүүхдээ бүгдийг нь эрх танхи өсгөсөн хүн. Хүүхэд нэг хөөрхөн дуулах юм уу, хөөрхөн юм ярьвал “усан хүрээ” татаад л явчихдаг хүн байсан. Байсан гэж хэлэх яасан ч хэцүү юм бэ дээ. Бурханы оронд залартлаа охид, хүүхдүүд нь өчнөөн том болоод бүгд өрх тусгаарлаад, үр хүүхэдтэй болсон атал арванхоёрдугаар сар гарав уу, үгүй юу л “хүүхдүүдийнхээ ёолкийг засна” гээд л гэрээ цэвэрлээд, ёолкоо засчихдаг хүн байсан. Хуучин заншсан ёсоороо том өрөөнийхөө таазнаас бас баахан цасан унжлага, мөнгөн саа унжуулахыг нь яана. Жижиг өрөөгөөрөө дүүрэн том жижиг, хүргэн бэргүй бүгдэд нь ууттай бэлэг бэлдсэн байна.

Шинэ жил дөхөөд, хүүхэд болгон сүлд модоо чимдэг үе ирэхэд аавтайгаа тэмдэглэдэг байсан жилүүдийн шинэ жил онцгой бодогдож, сэтгэл сэмрэх юм. Баяр хэдий сайхан ч элэг бүтэн, ижий аавтайгаа байх хамгаас сайхан. Багачууд дүү нар минь, хамт олон, найз нөхөд гэж баяр цэнгэл хэсэж гүйгээд, өөрийг чинь хүлээн суугаа аав л ижийгээ битгий мартаарай. Гүйгээд ороод ирэх хөлийн чинь чимээг чагнан, ижий аав чинь сэтгэлдээ чамайг нялх юм шиг бодож суугаа. 

Цаг хугацааг буцааж болдогсон бол ганцхан удаа, аавтайгаа...

2014 он

Сэтгүүлч Ц.Мөнхбаяр

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (66.181.185.42) 2020-05-18 20:59
      • 0
      • 0

      Ямар гоё дурсамж уншчихав аа. Бидэнд ийм л сайхан гэгээлэг зүйл асар их дутагдаж байна даа.

      Хариулах

    • Цэцэгээ

      (66.181.161.84) 2020-04-17 15:25
      • 0
      • 0

      Ямар сайхан сэтгэлд дулаахан дурсамж вэ? Ийм сайхан аавын хүүхдүүд сайн яваа даа. Хүүгээ ийм аав болгож өсгөхсөн.

      Хариулах

    • Зочин

      (202.9.40.107) 2019-12-30 22:39
      • 0
      • 1

      Ойр байсан бол хүртэх байж дээ ккк

      Хариулах

    • Зочин

      (202.9.40.107) 2019-12-30 22:39
      • 0
      • 1

      Ойр байсан бол хүртэх байж дээ ккк

      Хариулах