Аавын сургааль

Twitter Print
2020 оны 06-р сар 05-нд 13:33 цагт
Мэдээний зураг,

01. Аав маань намайг ардын сургуулийн босгоор алхан орсон өдөр "Хүү минь сурагч хүн цүнх номоо орны хөлд хамаагүй хаядаггүй юм шүү." гэдэг сургаалаа хайрласан. Бага балчир оюун ухаанд зөв зүйтэй сургаал хадан дээр сийлсэн зураг мэт бат шингэдэг хойно доо. ОО-ын цаас ховор байсан тэр үед аав маань бас бидэнд "Орос үсэгт ч гэсэн номын хутаг жанлав оршсон байж таарна. Тийм болохоор сонины тасархайг ч байх ёсгүй газарт хэрэглээд хаяж болохгүй шүү." гэж сургадаг байсан нь цаагуураа бичиг номыг дээдлэж яв гэсэн үзлийг зугуухан, ягуухан суулгаж л байсан байгаа юм.

Тэр ч үүднээс өөрөө айхтар уншлага номгүй хэдий ч нууцаар дээдлэн шүтдэг хэд гурван Бурханы судрыг гаргаж ирээд дэлгэн тавьж салхи агаар үзүүлчихнэ. Тэгээд хэрхин яаж баринтаглавал буруу зөрүү харахгүй тэмдэгтэй болдог аргыг зааж өгөнгөө "Бурханы сударыг ухаантай хүн уншиж тэнэгдүү хүн баринтаглавал сайн хэмээх хуучны үг буй." хэмээн хэлж байх жишээтэй. Ухаантай хүн уншваас оюуны цараа тэлнэ. Ном эрдэмгүй атал бүл чадалтай хүн баринтаглаваас түүний үлдэл буян үлэмж байхын сацуу жимбийтэл цэмбийтэл баринтаглаж чаддаг талыг бодолцсон сургаал үг болохыг та бүхэн ойлгож байгаа биз дээ?

02. Бага сургуульд байхад "Дээр үед хүүхдийг тав зургаан настайгаас нь эхлэн эрдэм сургадаг байсан юм. Тэгээд арван найман нас хүрэхдээ дорно дахины таван хэлтэй сод мэргэд болон бэлтгэгдэн гардаг байсан байгаа юм даа." гэж хэлсэн үг сэтгэлийг минь ихэд хөдөлгөж билээ. Тэр үед төрж тийм сод мэргэн болох хувьгүйдээ харууссан гэхээс илүүтэй сургууль ер нь тийм байж яагаад болдоггүй юм бол гэдэг балчир насны хөнгөн атаархал байсан болов уу? Тэр бодол маань олон жилийн турш хөврөн явсаар одоо удахгүй "Гэгээ бага сургууль" нээлтээ хийхээр бэлтгэж байгаа нь угтаа бол аавын минь сургаалаас эхтэй үйл хэрэг бөлгөө.

03. "Эр хүн байна. Архи дарс амсаж бололгүй яахав. Гэхдээ бусадтай дарвиж уугаад аяганд үлдсэн шавхрууг амсвал дэв бузар шингэдэг юм шүү." гэдэг аавын маань сургаалыг залуу үеийнхэндээ хэрэг болуужин гээд энд давтан сануулсу.

04. Зах зээл эхлээд бүгд шахам хөлтэй нь хөлхөж хөлгүй нь мөлхөхөөс наахнуур арилжаа наймаа үсэргэж эхлэхэд би ч гэсэн залуу хүн болохоор тэдний тоосноос хоцрохгүй гэж хичээж үзсэн үе бий. Гэхдээ миний наймаа хийнэ ч гэж юу байхав. "Хятадаас хамгийн хямд бараа олж аваад Монголдоо хамгийн үнэтэй зарах" маягийн зүйл бодож байсан болохоор яаж олигтой үр дүнд хүрэх вэ? Тэгсхийгээд больсон доо. "Хүн архи дарс үйлдвэрлэн зарж, алт мөнгө ухах алсдаа тийм сайн үр дагаварт хүрэхгүй. Тэр дундаа мал махны наймааг манай удмынхан цээрлэвээс зохино." гэдэг аавын маань олонтоо хэлдэг сургаал нь Богдын лүндэн мэт тархи толгойд өнөө хэр хадагдан үлдэж дээ.

05. Аавын сургаал бичлэгийг уншиж байгаа уншигчидын тархинд УИХ-ын өндөр сэнтий рүү үхэлдэн зүтгээд байгаа архины үйлдвэрийн эзэд, мал махны ченжүүд хийгээд хариуцлагагүй уул уурхайн үйл ажилагаагаараа байгаль орчныг сүйтгээд байгаа том магнатуудын дүр төрх, нэр ус санагдаж байгаа нь лавтай. Жирийн жолооч өвгөн үр хүүхэддээ нийгмийн хариуцлагатай ажил үйлс эрхлээрэй гээд сануулж сургасан байхад дээр дурьдсан нийгмийн хариуцлагагүй бизнес эрхлэгчдийг УИХ-ын сонгуульд дэвших өөрийн багтаа багтааж байдаг хоёр том намын дарга нарын зөвлөхүүд гэж ямар нөхөд байдаг бол доо?

06. Эзэн Богдоос маань улбаатай Монгол төрийн ариун өргөө буруу зүгийн салхи савирт буртаглагдах вий гэдгийг сонгогч түмэн маань надаар хэлүүлэлтгүй мэдэх буй за.

Д.Болдбаатар 

"Гэгээ" боловсролын төв 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.