Финлянд НАТО-д элсвэл ОХУ яаралтай хариу арга хэмжээ авна гэлээ

Twitter Print
2022 оны 05-р сар 13-нд 11:50 цагт
Мэдээний зураг,

Финляндын Ерөнхийлөгч Саули Нийнисто, Ерөнхий сайд Санна Марины хамтаар өнгөрсөн пүрэв хамтарсан мэдэгдэл хийж, уг мэдэгдэлдээ Финлянд улс АНУ-ын тэргүүлдэг цэргийн эвсэл болох НАТО-гийн гишүүн орон болоход нэг алхам ойртсон гэдгийг онцолсон юм.

Тэгвэл Кремлийн зүгээс Финлянд улс НАТО-д нэгдэх нь ОХУ-ын аюулгүй байдалд заналхийлсэн үйлдэл болох бөгөөд ОХУ үүнд хариу арга хэмжээ авах болно хэмээн мэдэгджээ. Финляндын Ерөнхийлөгч болон Ерөнхий сайд нар хамтарсан мэдэгдэлдээ, "НАТО-гийн гишүүн орон болсноор Финлянд улсын аюулгүй байдал бэхжиж, Финляндыг гишүүн орноороо хүлээн авснаар Умард Атлантын Гэрээний байгууллага ч мөн хүчирхэгжинэ. Финлянд улс НАТО-гийн гишүүн орон болох хүсэлтээ түргэн хугацаанд өгөх ёстой гэж үзэж байна. Уг шийдвэрийг гаргахад шаардлагатай алхмуудыг ойрын өдрүүдэд хийх байх гэж найдаж байна." гэжээ. Уг мэдэгдэл гарсны дараа ОХУ-ын Гадаад харилцааны яам "Финляндын гадаад харилцааны бодлого огцом өөрчлөгдсөнийг" цохон тэмдэглэж, "Хельсинки ийм алхам хийх нь ямар үр дагавартайг мэддэг байх ёстой." хэмээн ОХУ-ын зүгээс хариу арга хэмжээ авахыг анхааруулжээ.

Түүнээс гадна Финлянд НАТО-д элсэх нь Умард Европын аюулгүй байдлын гол тулгуур болсон ОХУ-Финляндын харилцаанд ноцтой хохирол учруулахыг Кремлийн зүгээс онцолжээ. "ОХУ-ын зүгээс хариу алхам хийх болно. ОХУ-ын үндэсний аюулгүй байдалд заналхийлж буй явдлыг зогсоохын тулд цэрэг техникийн болон өөр бусад төрлийн хариу арга хэмжээг авах болно." хэмээн ОХУ-ын Гадаад харилцааны яамнаас мэдэгджээ. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков Финлянд НАТО-д элсэх нь дэлхийн аюулгүй байдалд ямар ч нөлөө үзүүлэхгүй хэмээн мэдэгдсэн байна. Тэрээр, "Өмнө нь хэлсэнчлэн НАТО өргөжин тэлсэнээр дэлхий илүү тогтвортой, аюулгүй болно гэж байхгүй." хэмээн ОХУ-ын авах хариу арга хэмжээ нь НАТО-гийн ОХУ-ын хилийн ойролцоо ямар үйл ажиллагаа явуулахаас мөн уг үйл ажиллагаа нь ОХУ-ын хилтэй хэр ойрхон эсвэл хол байхаас хамаарна гэжээ.

ОХУ Украин руу довтлохоох өмнө Финляндын иргэдийн 30 орчим хувь нь НАТО-д элсэхийг дэмжиж байсан бол ОХУ Украин руу халдсанаас хойш уг үзүүлэлт 80 хувь болтлоо өсчээ. Финляндын засгийн газрын НАТО-д элсэх хүсэлтийг эхлээд Финляндын парламент батлах ёстой ба энэ талаар НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтэнберг, "Ерөнхийлөгч Саули Нийнисто болон Ерөнхий сайд Санна Марин нарын НАТО-д түргэн хугацаанд элсэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн хамтын мэдэгдлийг таатай хүлээн авч байна. Тусгаар тогтносон улсын энэ шийдвэрийг НАТО хүндэтгэж байна. Финляндыг байгууллагадаа халуун дулаанаар хүлээн авахад бэлэн байгаагаас гадна гишүүнчлэлийнх нь асуудлыг саадгүй шийдэхийг хичээх болно." хэмээн мэдэгджээ.

Финлянд улсын хувьд батлан хамгаалах салбартаа маш их хөрөнгө мөнгө зарцуулдгаас гадна хуулиндаа насанд хүрсэн бүх эрэгтэйчүүдийг цэргийн албанд татах тухай заасан байдаг. Үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах салбартаа өндөр ач холбогдол үзүүлдэг Финлянд улс НАТО-д элссэнээр НАТО-гийн ОХУ-ын түрэмгийллийн эсрэг зогсох хүч чадал мэдэгдэхүйц нэмэгдэнэ хэмээн НАТО-гийн гишүүн орнууд үзэж байна.

Эх сурвалж: Reuters

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.