Зүүн азийн бүс нутаг дахь Их гүрний бодлого

Twitter Print
2014 оны 12-р сар 02-нд 14:32 цагт
Мэдээний зураг,

Дэлхий дахины улс төрийн уур амьсгал болоод бодлогыг тодорхойлж ирсэн АНУ-ын засаг захиргаа Зүүн азийн бүс нутагт барьц алдаж болохоор толгойны өвчинтэй болоод байна.БНХАУ газар нутгийн хурц маргаан дагуулж байгаа Сенкаку арлуудын ойролцоо Агаарын довтолгооноос эсэргүүцэн хамгаалах бүс байгуулсан явдал АНУ ямар хариу барих нь тааварлашгүй хүнд нөхцөл байдал үүсгээд байгаа билээ. АНУ ямартаа ч зүгээр дүлий дүмбэ оргисноос зүлгэж сууя гэсэн шиг стратегийн В-52 бөмбөгдөгч хоёр онгоц энэ бүсийн дээгүүр нисгээд үзлээ.

БНХАУ үүний хариуд ямар арга хэмжээ авах бол гэдэг асуудал дэлхий дахины анхаарлыг зүй ёсоор татаж байна. Үүнд улс төрийн мэдэгдэл, сануулга төдийхөнөөр хязгаарласан хариу баривал Хятад улс бүс нутгийн хэмжээнд страгтегийн бодлогоо  батлан бэхжүүлж чадахгүйгээ харуулна. Энэ нь Хятадын гадаад улс төрийн ашиг сонирхол төдийгүй хятадын удирдагчдын нэр төр, тэрчлэн сүүлийн жилүүдэд улам газар авах болсон хятадын хэт их гүрэн гэгдэх олон нийтийн хөөрч дэвэрсэн үзэл бодлыг улам гааруулах болно.

Гэхдээ энэ мэт хөөргөн үзэл бодол бүс нутгийн эл хямралтай байдлыг улам хурцатгах аюултай гэдгийг Бээжин мэдээж тооцож байгаа байх. Хэрвээ Японтой зэвсэгт сөргөлдөөнд хүрвэл АНУ-тай сөргөлдөх аюулд хүргэх нь тодорхой. АНУ болон Япон улсууд маргаантай арлуудын бүсэд цэргийн сургуулилт хийх болсоноо хэдийнээ зарлаад байгаа. Японы өөрийгөө хамгаалах зэвсэгт хүчин хэдий том биш ч гэсэн  техникийн хангамж, бие бүрэлдэхүүний сургалт нь дээд зэргийнх гэж үздэг. Үүний хамт Японы зэвсэгт хүчний баазууд Зүүн Хятадын тэнгисээс холгүй оршдогоороо давуу талтай.

Харин Хятадын талаас энэ сөргөлдөөнд давуу тал үзүүлэхийн тулд цэргийн томоохон ажиллагаа явуулах яахын аргагүй шаардлага урган гарч ирж байгаа. Гэвч энэ нь урьдчилан харахын аргагүй хор уршигтай болж мэднэ. Үүний улмаас дипломат харилцаанд ноцтой хямрал гарах нь дамжиггүй.  Эл бүх нөхцөл байдлыг Японы засгийн газар харин бодитой үнэлж дүгнэн БНХАУ-д түгшүүртэй байдлыг намжаах арга хэмжээ авах санал тавьж болзошгүй гэж шинжээчид тааварлаж байна. БНХАУ маргаантай арлуудын асуудалд дөрөөлж бүс нутгийн хүрээнд «сэтгэл санааны дайн» хийх зорилго төлөвлөгөө тавиад байгаа гэж үзэж болох юм.

Энэ дайнд ялах тодорхой зорилго тавьсаны үндсэн дээр  Агаарын довтолгооноос эсэргүүцэн хамгаалах бүс байгуулсан нь дөнгөж эхний шийдвэрлэх алхам болж байгаа нь эргэлзээгүй.

Р.Этүгэн

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.