Сэргэн мандалт

Twitter Print
2020 оны 12-р сар 28-нд 12:15 цагт
Мэдээний зураг,

"1500 оны үед европын буюу тэр үеийн ойлголтоор дэлхийн хамгийн шилдэг усны мэргэжилтэн, тодруулбал голын урсацын тохиргоо хийх, суваг шуудуу байгуулах, усалгааны систем, ус хуримтлуулах, гүүр байгуулах талаар хамгийн шилдэг мэргэжилтэн Леонарда Да Винчи гэдэн хүн байсныг мэдэх үү? гэхэд минь тэр залуу улс төрч нөгөө хэдэн зураг зурсан хүн үү? гэж тоомжиргүй хариулсан юм."

Леонарда да Винчиг зөвхөн зураач гэж боддог хүн сэргэн мандалтын талаар юу ч уншаагүй, европын буюу дэлхийн түүхийн дундад зууны үеийн талаар маш нимгэн мэдлэгтэй байх нь тодорхой учраас улс төрийг удирдана гэж бодож байгаа бол энэ талаар маш өргөн мэдлэгтэй болохыг тэрхүү залуу улс төрчид зөвлөсөн юм. Тэгвэл өнөөдөр энэ залуухан улс төрч маань ярьж "би ямар их юм мэддэггүй байсан юм бэ? Танд баярлалаа" гэж хэлэхэд нь их л урам орлоо. Хүн мэдэхгүйгээ мэднэ гэдэг маш том амжилт юм шүү. Ингээд урмандаа сэргэн мандалтын үеийн хамгийн шилдэг төлөөлөгч дэлхийн хамгийн суут оюун ухаантнуудын нэг Леонарда да Винчи-ийн тухай санаанд буй мэдээллийг орууллаа. Ганц ч гэсэн хүнд мэдэхгүйг нь мэдүүлбэл их л том тус болох байхдаа.

Леонардо Да Винчи (Leonardo di ser Piero fa Vinci) 1452 оны 4 сарын 15-нд Италийн Винчи хотод төржээ. Тус жижигхэн хотын төрийн албан хаагч ба ядуу тариачин эмэгтэйн дундаас гарсан Леонардо хүүд тэр үеийн заншлаар Винчи-ийн Леонарда гэсэн нэр хайрласан нь дэлхийн хамгийн алдартай зураач, эрдэмтэн, математикч, цэргийн инженер, анатомич, шинийг санаачлагч, барималч, усны инженер, хөгжмийн зохиолч, яруу найрагч, зохиолч Леонарда Да Винчи байсан юм. 5 нас хүртлээ эхтэйгээ амьдарсан Леонарда эх нь өөр хүнтэй суусан учраас эцгийнхээ халамжид очжээ. Эцэг нь хүүгийнхээ юм болгоныг дуурайн зурж чаддаг гайхамшигт авьяасыг нь илрүүлж, 14 настайд нь Френзи хотод очиж уран барималч, уран зургийн эрдэмд шамдан суралцах болсон гэдэг. 1482 онд Милан хотод амьдарч уран бүтээлээ туурвих болсон ба энэ үед залуу уран бүтээлчийн нэр ихэд алдарт гарсан байлаа. Түүний анхны алдарт бүтээл нь 1498 онд бүтээгдсэн Santa Mária delle Grazie сүмийн хананд зурсан "Сүүлчийн оройн хоол" нэртэй бүтээл юм. Энэхүү бүтээл нь уран зургийн өнгө, алслалт гээд уран зургийн онолын үүднээс гайхамшигт бүтээл болоод зогсохгүй зөвхөн энэ зурагнаас Библи-ийн тухай бүхэл бүтэн доктриныг олж харж болохоор байдаг.

Тэр ч байтугай өдий хүртэл илрүүлж чадаагүй олон гайхамшигт нууцыг агуулсан гэж үзэх судлаачид ч бий. Сэргэн мандалтын үеийн гол төлөөлөгч гэдэг алдрыг хүртэхэд гол хувь нэмэр оруулсан энэ бүтээлийг 500 гаруй жил судалж байгаа ч нууцыг нь бүрэн тайлж чадаагүй байна. Сэргэн мандалт (ренессанс) гэж гайхамшигтай сайхнаар монгол хэл дээр буулгасан түүхэн үеийн нэг онцлог нь эрдэм мэдлэгийг дээдлэх чанар байлаа. "Сүүлчийн оройн хоол" зураг ч Библид дурдагдсан ганцхан мөчийг дүрсэлсэн атлаа Есүс Христийн бүхэл амьдралыг зурсан мэт агууламжтай бүтээл юм. Өөрөөр хэлбэл сэргэн мандалтын үед мэдлэгт суурилсан уран бүтээл бүтээгдэж, тэрхүү уран бүтээлүүлд нь нийгмийг, эдийн засгийг бүхлээр өөрчилж байсан юм. Сэргэн мандалтын үеийн хамгийн алдартай хүн нь жишээлбэл Грекийн суут сэтгэгч Платон байлаа. Ийнхүү эртний Ром, Грекийн соёл мэдлэг 2000 шахам жилийн дараа хүн төрөлхтөний түүхийг дахин эргүүлэх сэргэн мандалт, дахин төрөлт болжээ. Шинэ зүйл гэж байхгүй, харин сайтар мартагдсан хуучин зүйл л гэж бий гэдэг чинь энэ юм. Сэргэн мандалтын түүх бидэнд өөрсдийн түүхээ эргэн судлах, тодлох, тэндээс өөрсдийгөө, монголчуудаа олж харахын чухлыг өгүүлж буй юм.

Леонарда 1503 оноос 1506 он хүртэл бүтэн 3 жилийн турш "Мона лиза" хэмээх алдарт бүтээлээ туурвисан бөгөөд энэ 3 жилийн 2 жил нь зөвхөн Мона Лиза-ийн нууцлаг инээмсэглэлийг гаргахад зарцуулагдсан гэдэг. Энэ бүхний хажуугаар Леонарда цэргийн зэвсгүүдийг олон янзаар төлөвлөж танк, их бууны загваруудыг гаргаж байжээ. Гэвч агуу зохион бүтээгч маань нэг удаа дайн тулаан гэж юу болохыг нүдээр харсанаас хойш дахин ганц ч зэвсэг зохион бүтээгээгүй байна. Түүний зохиосон нэгэн танк шиг зэвсгийг түүний зургаар бүтээсэн ч 4 дугуй нь бие биенийхээ эсрэг чигтэй зохиогдсон учир хөдөлгөөн хийх боломжгүй байсан гэдэг. Суут зохион бүтээгч ийм алдаа гарган гэж огт үгүй, зориуд хөдлөхгүй байхаар зурсан гэж таамагладаг. Дээр дурдаж байснаар Леонардо Ром хотын орчмын намгархаг газрыг хатаах, голын урсацад ьохиргоо хийх, ус хуримтлуулах олон гайхамшигт төлөвлөгөө үлдээсэн байдаг. Ганц Леонардогийн бүтээлүүд түүнээс хойшхи бүх шинжлэх ухааны нээлтүүдийг өөртөө агуулж байсан, тэр бүх нээлтүүдийг Леонардо хийсэн байсан, гагцхүү тодорхойлж бичээгүй байсан гэдэг судалгаа хүртэл байдгаас харахад ямар гайхамшигтай бүтээлүүд (зөвхөн зураг биш шүү) бүтээснийг төсөөлж болно.

Хамгийн чухал нь Сэргэн мандалтын үеийн төлөөлөгч болгон авч үзэж буй Леонарда маань Бурханыг биш, харин Хүнийг бүхий л нээлт уран бүтээлийнхээ төвд авчирсан нь орчин үеийн Хүний төлөө нийгэм байгуулахын эхлэл болсон юм. Өнөөгийн нийгэм сэргэн мандөлтын үед бий болсон ард түмний төлөө Төр, хүний төлөө нийгэм-ийн эхлэл болсон юм. Ийм ч учраас төр удирдах хүсэлтэй, төрийн албан хаагчдын зайлшгүй мэдэж байх мэдлэгийн хамгийн түрүүнд нийгэм төрийн түүхэн үеүд, тэр дундаа сэргэн мандалтын үеийн түүх заавал байх ёстой. Ялангуяа европ загварын хөгжлийн энэ эрин үед энэ бүүр чухал юм.

Леонарда Да Винчи-ийн нэгэн алдартай зураг байдаг. Гараа алдалсан хүний зураг - хүн болгон мэддэг боловч яг ямар учиртайг нь сайн гадарладаггүй. Витривиус (vitruvius) гэж нэрлэгдсэн энэ судалгаанд хүний биеийн харьцаануудыг тодорхойлжээ. Тухайлбал: хүний 4 хуруу алганы хэмжээтэй, 4 алга хөлний хэмжээтэй, 6 алга тохойны хэмжээтэй, 4 тохой биеийнх нь өндөртэй тус тус тэнцүү байдаг. Мөн 4 тохой нэг алхам хэмжээтэй, биеийн хэмжээ нь 24 алга-тай тэнцүү. Хүний алдалсан гар биеийнх нь өндөртэй тэнцүү. " гэх мэтчилэнгээр хүний биеийн харьцаануудыг тодорхойлж байжээ. Залуу үедээ нууцаар задлан шинжилгээ хийж, хүлэг баатруудын оронд морьтой робот зохион бүтээж байсан Леонарда Да Винчи ийнхүү хүний анатомийг ч нарийвчлан судалж байжээ.

Леонарда Да Винчи 1519 онд 67 настайдаа ертөнцийн мөнх бусыг үзүүлэхэд түүний нэгэн үнэнч шавь нь бүх бичиг баримт материалыг хадгалж авч үлдсэнээр бидний үед энэ гайхамшигтай хүний бүтээл хүрч иржээ. Бас нэгэн сонирхолтой зүйл байдаг амьдралынх нь сүүлийн 2 жилд баруун гар нь мэдээгүй болж зүүн гараараа бүтээл хийх болсон ба чингэхдээ зөвхөн толинд тусгаж уншиж болох байдлаар бичсэн байжээ. Зарим судлаачид түүнийг төрөлхийн солгой гартай гэж үздэг ч тэгвэл яах гэж толины тусгал байдлаар бичиж байсан нь нууц хэвээрээ л байна.

Ийнхүү хүн төрөлхтөний хүсэж хайж байсан Хүн төвтэй нийгэм байгуулах Сэргэн мандалтын үеийн хүсэл мөрөөдөл биелж байна. Тэр үетэй харьцуулахад хүний нийгэм асар их ололт амжилт олсон ч, хүн төрөлхтөний мөнхийн хүслэн болох -Шударга ёс, - тэгш эрх бүрэн хэрэгжсэн Хүн төвтэй нийгэм байгуулах нь бас л мөрөөдөл хэвээр байсаар байна.

З.Батбаяр

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.