
Израилийн зэвсэгт хүчин энэ сарын 7-нд Палестины ХАМАС бүлэглэлийн зохион байгуулсан халдлагын хариуд Газын зурваст хуурай газрын цэргийн ажиллагаа явуулахаар бэлдэж байна.
ХАМАС бүлэглэлийнхэн олон зуун иргэдийн аминд хүрч, 100 гаруй иргэдийг барьцаалаад байгаа билээ. ХАМАС бүлэглэлийн халдлагын хариуд Израилийн зэвсэгт хүчнийхэн Газын зурваст агаараас тасралтгүй цохилт үзүүлсэн ба хуурай газрын цэргийн ажиллагаа явуулахтай холбоотойгоор энэ сарын 13-нд Газын зурвасын хойд хэсэгт байгаа 1.1 сая иргэдийг өмнөд зүг рүү нүүн шилжихийг уриалсан байна.
Газын зурваст цэвэр ус, хүнс, цахилгааэ эрчим хүч, эм тарианы хомстлоос болж нөхцөл байдал хүндэрсээр байна. НҮБ Газын зурвас дахь эмнэлгүүдийн түлшний нөөц ойрын 24 цагт дуусаж, олон мянган өвчтнүүдийн амь эрсдэлд орно гэдгийг анхааруулжээ.
НҮБ-ын дэргэдэх Палестины дүрвэгсдэд туслах агентлагийн мэдээлснээр энэ сарын 7-ноос хойш Газын зурвасаас 1 сая орчим иргэд дүрвэж, Газын зурвасын өмнөд зүгийн Хан Юнис хотын хүн ам нэг шөнийн дотор хоёр дахин нэмэгджээ.
Израилийн зүгээс Газын зурвастай хиллэдэг өмнөд зүгийн Сдерот хотын оршин суугчдыг энэ сарын 15-наас нүүлгэн шилуүүлж эхэлсэн ба 30 мянган хүн амтай тус хотын хүн амын 2/3 нь хэдийн нүүн шилжжээ.
НҮБ Ойрх Дорнод "хавцлын ирмэг дээр" ирээд байгааг онцолж, Газын зурвас луу хүмүүнлэгийн тусламж оруулахыг зөвшөөрөхийг Израилиас хүссэн байна.
ХАМАС бүлэглэлийн халдлагын улмаас Израильд 1400 гаруй хүн амь үрэгдсэн бол Израилийн Газын зурваст үзүүлсэн агаарын цохилтуудын улмаас 2450 гаруй палестинчууд амиа алдаж, байшин барилгуудын нурангин доор ойролцоогоор 1000 хүн гацсан байдалтай байгаа аж.
Эх сурвалж: Reuters
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.