Хоёр размер бага банзалд хаашаа ч үгүй гацсан нэг эмэгтэй зогсож байна...

Twitter Print
2021 оны 01-р сар 25-нд 17:52 цагт
Мэдээний зураг,

Би нэгэн дэлгүүрийн хувцас солих өрөөнд жийнсэн өмд өмсөж үзээд зогсож байлаа. Гэнэт хажуугийн өрөөнөөс нэг хүн, хоёр өрөөний дундын ханыг аяархан тогшоод:

- Уучлаарай. Хажуугийн өрөөнд байгаа хүн та эмэгтэй хүн үү? гэв.

Би хэсэг бодож байснаа:

- Тийм гэж үнэнээ хэлэв.

- Ээ ашгүй... эмэгтэй, надад туслаарай! Харин чимээ битгий гаргаарай, танаас гуйя!

“Гэнэн итгэмтгий хүүхнүүдийг эмэгтэй хүний зөөлөн хонгор дуугаараа соронзон мэт татаж ирүүлээд, хятадад үйлдвэрлэсэн хар даашинзаар боож алдаг гаж донтон биш байгаа...” гэх бодол толгойд зурсхийв. Би хажуугийн өрөө рүү ихэд болгоомжлон шагайж харвал ойрд хавьд гаж донтон байгаа шинж алга. Оронд нь 52 размерийн биеэ хоёр размерээр бага шулуун хар банзаланд чихээд багтааж чадна гээд бодчихсон нэг эмэгтэй зогсож байна. Тэрээр сонирхсон банзалаа чихээд өмсөж чаджээ. Харин тайлах гэтэл өнөөх банзал нь наашаа ч үгүй, цаашаа ч үгүй нам гацсан байв. Би:

- Худалдагчийг нь дуудчихья гэтэл эмэгтэй бараг уйлах шахам:

- Та чинь юу ярина вэ?! Намайг барааг нь гэмтээчихсэн байна гэнэ шүү дээ! Та зүгээр л эндээс татаад өг! гэж байна.

Би ч хэлсэн ёсоор нь банзалыг энд тэндээс нь баахан татлаа... нэмэр болсонгүй. Бид хоёрын амьсгаадан түнтэгнэх чимээ хүмүүсийн анхаарлыг яахин татахгүй өнгөрөх билээ. Хоёр худалдагч бүсгүй хамгаалагч эрийг дагуулан хувцас солих өрөөнд орж ирэх нь тэр. Тэд ч бас өрөөнд гаж донтон байна гэж бодсон байх...

Би тэдэнд юу болсныг учирлаж хэлтэл хамгаалагч залуу яг л морь янцгаалах мэт инээж байснаа:

- Туртал нь хүлээж дээ! гэв.

Худалдагч бүсгүйчүүд харин хаа очиж хөөрхий эмэгтэйг өрөвдөн харж байлаа. Бид, тэр дэлгүүрээр үйлчлүүлж явсан худалдан авагчид, бусад худалдагч бүсгүйчүүд... тэр бүү хэл сүлжмэл хувцасны тасагт гэрлийн чийдэн сольж байснаа дуу чимээнээр дэгдээд ирсэн цахилгаанчин гээд сайхан сэтгэлт олон хүний (бүсэлхийгээрээ саван түрх г.м.) түмэн янзын зөвлөгөөг хагас цаг хэртэй сонсож зогслоо. Хамтын оюун ухаан гэдэг хүчтэй юм хойно... янз янзаар үзсэний эцэст хөөрхий эмэгтэй мөнөөх гайтай банзалнаас “чөлөөлөгдөв”.

Аврах ажиллагааны үед хэн ч гэмтэж бэртээгүй... банзал ч тэр. Худалдагч бүсгүйчүүдийн нэг нь чөлөөлөгдсөн эмэгтэйд аяга ус авчирч өгөөд:

- Эмэгтэй, та яах гэж энэ размерийг сонгосон юм бэ? Харваас бага байгааг хараагүй юм уу? хэмээн зэмлэнгүй асуувал бүр цуцаж орхисон эмэгтэй:

- Харсан.. би багтчих байх гэж найдаад хэмээн гэмшингүй хариулав.

Орчуулсан: Өлзийбатын Уянга

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.