
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский АНУ-д айлчилж, АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдентай уулзжээ. В. Зеленскийн хувьд Польшийн Жешув хот хүртэл галт тэргээр зорчиж, Жешув хотын нисэх онгоцны буудлаас онгоцоор Вашингтоны Эндрюс агаарын хүчний баазад хүрсэн байна.
Хоёр орны төрийн тэргүүнүүдийн уулзалтын үеэр АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Вашингтон Киевт эдийн засаг, хүмүүнлэгийн тусламжаас гадна аюулгүй байдлын тал дээр дэмжлэг үзүүлнэ хэмээн амлажээ.
Өнгөрсөн лхагва гарагт АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Вашингтон Украинд Patriot пуужингийн систем нийлүүлэхээр болсон тухай мэдэгдсэн бол АНУ-ын Ерөнхийлөгч Ж. Байден АНУ Украинд 1.85 тэрбум ам. доллар бүхий багц тусламж үзүүлэх тухай мэдэгдсэн юм.
Цагаан ордонд болсон уулзалтын үеэр Ерөнхийлөгч Ж. Байден Украинд болж буй дайн 300 гаруй өдөр үргэлжилж буйг онцолж, Вашингтон Киевийн хамт Оросын түрэмгийллийн эсрэг тэмцэж байгаагаа нэр төрийн хэрэг гэж үзэж байгаа гэжээ. Тэрээр ОХУ-ын талаас Украины дэд бүтцийн чухал объектуудыг устгаж байгааг буруушааж, ОХУ-ын Ерөнхийлөгч В. Путин "өвлийг зэвсгээ болгон ашиглахыг оролдож" байна хэмээн мэдэгджээ.
Түүнчлэн америкчууд Европын түншүүдтэйгээ хамт Киевийг бүрэн дүүрэн дэмжиж байгааг онцолсон байна. Украины Ерөнхийлөгч В. Зеленский Украинд тусламж дэмжлэг үзүүлж буй явдалд Америкийн ард иргэд болон АНУ-ын эрх баригчдад талархснаа илэрхийлсэн байна. Тэрээр Украины зэвсэгт хүчин АНУ-ын тусламж дэмжлэгийн ачаар нөхцөл байдлыг хяналтандаа авсан гэдгийг онцолж, Ерөнхийлөгч Ж. Байденд Украины Байлдааны гавъяаны одонг гардуулжээ.
Уг одонг В. Зеленскийг Бахмут хотод айлчлах үеэр HIMARS пуужингийн анги бүрэлдэхүүний ахлагч Павло АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байденд дамжуулан өгөхийг Ерөнхийлөгч В. Зеленскийгээс хүссэн аж.
В. Зеленскийтэй хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр Ж. Байден НАТО болон Европын холбоог өмнө нь Украины асуудал дээрх шиг эвлэлдэн нэгдэж байгааг харж байгаагүй гэдгийг онцолж, ОХУ-ын Украин руу халдсанаараа НАТО-г сулруулна гэж бодсон ч эсрэгээрээ НАТО улам бэхжсэн, Европын улс орнууд бүр ч эв нэгдэлтэй болсон хэмээн мэдэгджээ.
Түүнчлэн АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг Киевт 374 сая ам. доллар бүхий хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр болсон гэжээ.
Эх сурвалж: BBC
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.