Леночка охин амьд гарсан гэдэг, үхэж болохгүй учраас…

Twitter Print
2022 оны 05-р сар 05-нд 09:36 цагт
Мэдээний зураг,

Энэ жаахан охиныг Ленинградын бүслэлтээс нүүлгэж гаргасан гэдэг. Нэрийг нь Леночка... нялх балчир байсан тул тэр овогоо огт мэдэхгүй байж. Охин ээж, эмээ, том ах гээд гэрийнхнийгээ бүгдийг алдсан байж. Бүслэлтэнд эцэг эхээ алдан өнчирч, өлсөж үхэх шахсан хүүхдүүдийг эрж хайх үүрэг бүхий тусгай анги байгуулагдсан байж. Чухам энэ ангийн бүсгүйчүүд Леночкаг олж хотоос нүүлгэн гаргажээ. Охин бусад хүүхдүүдийн хамт ачааны машинаар сэгсчин явснаа, мөн өнчин хүүхдийн асрамжийн газар хэрхэн яаж ирснээ мэдээгүй.

Охины нарийхан хүзүү, том толгой нь тураалд орсон одойг санагдуулж байж. Түүнд хоол идэх дур хүсэл огт байсангүй (тэжээлийн дутагдлын улмаас дистрофид орсон хүн хоолны дуршилгүй болох нь бий). Охин дулаацах гэж өдрийг нэг бол орондоо, нэг бол зуухны дэргэд өнгөрүүлдэг бөгөөд огт дугардаггүй байж. Асрамжийн газрын хүмүүс түүнийг нас барах нь гэж боддог байж... бүслэлтэнд өөд болсон олон хүүхдийн адил.

Нэг өдөр асрамжийн газрын галлагч, өрөөсөн хөлт Коля гэгч ах хуучин муу алчуураа энд тэндээс нь тайрч ороогоод хүүхэлдэйрхүү юм хийж, химийн харандаагаар нүд, хамар, ам зурж гэнэ. Тэгээд тэр хүүхэлдэйгээ Леночкад атгуулаад “Леночка, энэ хүүхэлдэйг бүйвээлж, бас сайн холлож байгаарай! Чи одоо энүүний ээж нь шүү. Тийм болохоор түүнийг сайн асарч тойлох ёстой... Тэгэхгүй бол энэ хөөрхий амьтан өвдөөд бүр уйлах ч тэнхээгүй болчихоод байгаа юм!” хэмээн нухацтай нь аргагүй хэлж гэнэ.

Энэ үгийг дуулмагцаа Леночка хүүхэлдэйг тас тэврэн бяцхан цээжиндээ нааж гэнэ. Тэгээд тэр цагаас хойш “хүүхдээ” байнга бүйвээлэн чөргөр гараараа зөөлөн илдэг болж гэнэ. Мөн хоолны цагаар түүндээ каша өгч, чихэнд нь ямар нэгэн юм намуухнаар шивнэдэг болж… өөрөө ч каша, талхаа бага багаар иддэг болж гэнэ. Леночка хүүхэлдэйгээ өвөртлөн унтаж, зуухны илчэнд дулаацуулж, хаана ч явсан байнга тэвэрч, асарч тойлдог болж...

Леночка охин амьд гарсан гэдэг. Үхэж болохгүй учраас… үхчихвэл хүүхэлдэй нь өнчирч үлдчих гээд байсан болохоор. “Би л энэ хүүхдийг/хүнийг асарч хамгаалах ёстой” гэх бодол Леночка шиг хүмүүст амьдрах хүч өгөх нь бий… Леночка том болоод сувилагч болсон гэдэг. Тэрээр хоёр гар нь байнга завгүй, зүрх сэтгэл нь энэрлээр дүүрэн явдаг байсан гэдэг.

- А.К.

Орчуулсан: Өлзийбатын Уянга

 

 
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.