Дэд сайдуудын сураг

Twitter Print
2014 оны 12-р сар 10-нд 12:58 цагт
Мэдээний зураг,

Шийдлийн Засгийн газрын гишүүд өчигдөр томилогдож, өнөөдрөөс ажилдаа орлоо. Засгийн эрхийг хамтдаа барих АН, МАН, МАХН-ын тохиролцооны дагуу дэд сайдын суудалд хэн очих вэ? гэдэг асуулт анхаарал татаж эхэллээ. Одоогийн байдлаар хэн сайдын суудалд очих нь тодорхойгүй байна.

Дэд сайд нараа зөрүүлж тавих уу эсвэл өөр өөрсдийн сайд нартаа туслах маягаар томилох уу. Ямартай ч дэд сайд нараа хэрхэн томилох тухай яригдаж буй энэ үед намууд өөрсдийн хүмүүсээ “сонгосон” бололтой.

АН-ын хувьд зарим нэг гомдогчидоо Засагтаа оруулах сураг дуулдана. Ч.Сайханбилэг эдийн засгийн хямралтай байгаа энэ үед 53 байгууллагыг татан буулгана гэж мэдэгдсэн. Үүний нэг нь Цөмийн энергийн газар. Тэгвэл Дэд сайдуудынхаа тоонд тус газрын дарга Н.Тэгшбаярыг сойхоор шийдсэн сурагтай. Түүнийг Эрчим хүчний дэд сайд болгох тохироо хийгдсэн тухай дуулдлаа. Мөн О.Магнай дарга Засгийн газрын бүрэлдэхүүнд багтаж ажиллахаар бэлтгэлээ хангаж эхэлжээ. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар бол Шадар сайдын харьяанд байдаг.

Өдгөө тэрхүү суудалд У.Хүрэлсүх томилогдсон бөгөөд халаа сэлгээ хийхэд хамгийн түрүүнд өртөж болзошгүй хүмүүсийн нэг нь О.Магнай. Тиймээс ч эртнээс нүхээ ухсан байж мэднэ. Уул уурхайн сайдаар тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Р.Жигжид томилогдсон тул Дэд сайд О.Эрдэнэбулган хуучин албаа залгуулна гэх яриа байна. Ардчилсан намын партизануудын нэг Р.Бадамдамдингийн хүү Б.Баттүвшин өдгөө Жижиг, дунд үйлдвэрийн газрын даргын албын хашиж буй. Түүнийг Хөдөлмөрийн дэд сайд, Батлан хамгаалахын дэд сайдаар Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн зөвлөх байсан М.Хүдэрбаатарыг сойхоор ярьсан гэж байна.

Харин МАН-ын тухайд Дэд сайд нарынхаа суудлыг залуучууддаа бэлджээ. Тэдний нэг нь Я.Төмөрбаатар. Нэг хэсэг МАН-ын “PR”-ыг хариуцаж явсан тэрбээр өдгөө “Стратеги” Академийн захирлаар нь ажиллаж байгаа түүнд нам нь итгэл хүлээлгэсэн сурагтай. Түүнчлэн МАН-ын чадварлаг боловсон хүчнүүдийн нэг болох Г.Тэмүүлэн Дэд сайдад яригдаж байна. АН болоод МАН-ын аль ч Засагт “нүүртэй” түүнийг Эрдэнэтийн О.Ганзоригийн хүү гэдгээр нь зарим хүмүүс илүү танина. Тэрбээр өнгөрсөн хугацаанд “Эрдэнэс МГЛ”-ын дэд захирлын албан тушаалыг хашиж байсан нэгэн юм.

Дараагийн дугаарт нь Их засаг их сургуулийн захирал Ням-Осорын хүү Н.Учрал зогсч байгаа гэнэ. Зургаан ном бичсэн, зургаан байгууллагын захирал гэгддэг тэрбээр эрдэм боловсролоороо хэнийг ч дагуулахгүй.  Хэрэв намууд Дэд сайдаа сөөлжилж тавих тохиролцоонд хүрвэл түүнийг Боловсролын яамны дэд Сайдаар очих өндөр магадлалтай гэцгээж байна.

Түүнээс гадна МАН-ын залуучуудын байгууллага болох НАМЗХ-ээс энэ удаа мөн л Дэд сайд төрж магадгүй байна. Учир нь дэд сайдын сэнтийд НАМЗХ-ны дэд ерөнхийлөгч, “UFC” группын томоохон хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал Н.Цэрэнбат өрсөлдөж байгаа гэнэ. МАН-ын Бага хурлын гишүүн тэрбээр намынхаа удирдлагуудын итгэлийг хүлээж, ийнхүү илгээлт авсан сураг дуулдаж байна.

 

Э.Гүнтөмөр

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.