Мьянмарт жагсагчдыг цэргийн машинаар дайрч, гал нээжээ

Twitter Print
2021 оны 12-р сар 06-нд 11:00 цагт
Мэдээний зураг,

Мьянмарын Янгон хотод цэргийн машин эсэргүүцлийн жагсаалд оролцож буй иргэдийг дайрсаны улмаас 3 хүн бэртэл гэмтэл авчээ.

Гэрчүүдийн орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд мэдээлснээр цэргүүд жагсаалд оролцож байсан иргэд рүү гал нээж, заримыг нь зодож цохиж байсан гэнэ.

Өнгөрсөн 2-р сард Мьянмарт болсон цэргийн эргэлтээс хойш иргэдийн эсэргүүцлийн жагсаалын үеэр 1200 гаруй хүн амиа алдаж, хэдэн мянган хүнийг баривчилжээ. Ням гарагт болсон жагсаалын үеэр цэргүүд 11 хүнийг баривчилжээ. Цэргийн албан хаагчдын зүгээс жагсаагчдыг санаатайгаар машинаар дайрсан эсэх асуултанд тодорхой хариулт өгөөгүй ба цэргүүд жагсагчдыг тарааж чадсан гэдгийг онцолжээ.

Мьянмарын MPA мэдээллийн агентлагийн мэдээлж байгаагаар цэргүүдийн баривчилсан иргэдийн дотор тус агентлагийн 2 сурвалжлагч байгаа ба агентлаг тэдгээр сурвалжлагчидтайгаа холбогдож чадахгүй байгаа гэжээ.

Өмнөх жагсаалуудын үеэр цэргүүд жагсагчид руу гал нээж байсантай холбоотойгоор жагсаал цуглаанаа цөөн тооны хүмүүстэй хийдэг болжээ.

НҮБ Мьянмарйн зэвсэгт хүчний жагсаалд оролцож буй иргэдийн эсрэг авч буй арга хэмжээнүүдийг хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэгтэй адилтгаж байгаа ба Мьянмарын эрх баригчид НҮБ-ын шинжээч төлөөлөгчдыг эх орондоо нэвтрүүлэхээс удаа дараа татгалзаад байгаа аж.

Цэргийн удирдлагууд 2-р сард төрийн эргэлт хийсэн явдлаа өнгөрсөн жилийн парламентын сонгууль булхайтай явагдсан гэсэн үндэслэлээр зөвтгөж байгаа юм.

Өнгөрсөн жил болсон Мьянмарын парламентын сонгуульд Аун Сан Су Чигийн нам үнэмлэхүй ялалт байгуулсан аж. Сонгууль чөлөөтэй бөгөөд шударга явагдсан хэмээн олон улсын ажиглагчид үзэж байгаа ба төрийн эрхэнд гарсан цэргийн удирдлагууд Аун Сан Су Чийг баривчилсан явдлыг улс төрийн зорилготой хэмээн онцолж байна.

Төрийн эргэлтийг эсэргүүцсэн иргэдийн жагсаал цуглааныг удирдаж, зохион байгуулж байсан идэвхтнүүдийн зарим нь баригдаж, зарим нь эрх баригчдаас нуугдаж байна.

Түүнээс гадна төрийн эргэлт хийсэн зэвсэгт хүчний албан тушаалтнуудыг онилсон олон тооны дэлбэрэлт, халдлагууд зохион байгуулагдаж байгааг БиБиСи онцолж байна.

Мьянмарын зэвсэгт хүчний зүгээс эсэргүүцэл үзүүлж буй зэвсэглэсэн босогчдын байршиж буй газрууд дах байшингуудыг шатааж, хэдэн арван мянган иргэд Энэтхэг-Мьянмарын хилийн зурвас дээрх ой руу дүрвээд байна.

Эх сурвалж: BBC

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.